Хэнтий аймагт тусгаарлагдсан иргэн нь Хавиргын боомтоор орж ирээгүй гэдгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн төвөөс мэдэгдлээ.
Дорнод аймгаас хөдөлсөн автобусны 24 зорчигчдыг Хэнтий аймагт тусгаарласан талаар өнөөдөр /2020.3.20/ ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн уг мэдээлэлд тус автобусанд Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн, Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн нэг зорчигч байсан тул зорчигчдыг ойрын хавьтал гэж үзэн тусгаарласан талаар мэдэгдсэн. Харин Дорнод аймгийн Эрүүл мэндийн төвөөс мэдээлэл хийж, тус иргэнийг Хавиргын боомтоор орж ирээгүй, “Хавиргын боомт нь нэгдүгээр сарын 30-нд хаагдсан” гэдгийг мэдэгдлээ. Мөн “Тус иргэн нь Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, хилийн цэрэгт гэрээт хилчнээр ажилладаг, хилээр гарч ороогүй, сэжигтэй тохиолдолтой ойрын хавьтал болоогүй бөгөөд гуравдугаар сарын 6-нд ажлаасаа бууж, хот орохоор явж байх замдаа халуурснаар Хэнтий аймагт тусгаарлалтад орсон” гэлээ.
Тус иргэний шинжилгээний хариу маргааш /2020.3.21/ гарна.