Хүүхдүүдийн дунд хавсарсан ханиадны өвчлөл нэмэгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхдүүдийн дунд хавсарсан ханиадны өвчлөл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдийн дунд хавсарсан ханиадны өвчлөл нэмэгджээ

Хүйтний улирал эхэлж, хүүхдүүдийн дунд суулгалт хавсарсан ханиадны өвчлөл эрс нэмэгдэх болжээ. Хэрэв хүүхэд тань энэ төрлийн ханиадыг хүрсэн бол өндөр халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч байгааг эмч нар сануулаад энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна. Дээрх төрлийн шинж тэмдэг нь зарим тохиолдолд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний оноштой адилхан байна учраас эмч нар буруу оношлох тохиолдол бүртгэгджээ. Хэд хоногийн өмнө нийслэлийн зарим сургуулийн хүүхдүүд хоолны хордлого болсон гэсэн мэдээлэл түгсэн ч энэ нь суулгалт хавсарсан ханиад байх магадлал өндөр байгаа юм байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр суулгалттай хавсарсан ханиад бохир гараар дамжин халдварладаг. Иймээс бага насны хүүхдийн гарын ариун цэврийг сахих, дулаан хувцаслах, жимсний шүүс, аарц гэх мэт амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, нар салхинд гаргахыг зөвлөлөө.

Суулгалт хавсарсан ханиаднаас гадна хүүхдийн тууралт, суулгалт, шарлалттай халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа. Мөн эцэг, эхчүүд ханиад хүрсэн хүүхдэдээ өөрсдөө дур мэдэн эм, тариа хэрэглэж болохгүй. Эцэг эхчүүдийн дунд гардаг нийтлэг алдаа нь өнгөрсөн жил ханиад хүрэхэд энэ эмээр эмчилж байсан гээд дураараа эм тариа хэрэглэдэг байна. Харин жил болгоны ханиад, томууны үүсгэгдэж байгаа вирус өөр. Тиймээс түүнийг дарангуйлах эм хүртэл өөр байдаг гэдгийг эмч нар тайлбарласан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Сурагчийн ээж 2015-11-16 59.153.115.25

"Хэд хоногийн өмнө нийслэлийн зарим сургуулийн хүүхдүүд хоолны хордлого болсон гэсэн мэдээлэл түгсэн ч энэ нь суулгалт хавсарсан ханиад байх магадлал өндөр байгаа юм байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлснээр суулгалттай хавсарсан ханиад бохир гараар дамжин халдварладаг." Үүнийг тэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын албаны дарга Цэнд-Аюуш гэгч нөхөр сайн уншаасай. Зүгээр ажиллаж байсан сургуулийн үйл ажиллагааг доголдуулж сургалтыг нь зогсоож өчнөөн хүүхдийг хохироолоо шүү дээ. Ажлаа мэддэггүй энэ хүмүүстээ зохих арга хэмжээ аваарай гэж хотын дарга Бат-Үүлд уламжлая.