Санал асуулга явуулах өдөр хойшлогдохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

Санал асуулга явуулах өдөр хойшлогдохоор болжээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 26-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг мөн өргөн бариад байгаа юм. Тогтоол батлагдсанаас хойш 14 хоногийн дараа бүх нийтийн санал асуулгыг явуулах ёстой. Гэтэл УИХ-аар бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцээгүй байгаа билээ. Тиймээс энэ арваннэгдүгээр сарын 26 буюу анхдугаар Үндсэн хуулийг баталсан өдөр бүх нийтийн санал асуулга явуулна гэсэн ажлын хэсгийнхний төлөвлөгөө өөрчлөгдөж байгаа бололтой.   

Учир нь энэ долоо хоногоос бүлэг, байнгын хороогоор бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар эл төслийг хэлэлцэх юм. Хэдийгээр энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нэгдүгээрт байгаа ч ажлын хэсгийн товлосон хугацаанд  бүх нийтийн санал асуулгыг явуулж амжихгүй гэдгийг Н.Батбаяр гишүүн хэллээ. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг та бүхэн УИХ-д өргөн барьсан. Гэхдээ хугацаа өөрчлөгдсөн гэсэн мэдээлэл байна.

-Тогтоол батлагдсанаас хойш 14 хоногийн дараа бүх нийтийн санал асуулгыг явуулах юм. Гэтэл УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй байгаа болохоор хугацаанд өөрчлөлт орох нь тодорхой болсон.

-Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд явуулна гэсэн мэдээлэл байна. Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн юм уу?

-Яг ч арванхоёрдугаар сарын 6 гэж тогтоочихоогүй байна. Тогтоол хэзээ батлагдана, тэр өдрөөс хойш 14 хоногийн дараа бүх нийтийн санал асуулга явуулах юм.

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж