“43 аж ахуй нэгжид 29 сая төгрөгийн торгууль ногдуулсан”

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

“43 аж ахуй нэгжид 29 сая төгрөгийн торгууль ногдуулсан”

“43 аж ахуй нэгжид 29 сая төгрөгийн торгууль ногдуулсан”

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.03.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Түр зогсоох захирамж зөрчсөн 43 аж ахуй нэгж, байгууллага, иргэнд 29 сая төгрөгийн торгууль тавьж, зургаан газрын тусгай зөвшөөрөл цуцлуулах саналыг хүргүүлжээ.

Энэ үеэр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦэндАюуш “Нийслэлийн Засаг даргын А/223 тоот захирамжийн хүрээнд хамтарсан хяналт шалгалтаар 3300 аж ахуй нэгж, байгууллагад үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох мэдэгдлийг хүргэсэн. Энэ ажлаар дэн буудал 388, цанын бааз нэг, саун бассейн 92, амралт жуулчны бааз 116, бүх төрлийн бар 794, бялдаржуулах төв, спорт заал 138, сүм хийд 325, биллъярд 57 үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох арга хэмжээг авсан.

Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй газруудад шөнийн цагаар хяналт тавьж ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний газрууд оройн 22.00 цаг хүртэл ресторан, кафе, цайны газрууд ажиллана. Хяналт шалгалтын явцад бар 524, ресторан 368, кафе 115, хүнсний дэлгүүр 407, дэн буудал, цахим тоглоомын газар 161 гээд нийтдээ 1575 аж ахуй нэгжүүдэд байнгын шалгалтыг хийж байна” гэв.

Уг хяналт шалгалтын явцад энэ хугацаанд үйл ажиллагаа явуулсан зөрчилтэй 11 аж ахуй нэгж иргэнд 12,5 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн “Жи ар ди реалти”, “Ирмүүн энх”, “Бат ангараг”, “Эс өү эр ди ви”, “Лаки март” компаниудын баар, ресторанууд, Баянзүрх дүүргийн “Том хами март” компанийн хүнсний дэлгүүр гэсэн зургаан аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн гэдгийг улсын байцаагч танилцуулсан юм.

Цагийн хуваарь зөрчиж ажилласан "Амуу" кафе, “Гипт рояал” компанийн ресторан цаг хэтрүүлэн ажилласан. Мөн Сүхбаатар дүүргийн Мика зочид буудлын нэгдүгээр давхарт “Кенара” компанийн “Алваро” ресторан согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй, 22.00 цагаас хойш цаг хэтрүүлэн ажиллаж байсан тул Зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа гэнэ.

“ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 32 ГАЗАР ЗАХИРАМЖ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ЗОГСООСОН”

Харин иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар авч хэрэгжүүлж буй захирамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар тус газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Т.Балжидням танилцууллаа. “Уг шалгалтаар хүнсний худалдаа буюу эмийн сан, ахуйн хэрэглээнээс бусад бүх төрлийн худалдааг түр зогсоох, халуун уснаас бусад ахуй үйлчилгээг түр зогсоох, дугуй засвараас бусад авто засварын үйлчилгээг зогсоох, смарт карт цэнэглэгчээс бусад ТҮЦ-ийн худалдааг түр зогсоох дөрвөн ажлын хүрээнд нийтдээ 350 гаруй улсын байцаагч хяналт тавьж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд есөн дүүргийн хэмжээнд 4759 объект судалгаагаар нэгтгэж, 4636 аж ахуй нэгж, иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Түр хугацаагаар зогсоосон худалдаа үйлчилгээний 4759 газраас 32 зөрчил илэрсэн. Захирамж зөрчсөн газруудаас тодруудбал, авто засвар, сэлбэг, тос маслын худалдаа эрхэлдэг найм, түргэн үйлчилгээний цэг 11,  үсчин гоо сайханы газар хоёр, “Хархорин”, “Номин тав трейд”-ийн гар утас, цахилгаан бараа, ээмэг  бөгж зардаг түрээслэгчид тав, барилгын материалын худалдаа хоёр, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа нэг, малын тэжээл зардаг хоёр, ил задгай худалдаа эрхэлдэг нэг газар байсан” гэлээ.

“ИРГЭД 57 ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГ ҮНЭГҮЙ АШИГЛАНА”

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааны төв, хүнсний зах, ахуй үйлчилгээний болон эрсдэл бүхий цэг, банкны бэлэн мөнгөний машин /АТМ/,  төрийн үйлчилгээний цахим машин зэрэг /ТҮЦ машин/ нийт 20 мянга 441 газар, цэгүүдийн 2180928 мкв талбайд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгүүлж, хяналт тавьжээ.

Хог хаягдлаар орчноо бохирдуулж, 50 метр хүртэлх газрын цас, мөсийг цэвэрлээгүй, хог хаягдлаа зориулалтын бус газар хаясан, хогийн сав, цэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй 51 аж ахуй нэгж, иргэнд 13 сая 230 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж зөрчлийг арилгуулсан.

Мөн 57 зах, худалдааны төвүүдийн  төлбөртэй үйлчилж байсан ариун цэврийн өрөөг иргэдэд  үнэ төлбөргүй болгож, цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт хийлгэж хяналт тавьж ажиллаж байна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж