ЭМЯ:1804 иргэн ажиглалтад байна | News.MN

ЭМЯ:1804 иргэн ажиглалтад байна

ЭМЯ:1804 иргэн ажиглалтад байна

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Thursday, March 19, 2020

Эрүүл мэндийн яам коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан цаг үеийн ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.3.20/хийлээ. Covid-19-ийн халдвараар өвчилсөн таван иргэний биеийн байдал тогтвортой, нэгийнх нь бие хүндэвтэр байгаа ажээ.


ТУСГАЙ ОНГОЦООР 983 ЗОРЧИГЧ ИРСЭН

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

-Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна. Тусгаарлах байруудыг өргөжүүлж байна. ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул бэлтгэлийг хангаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт тусгаарлах байрын бэлэн байдлыг хангаж байна. Мөн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээний 10 орыг нэмсэн. Улсын төсвөөр ХӨСҮТ-д нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын бэлтгэлийг хангаад явж байна. Эмнэлгийн машинуудыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрвээ ачаалал ихэсвэл бид тусламж үйлчилгээг үзүүлэх газрууд болон бүх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна.

ЗӨВХӨН АЗИ БИШ ЕВРОПООС ЗӨӨВӨРЛӨГДӨН ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 173 оронд өвчлөл бүртгэгдлээ. Шинээр таван оронд өвчлөл бүртгэгдсэн байна. БНСУ, Иран, Итали, АНУ, Герман, Францад өвчлөл эрчтэй тархаж байна. Өвчлөл бүртгэгдсэн эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн уг халдвараар өвчилсөн байна. Европоос Азид өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл бий болж байна. Үүнийг Азид өвчлөлийн хоёр дахь давалгаа бий болох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс хамгаалах үйл ажиллагааг сулруулж болохгүй. Өвчлөл бүх тивийг хамарч байгаа тул зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Монголын хувьд гурван сар Азийн орнуудаас хамгаалах тактик баримталсан бол цаашид Азиас гадна Европ тивээс хамгаалах шаардлага тулгарч байна.

 ЦОГЦОС ЧАНДАРЛАХ ГАЗАР НЬ АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ БАЙНА

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-Европын орнуудад  халдварын шинэ тохиолдол өдөрт 1000 аар бүртгэгдсэн хэвээр байна. Италид 24 цагийн дотор 427 хүн нас барж, 3400 гарсан нь БНХАУ-аас давлаа. Мөн морг болон цогцос чандарлах газар нь ачааллаа дийлэхгүй болсон. Өчигдрөөс эхлэн  Африкийн улсууд хилээ хааж эхэлсэн байна. Африкийн таван улсад бүртгэгдсэн бол 34 улсад халдвар гараад байна. Дээрх улсад нийт халдварын тоо  650-д хүрсэн байна. Энэ тивийн 1.3 тэрбум иргэнд халдвар тархах эрсдэлтэй байгаа. Аргентин болон Израйлд хатуу хорио тогтоож, иргэдийг  хоол хүнс авахаар л гэрээс гарахыг зөвшөөрч байгаа. АНУ-д 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. НҮБ-ийн мэдээллээр 3.19-ний байдлаар 107 орон сургууль, цэцэрлэгээ хаасан.

ХАВИРГЫН БООМТООР ИРСЭН ИРГЭНЭЭС ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Берлины нислэгээр гуравдугаар сарын 17-нд ирсэн, онош нь батлагдсан иргэний хавьтал болох 75 хүний шинжилгээний хариунд вирус илрээгүй. Одоо 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Истанбулын онгоцоор ирсэн хүмүүсийн 24-өөс вирус нь илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдийг дэс дараатай шинжилгээнд хамруулна. Сэлэнгэ аймагт гуравдугаар сарын 18-нд тусгаарлагдсан гурван иргэнээс вирус илрээгүй, мөн сарын 19-нд Хэнтий аймагт нэг хүн тусгаарлагдсан. Тандалт, судалгаа хийж байгаа, сорьц ирж байна. Тус иргэний ойрын хавьтал болох автобусанд байсан 24 хүнийг тусгаарласан. Энэ иргэн Дорнодын Хавиргын боомтоор ирсэн, шинж тэмдэг илэрсэн тул тусгаарлалтад авсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 197 хүн тусгаарлагдан ажиглалтад байна. Халдвар авсан нь тогтоогдсон зургаан иргэний нэгийнх нь биеийн байдал хүнд, тавынх нь биеийн байдал дунд буюу тогтвортой байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж