"Аялал жуулчлалын орлого 28 хувиар буурсан"

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

"Аялал жуулчлалын орлого 28 хувиар буурсан"

Монголд ирсэн гадаадын жуулчдын тоо 32 мянга 961 байсан нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас аялал жуулчлалын салбарын нөхцөл байдлын талаар тодрууллаа.


Шинэ коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж, цар тахал болсныг ДЭМБ-аас зарласан. Дэлхий дахинаа тархсан энэ үед эдийн засаг төдийгүй аялал жуулчлалын салбарт сөрөг үр дагаврууд гарч байна. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээллээс дүгнэлт хийхэд 2020 оны эхний хоёр сарын байдлаар Монголд ирсэн гадаадын жуулчдын тоо 32 мянга 961 байсан нь өмнөх оны мөн үеэс 21 хувиар буурсан. Тэр дундаа БНСУ, Япон, АНУ, Турк, Герман, Австралийн жуулчдын тоо 57 хүртэлх хувийн бууралттай байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олон улсын нислэгүүдийг зогсоож, гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хязгаарласан. Мөн бусад улс орнууд хилээ хааж, иргэдээ гадаадад зорчихыг хязгаарлаж байгаагаас шалтгаалан цаашид ч жуулчдын тоо буурах нөхцөл байдал үүсээд байна.

Хилийн боомт, олон улс болон орон нутгийн нислэг, төмөр замаа түр хязгаарласнаар ашиг орлогын хувьд хэдэн хувиар буурч байна вэ?

-Дэлхий дахинд COVID-19-ын тархалтад хамгийн их өртөж буй салбар нь аялал жуулчлалын салбар болоод байна. Гурван сарын байдлаар дэлхийн аялал жуулчлалын салбар 30-50 гаруй тэрбум ам.долларын алдагдалд орсон. Хамгийн их алдагдлыг Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хүлээж байгаа тухай НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас мэдэгдлээ.

Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхайн бус экспортыг бүрдүүлэгч гол салбарын нэг юм. Өнгөрөгч 2019 онд тус салбараас дотоодын эдийн засагт 607 гаруй сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийн орлогыг бүрдүүлсэн байдаг. Харин 2020 оны эхний хоёр сарын байдлаар гарсан статистик мэдээллээс үзэхэд салбарын орлого өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 11.7 сая ам доллараар буюу 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зочид буудлууд, жуулчны баазуудын үйл ажиллагаа, мөн гадагшаа иргэд зорчих, гадаадын иргэд хүлээж авахыг хориглосон шийдвэрүүд нь аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлж байгаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс манай салбарын аж ахуй нэгжүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг нягт мөрдөж ажиллаж байгаа нь харагдаж байна.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дотооддоо зохион байгуулдаг хэчнээн арга хэмжээ цуцлагдав. Хэчнээн жуулчин Монголд ирэх хүсэлтэй ирүүлээд байсан бол?

-Засгийн газраас сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдын улирлыг уртасгах зорилгоор өвлийн улиралд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг цар хүрээг нэмэгдүүлэх бодлого барьж ажилладаг.

 COVID-19-ын тархалт гарсантай холбогдуулан Хөвсгөл аймагт зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр, Өмнөговь аймагт зохион байгуулдаг Тэмээний баяр, Улаанбаатар хотод зохион байгуулдаг “Мөнгөн өвөл”, "Бүргэдийн баяр" болон Баянхонгор, Ховд, Архангай зэрэг аймгуудад зохион байгуулахаар төлөвлөсөн эвентүүд цуцлагдсан. Тус бүртээ 500-гаас 20 гаруй мянган хүн хамрагддаг  байсан.

Цаашид хорио сунгагдвал дөрөв болон тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүд цуцлагдана. Мөн салбарын хэмжээнд 15 мянга гаруй иргэнийг хамруулан зохион байгуулагддаг сургалтууд хойшлогдох зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

Зургаан аймгийн онгоцны буудлыг олон улсын статустай болгохоор ажиллаж байгаа гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний 333 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ын 4.2.1-т “Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Ховд аймгуудын нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх буудал болгон хөгжүүлж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж бүсийн зангилаа буудлуудыг барьж байгуулах” гэж тусгасан.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд нийтдээ 560 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү хөрөнгө оруулалтыг татахаар олон улсын хөрөнгө оруулагч байгууллагууд, донор байгууллагуудад санал хүргүүлээд байна. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Камбож улсад албан айлчлал хийх үедээ тус улсын “Олон улсын гурван нисэх буудал”-ыг концессоор Францын хөрөнгө оруулагч “Винси” компани байгуулж, менежментийг нь хариуцуулж буй туршлагатай танилцсан.

Тус компанийн хувьд дэлхийн 46 олон улсын нисэх буудлын менежментийг хариуцдаг хөрөнгө оруулалтын туршлагатай групп. Бидний зүгээс Монгол Улсын зургаан бүсийн нисэх буудлын төслийг танилцуулсан. Гэхдээ одоо үүсээд буй нөхцөл байдал мөн хөрөнгө оруулагчдыг ажиглалтын байдалд шилжүүлэх хөшүүрэг болоод байна.

 Жуулчдын бараг 20 орчим хувь нь зөвхөн долдугаар сард Үндэсний их баяр наадам үзэх гэж ирдэг ч ихэнх жуулчид сэтгэл дундуур буцдаг. Энэ жил Үндэсний их баяр наадмаар хэчнээн жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа бол?

-Жил бүрийн долоо, наймдугаар сар бол манай аялал жуулчлалын салбарын хамгийн оргил сарууд байдаг. Ялангуяа манай үндэсний баяр наадам дэлхий нийтэд танигдсан гол арга хэмжээ тул гадаадын олон жуулчид наадмыг үзэх хүсэлтэй байдаг. Зөвхөн долдугаар сард ирж буй жуулчдын тоо 100 мянга гаруй байдаг. Үүнээс 10 мянга орчим гадаадын жуулчин наадмын нээлтийг хүсэх хүсэлтээ илэрхийлдэг. Харамсалтай нь энэхүү эрэлтийн 20 хувийг л манай төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын бололцоо хангаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд манай яамнаас өнгөрсөн жилээс эхлэн “Наадам найт” арга хэмжээг долдугаар сарын 11-ний орой Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулсан.

Тус арга хэмжээ нь Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийг англи хэл дээр бүрэн толилуулж, мөн үндэсний сур харваа, бөх, шагайн харваа, хоол ундны үйлчилгээг нэг дор цогцлоосон тул жуулчдын таашаалд ихэд нийцсэн. Энэ жилээс уламжлал болгон зохион байгуулна. Гэхдээ зөвхөн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрөөс гадна аймгуудын баяр наадмууд, бүр сумдын наадмуудад жуулчид маань аяллаа төлөвлөж оролцдог туршлага сүүлийн жилүүдэд ихээр нэмэгдэж байгаа.

Жуулчдын сэтгэл ханамжийн талаар Монголбанктай хамтран хоёр жил тутам жуулчдын орлого, зарлага, сэтгэл ханамжийг тооцоолох судалгааг тогтмол хийж байна. Өнгөрсөн 2019 оны судалгааны үр дүнгээс харахад Монголд аялсан жуулчдаас 94 хувь нь аялалдаа сэтгэл ханамжтай байгаа үр дүн гарсан.

2020 оны хувьд Засгийн газраас жуулчдын тоог 40 гаруй хувьд нэмэгдүүлэх зорилтыг тавьж байсан хэдий ч давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдлаас шалтгаалан бид эрсдлийг даван туулах стратеги рүү шилжих шаардлагатай боллоо.

Монгол Улсын хувьд ч олон улсын агаарын тээвэр, үйлчилгээний салбарын эдийн засгийн сэргэлтэд дотоодын болон гадаадын аялал жуулчлалын урсгал чухал үүргийг гүйцэтгэнэ. Салбар яамнаас 2020 оны зуны улиралд дотоодын жуулчлалыг идэвхижүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж