Корона, Грета хоёр юугаараа нийтлэг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Корона, Грета хоёр юугаараа нийтлэг вэ?

Корона, Грета хоёр юугаараа нийтлэг вэ?

Тэд хоёулаа байгальд ээлтэй.

Онгоцнууд нисэхгүй, зам түгжрэхгүй болж. Улмаар тэнгэр цэлмэж, Венецийн гудамжинд дахин загас сэлдэг болжээ. Ийнхүү Covid-19 гуравхан сарын дотор Грета Тунбергийн зөвхөн мөрөөдөж л чадаж байсан бүхнийг хийчихлээ. Энэ бүхэн цаашид хэрхэх бол?

Зул сарын өмнөхөн Хятадын Хубэй мужид дэлгэрсэн шинэ коронавирус өдгөө 220 мянган хүний эрүүл мэнд, 9000 гаруй хүний амь насыг авч оджээ. Улс орнуудын Засгийн газрууд өвчний тархалтыг тогтоон барихын тулд хилээ хааж, олон хүн цуглахыг хориглож, зарим дэлгүүр, бизнесүүдийг хаав. Их Британийн судлаачдын үзэж буйгаар энэ бүхнээс үүдсэн хямрал 18 сар хүртэл үргэлжилж магадгүй юм.

Та Грета Тунбергийг санаж байна уу? Коронавирус бид бүгдийг хөнөөж орхих аюул заналхийлэхээс өмнө дэлхийн дулаарал л биднийг бүгдийг нь хөнөөх ярианы сэдэв байлаа. Харин Грета Тунберг сүүлийн хоёр жилийн турш зориг гарган дэлхийн удирдагчдыг “загнаж”, их сүйрлийн тухай бидэнд сануулдаг байв. Түүнийг дэмжигч дагагчид гудамжинд цугларч машин, мах, агаарын тээвэр, бидний хайртай тэжээвэр амьтдыг хүртэл эсэргүүцэн жагсаж байв. Тэд “цагаан хоолтон бол эсвэл үх!” хэмээн уриалж, дэлхийгээ аврахад 12-хон жил үлдлээ хэмээцгээж байсан юм.

Тэд тийнхүү тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч бас дэмжиж эхэлсэн. Гэтэл одоо Covid-19 өвчнөөс болж дэлхийн дулаарал "дараагийн асуудал" болжээ. Энэ нь ч зарим талаараа Грета болон түүний дэмжигчдэд ашигтай байж болох юм. Ямартай ч тэд сургуульд явахаа болилоо. Тэгээд ч зогсохгүй хүмүүс бүгд хөл хорионд орсноос хойш эх дэлхий маань өнгө ороод эхэллээ.

ВИРУС ГРЕТАГИЙН АЖЛЫГ ХИЙЛЭЭ

Коронавирус цар тахлын голомт болсон Ухань хотын гудамжууд хоосорч, үйлдвэрүүд удаан хугацаанд ажлаа зогсоосон. Үр дүнд нь агаарын бохирдол гайхмаар огцом буурчээ. Стэнфордын их сургуулийн судлаачдын хийсэн нэгэн судалгаанаас үзвэл тэрхүү цэвэршсэн агаар вирусийн хөнөөснөөс 20 дахин олон хүний амийг аврах тооцоо ч бий. Агаарын чанар хэчнээн сайжирсныг NASA- гаас авсан зургаас ч тодорхой харж болох аж.

Харин БНХАУ-ын бүх нутаг дэвсгэрт хоёрдугаар сард дээрх үйл явдал давтагдав.

Олон улсад дор хаяж 24 агаарын тээврийн компани үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ долоо хоногт Flightradar 24-ийн авсан зургаас харахад Европын тэнгэрт өмнөх оны мөн өдрийнхөөс 500-аар цөөн онгоц ниссэн харагдана. Мөн Flightradar-ынхан олон улсын ийнхүү хөл хорьж, хилээ хааж байгаа байдал цаашид ч үргэлжилнэ хэмээн үзэж байгаа гэнэ. Олон улсын агаарын тээвэр дэлхий дээрх нийт хүлэмжийн хийн хоёр хувийг дангаараа ялгаруулдаг гэж тооцдог. Хэрвээ агаарын тээвэр 50 хувиар багаслаа гэхэд л бүх л бүтэн Мехико хот тэр чигээрээ нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулахаа больсонтой тэнцэх нөлөөтэй гэсэн үг.

Газрын тосны хэрэглээ багассан. Сиэтл, Сан Франциско зэрэг хөл хөдөлгөөн ихтэй хотуудад хүртэл автомашины урсгал огцом багасч, зам хоосорсон. Мөн юу юунаас илүү Венецид хамгийн гайхалтай бүхэн тохиолдлоо. Хотод тогтоосон хатуу хөл хорионоос болж жуулчид ирэх байтугай нутгийн иргэд ч гэрээсээ гарахаа болив. Улмаар хэт их бохирдолтой байсан усан гудамжууд цэвэршиж, загас, дельфинүүд байшингуудын дундуур сэлдэг болсон байна.

Энэ бүхэн яг л Гретагийн хүсч мөрөөдөж байсан шиг өөрчлөлтийг дэлхийд авчирлаа. Автомашины хөдөлгөөн бага, агаарын тээвэргүй хорвоог тэр үргэлж ярьдаг байсан билээ. Энэ тухай амбицлаг залуусын, конгрессын 100 ч гишүүний дэмжсэн Мандах нар хөдөлгөөний "Шинэ ногоон гэрээ"-нд ч тусгасан байдаг. Тус гэрээ мөн бүх байгаль бохирдуулагч үйлдвэрүүдийг татан буулгахыг уриалаад зогсохгүй ард түмний юу идэх, хэрхэн байшингаа барих, яаж аялахыг Засгийн газраас заана хэмээдэг.

ЗУРШЛУУДАА АЛБАН ХҮЧЭЭР СОЛЬЖ БАЙНА

Улс орнууд хилээ хаасан тул хүмүүс хүссэн хүсээгүй аялахаа байж, эх орондоо ч гэсэн амьдралынхаа хэв маягийг зарим талаар өөрчлөхөөс өөр аргагүй болж байна. Гэртээ бүгж, хүнтэй харьцахгүй байх нь "шинэ энгийн байдал" болжээ.

Түүнээс гадна тахал гэдэг зүйл орчин үед ч бидний гэрийн босгон дээр отож байдгийг ард иргэд төдийгүй Засгийн газрууд ухаарч, хүмүүсийг гэртээ байхыг албадаж байна. Хорт хийн багтай, хамгаалалтын хувцастай харуулууд Ухань хотод хүмүүсийг хянаж, Италид хөл хориог зөрчсөн хүнд торгохоос эхлээд шоронд хорих хүртэл шийтгэл оноож байна. Мөн Испани, Франц зэрэг орнууд Засгийн газрын захирамжийг үл сахисан иргэдийг торгож, цагдаа нар алдартай газруудаас жуулчдыг хол байлгахаар ажиллаж эхэлсэн байна.

Гэтэл Ирландад зугаа цэнгэл хөөгчид өнгөрсөн долоо хоногт олны хичээл зүтгэлийг салхинд хийсгэж, дур мэдэн хаалга нээсэн цэнгээний газарт шөнөжин бүжиглэцгээсэн байна. Бас Францад танхай, дээрмийн хэрэг бүртгэгдэх нь ихэссэн байна. Энэ мэтээр өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулан удирдагчдынхаа зөвлөгөөг үл тоох хүмүүс ч олон байна.

Өдгөө байгаль болон нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүд Грета болон дэмжигчдийнх нь уриалж байсантай нийтлэг зүйл их байгаа нь ажиглагдаж байна. Грета өмнө нь онгоцоор нисэх нь хор хөнөөлтэй хэмээн хичнээн хэлээд ч хүмүүс албан хүчээр хоригдохоос нааш онгоцноос татгалзахгүй байсан билээ. Хүмүүс Засгийн газрын тушаал, өвчнөөс айх айдастаа баригдахаасаа өмнө хэзээ ч автомашинаар зорчихоо багасгаж, өөрсдийнхөө нөлөөг мэдсээр хэр нь өөрт амар, байгальд ээлгүй амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй байсан юм.

Гэсэн хэдий ч өвчний тархалтыг бүрэн хяналтандаа авсан цагт Засгийн газрууд эдийн засгаа буцаан хөл дээр нь босгохын тулд өмнөхөөсөө ч их ажиллах нь тодорхой. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эдийн засгаа нэг их наяд ам.доллараар дэмжихээ амласны дотор агаарын тээврийн салбарт 50 тэрбум ам.доллар зарцуулах гэх зэрэг төлөвлөгөө тусгагджээ.

Бүх зүйл эргээд хивэндээ ороход хүмүүс эргээд байгалиа устгаж эхлэх болно. Харин тэр үед Грета дахин гарч ирээд, одоогийн нөхцөл байдлаар хүмүүс байгальд хэрхэн эергээр нөлөөлж чадахыг батлагдсаныг сануулж, дэлхийгээ хайрлахыг дахин уриалах байх. Тэр үед хэрвээ удирдагчид маань дэлхийн дулаарлын эсрэг амлалтаа биелүүлээд эхэлбэл тавьсан шаардлагыг нь бид биелүүлэхээс өөр аргагүй гэдгийг санаарай.

“Сахилга бат ба шийтгэл” номд постмодернист онолч Мишель Фукаулт дундад зуунд хар тахлын үед иргэдийг нүд нь балай, чих нь дүлий байлган хөл хорьж, эсэргүүцсэнийг нь шийтгэх арга хэрэглэж байсныг онцолсон байна. Тэрбээр тахал бол “улстөрчдийн мөрөөдөл” хэмээн нэрлэсэн байна. Учир нь тахлын үед л Засгийн газар хүн нэг бүрийн амьдралыг хамгийн нарийн жижиг үйлдэл, хэсэг бүрээр нь захирах боломж олддог гэж тэр үзжээ.

Төрөөс албадсан аяллын хориг, хөл хорио нь цөхөрсөн үед авдаг ширүүхэн арга хэмжээ байж болзошгүй. Байгаль сүйтгэгчдээр ирээдүйгээ сүйтгүүлэхийг зөвшөөрч болохгүй. Мөн та одоогийн энэхүү бохирдол буурсан нөхцөл байдал нь “Дэлхий сөнөхөд 12 жил л үлдлээ” гэх сэдвийг замхруулах эсэхийг бодож үзээрэй.​

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж