Covid-19-ийн халдвар нь эрүүл мэнд, санхүүгээс эхлээд олон эрсдэл дагуулж байна. Улс орнууд дотоодын болон гадаадын хөл хориог тогтоосноор олон хүн орлогогүй, ажилгүй болж буй. Монгол Улс зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссоноор иргэд зээлээ төлж чадахгүйг хүрсэн. Тухайлбал, Монголд нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл авсан байдаг бөгөөд 67 хувь нь энэ үед зээлээ эргэн төлж чадахгүйд хүрчээ. Тиймээс хэрэглээний зээлийн хүү, эргэн төлөлтийг 90 хоног царцаахаар болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уржигдар /2020.3.18/ мэдэгдсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулсан юм.
- Зээлийн гэрээний хугацааг хоёр болон түүнээс дээш удаа сунгасан бол зээлдэгчийн зээлийн ангилал өөрчлөгдөж хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлд шилжиж “Зээлийн мэдээллийн сан”-д бүртгэгдэж байсан зохицуулалтыг 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түр хугацаанд зогсоох;
- Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөлт нь хугацаандаа төлөгдөж байгаа бол хэвийн зээлд тооцохоор байсныг 120 хоногоор хугацаа хэтэрсэн бол хэвийн зээлд тооцохоор, хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд 1-90 хүртэл хоног байсныг 121-180 хоног, чанаргүй зээлийн ангилалд 181 хоногоос дээш хугацаанд хугацаа хэтэрсэн тохиолдолд бүртгэж байхаар тус тус зохицуулалт хийжээ.
Гэхдээ зээлдэгчийн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөх үүрэг хэвээр байх бөгөөд зээлдэгчийн үйл ажиллагаанд хүндрэл гарсан бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоондоо хандан зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаж өөрийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны онцлогт тохирсон хэлбэрээр шийдвэрлүүлэх боломжтой.
ЗЭЭЛИЙН ХҮҮ, ТӨЛӨЛТИЙГ ХЭРХЭН ЦАРЦААХ ТАЛААР ЗААВАР ИРЭЭГҮЙ
Уг шийдвэр бодитоор хэрэгжиж байгаа эсэхийг сурвалжиллаа. Иргэдийг гадуур явахгүй байхыг зөвлөж буйтай холбоотойгоор банкаар үйлчлүүлж буй хүн тун цөөн байсан юм. Банкуудаар орох үед 90 хоног царцаагаад буй зээлийн талаар мэдээлэл авахаар, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулахаар нэг ч хүн ирсэнгүй. Харин банкны ажилтнаас тус мэдэгдлийн талаар лавлахад “Монголбанкнаас өчигдөр тэр талаар мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дагуу иргэд ирж уулзаж, “гэрээгээ шинэчлэх ёстой юу, Юу бүрдүүлэх вэ” гэж асууж байна. Бидэнд энэ шийдвэрийн дагуу зээлийг царцаахын тулд ямар материал бүрдүүлж, яаж ажиллах талаар заавар, зөвлөмж одоогоор ирээгүй байна. Зээлийг царцаах асуудлыг хэрхэн яаж зохицуулах талаар шийдвэр гарсны дараа харилцагчдад дэлгэрэнгүй мэдээлэх болно” гэх тайлбарыг өгсөн юм.
Цаг үеэ олсон гэж хэлж болохуйц уг шийдвэр олон иргэний ачааг бага ч гэсэн хөнгөлөхөөр байна. Зээлийг царцаах энэ удаагийн шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН НЬ УХААЛАГДУУ ҮЙЛДЭЛ БАЙЛАА
-Коронавирусийн халдвартай холбоотойгоор ихэнх аж ахуй нэгж, байгууллагуудын ажил зогсчихсон, олон ажилчид, иргэд орлогогүй болчихсон байна. Миний хувьд хувиараа бизнес эрхэлдэг, цөөнгүй ажилтантай. Ажил зогсчихсон болохоор ажилчдынхаа цалинг яагаад ч тавьж чадахгүй байлаа. Цалингүй байгаа ажилчид маань цалингийн зээлээ яаж төлөх вэ дээ. Би ч мөн адил зээлтэй. Монголын ихэнх иргэд бидэнтэй адил зээлтэй байдаг. Нийгэм, эрүүл мэнд, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед зээлийг зогсоох зайлшгүй шаардлагатай байсан. Ийм шийдвэр гаргасан нь ухаалагдуу үйлдэл байлаа.
Ухаалагдуу гэж байгаагийн шалтгаан нь гаднын зарим орон Covid-19-ийн халдвартай холбоотойгоор зээлийн хүүг нь тэглэж байгаа юм билээ. Энэ нь иргэдийнхээ амьдралыг мэддэг шийдвэр гаргагчдын хийж буй маш ухаалаг шийдвэр. Манайх ч мөн адил ийм шийдвэр гаргаж болох л байсан. Гэтэл Монголын арилжааны банкуудын зээлийн хүү бусад орныхоос хэд дахин өндөр шүү дээ. Тийм юм чинь нэг удаа зээлийг биш ч зээлийн хүүг халдвар намдтал тэглэчихмээр л байгаа юм даа. Ард түмнийгээ бодох цагтаа бодох л хэрэгтэй.
ӨВЧИН НАМДТАЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТЭГЛЭЧИХГҮЙ ДЭЭ
-Зээлийн хүү болон төлөлтийг гурван сараар хойшлуулж байгаа талаар өчигдөр зурагтын мэдээгээр сонссон. Нэг ёсондоо зээл төлөх хугацаа нь улам нэмэгдэж байна гэж ойлгосон. Энэ мэдээг сонсоод зээлийн хүүг нь тэглэчихгүй дээ л гэж бодож байлаа. Миний хувьд зээлгүй. Гэхдээ миний хүрээлэлд байгаа хүмүүсийн ихэнх нь зээлтэй. Иргэд зээлийн хүүнд дарлагдаж, сар бүр өндөр хүү төлж байна. Халдварт өвчин хүрчихгүй юмсан гэсэн айдас түгшүүртэй байгаа энэ үед өвчнийг намдах хүртэл зээлийн хүүг тэглэчихмээр л байгаа юм даа. Бас цаашид зээлийн хүүг бууруулмаар байна. Зээлийн хүүг гурван хувь болгох боломжтой шүү дээ. Монголын банкууд хэтэрхий дураараа байна.
БАНК БУСААС ЗЭЭЛЭЭ ГҮЙЦЭД ТӨЛӨӨРЭЙ ГЭСЭН
-Энэ талаарх мэдээлэл дэндүү ойлгомжгүй байна. Миний зээл авсан банк бус санхүүгийн байгууллагаас өнөөдөр /2020.3.19/ залгаад “Зээлээ гүйцэд төлөөрэй, таны зээл дутуу төлөгдсөн байна” гэсэн. “Энэ сарын зээлээ бүрэн төлчихсөн” гэтэл "дахин шалгаад хариу өгье" гэж байна. Цалингийн зээлтэй болохоор цалин оронгуут банк татаад авчихдаг. Тиймээс банк бусаас мөнгө зээлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Давхар давхар зээлтэй, дээр нь халдварт өвчинтэй холбоотойгоор гадуур явж ажил амжуулж болохгүй байгаа энэ үед зээлийн хүү, төлөлтийг сунгаж байгаа нь зөв шийдвэр. Түр зуур амьсгаа аваад, хүүхдүүдийнхээ хоол ундны асуудлаа яаж зохицуулах талаар бодоход хүргэж байна.
ЗЭЭЛ АВСАН БАНК ДЭЭРЭЭ ОЧИЖ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АВНА
-Энэ мэдээг сонсоод маш их баярласан. Үйлчилгээний газарт ажилладаг болохоор нөхцөл байдалтай холбоотойгоор ажил маань зогсчихсон. Миний хувьд цалингийн зээлтэй ч ажил зогсчихсон болохоор зээлээ төлөх ямар ч боломжгүй байсан. Гэхдээ зээлийн төлөлт, хүүгээ түр хугацаанд яг яаж царцаах талаар мэдээлэлгүй байна. Өчигдөр энэ талаар мэдэгдэл хийхдээ маш ойлгомжгүй тайлбарлаж байсан. Өнөөдөртөө амжихгүй ч ойрын хугацаанд зээл авсан банк дээрээ очиж мэдээлэл авна гэж бодож байгаа.
Холбоотой мэдээ