БНХАУ-д энэ оны нэгдүгээр сарын 03-аас шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрч, өнөөг хүртэл дэлхийн 168 улс, бүс нутагт тус вирусийн халдвар илрээд байна. Манай улсын хувьд шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хагас өндөржүүлсэн байдлаар авч хэрэгжүүлж байна.
Ялангуяа өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс шуурхай ажиллаж, зохих шийдвэрүүдийг гаргасны үр дүнд өнөөдөр манай улсад өвчлөлийн тархалт дэлхийн улсуудтай харьцуулахад хамгийн бага буюу нийт зургаан тохиолдол илэрч, ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тус тохиолдлууд бүгд гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд дотооддоо нэг ч хүн халдвар аваагүйг олон улсад онцолж буй.
Онцгой нөхцөл байдалд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын хэн нь хэрхэн ажиллаж байгаа талаар тоймлон хүргэж байна.
ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН:
Тэрбээр УОК-ын даргын хувьд тун ачаалалтай ажиллаж буй. Өдөр болгон шахуу УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг авч хэрэгжүүлж байна. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд хөл хорио тогтоосон энэ үед салбарын сайд нарыг ажил үүргийг хуваарилах, хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй. Ялангуяа тэрбээр тусгаарлах иргэдийн байр савыг бэлдэх, мөн гадаад орнуудаас чартер нислэгээр иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:
Энэ Засгийн газрын ганц эмэгтэй сайд болох Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөгийн онцгой нөхцөлд хамгийн их ачаалалтай ажиллаж, салбарын хамт олныхоо хамтаар ачааны ихийг үүрч байна. Эрсдэлтэй энэ цаг үед эрүүл мэндийн манаандаа өдөр шөнөгүй зогсч байгаа Эрүүл мэндийн салбарынхан шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг маш сайн зохион байгуулж байгаа. Сайдын хувьд Д.Сарангэрэл салбартаа тулгарч буй эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн асуудлуудыг шийдүүлэхээс эхлээд салбарынхаа бодлогын цөмийг зангидаж байгаа. Коронавирусийн халдвар БНХАУ-д дэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг анх гаргаж улмаар өнөөг хүртэл хэрэгжиж байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргахад холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангаж мөн цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг иргэнийхээ хувиар тэрбээр гаргаж, энэ мэт урьдчилан сэргийлэх ажлуудыг эрт авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр дотооддоо коронавиусийн халдвар огт илрээгүй нь Д.Сарангэрэл сайдын шуурхай, эрт урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсны үр дүн мөнөөс мөн.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэдэд үнэн, зөв мэдээллийг хүргэх зорилгоор нэгдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өдөр бүрийн 11.00 цагаас ЭМЯ тогтмол мэдээлэл хийж, коронавирусийн нөхцөл байдлын талаар олон нийтэд мэдээлж байна. Мөн Эрүүл мэндийн яам иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг яамныхаа цахим хаяг болон иргэдийн гар утас руу өдөр бүр зөвлөгөө мессежийг илгээдэг. Үндсэндээ иргэдээ мэдээлэлээр хангах ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.
Д.Сарангэрэл сайд төрийн их ажлынхаа хажуугаар коронавирусийн оношилгоо, эмчилгээний талаарх туршлага солилцох цахим хурлуудыг зохион байгуулж буй. "Сайны хажуугаар саар" гэгчээр Д.Сарангэрэл сайд анх Эрүүл мэндийн салбарт очиход нь мэргэжлийн бус томилгоо гэж эсэргүүцэгчид олон байлаа. Гэхдээ тэр бусдын үгэнд мохохгүйгээр өмнөх ажилдаа чин сэтгэлээсээ, санаачлагатай хандаж байгааг олон хүн харж байна. Сүүлд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс гадаадаас иргэдээ татах ажлыг зохион байгуулж, дөрвөн удаагийн чартер нислэгээр 1000 гаруй иргэнээ эх орондоо авчирсан. Тэгэхэд мөн л Эрүүл мэндийн сайдыг шүүмжлэл дагасан. Харин тэрбээр үүний хариуд “Бид хүнээ хаядаггүй төрт улсын иргэд, бид дөрөв дахин хичээнэ” хэмээж, тэр одоо ч гэсэн өдөр шөнийг үл ажран ажиллаж байна.
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татах ажлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар амжилттай зохион байгууллаа.
Үндсэндээ манай улс иргэдээ тахлын голомтоос татаж авсан эхний таван орны нэг. Вирусийн голомт болох Ухань хотоос 31 монгол оюутныг эх орондоо татаж авах албан ёсны хүсэлтийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлж, манай хүсэлтийг богино хугацаанд шийдвэрлэсэн нь хоёр улсын гадаад харилцаа сайн байгааг илтгэнэ. Улмаар өнгөрөгч хоёрдугаар сарын 1-ны өдөр 31 оюутнаа эх орондоо МИАТ-ын тусгай үүргийн нислэгээр авчирсан.
Дэлхийн 168 улсад шинэ коронавирусийн халдвар тархсан тул ГХЯ дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байнгын холбоотой байхад онцгой анхаарч байна. Ялангуяа ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Итали болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй, БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн билээ.
Түүнчлэн өнгөрөгч Ням гаригаас эхлэн Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан иргэдээ татан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. Эхний ээлжид өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчирсан юм.
Цаашид дахин чартер нислэгээр иргэдээ татах эсэхийг УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ. Одоогоор яаралтай ирэх шаардлагатай хэчнээн иргэн аль, аль улсад байгааг судалж байгаа юм. Европын улс оронд амьдарч байгаа монгол иргэдийн хувьд хүндхэн нөхцөл байдалд байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тодотгосон. Хөл хорио тогтоож их сургуулийн дотуур байранд амьдарч байсан гадаад оюутнуудыг гаргах болсон байна. Тэднийг нутаг буц гэсэн шаардлагыг ч тавьж эхэлжээ. Монгол оюутнууд эх орондоо очих хүсэлт байнга ирүүлж байгаа аж.
ГХЯ Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалыг дээд түвшинд зохион байгуулсан. Тодруулбал Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг нарын бусад албаныхан дагалдан явсан. Цар тахлын дэгдэлтийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж мөн Монголын ард түмэн, аж ахуй нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан.
"Аяганы хариу өдөртөө" гэдгийн адил БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив өчигдөр /2020.3.19/ ГХ-ны сайд Д.Цогтбаатарт гардуулан өглөө.
САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:
Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлүүд бий болов. Хөл хориотой холбоотойгоор нүүрсний экспорт түр зогссон, ААН-үүдийн орлого хумигдаж, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ буурч тасарсан нь төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг эдийн засагчид хэлж байгаа ч Сангийн сайдын хувьд одоогоор төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбарыг хатуу илэрхийлсэн. Тодруулбал, агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлэхгүй гэж хариу өгсөн. Иргэд, ААН-үүдээ дэмжих чиглэлд Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Хүнсний болон үрийн улаан буудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталбал татварыг 2020 оны гуравдугаар сарын 01-нээс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр боллоо. Мөн төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулна. Гэхдээ энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв.
Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрөгч долоо хоногт төв банк, арилжааны банкуудын удирдлагууд, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд зориулж зээлийн эргэн төлөлтийн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүссэн. Энэ дагуу Монгол банк, Сангийн яам, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хамтран зээлийн ангилал, эргэн төлөлтийн хугацаанд 90-120 хүртэл хоногийн өөрчлөлт оруулсан.
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ:
Коронавирусний дэгдэлт, тархалттай холбоотой ихэнх улс орнууд цэцэрлэг, сургуулийг хөл хорионд оруулсан. Манай улсын улсын хувьд нэгдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн хөл хориг тогтоож, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Дахин сургууль, цэцэрлэгийн хөл хориг сунгах эсэхийг өнөөдөр /2020.3.20/ Улсын онцгой комиссын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв хөл хориог 14 хоног, нэг сар хүртэлх хугацаанд сунгавал доод тал нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийг зургадугаар сард товлосон хугацаанд нь амрааж чадахгүй болно. Хөл хориог хэд хоногоор сунгахаас хамаараад зургадугаар сарын 19-н хүртэл хичээллэх үү гэдгийг тодорхой болгоно гэдгийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир тодотгосон.
29 улс орон сургалтын хэлбэрийг онлайнаар зохион байгуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Мөн теле хичээлийн зохион байгуулалтаараа Монгол болон БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлж байгаа гэдгийг БСШУСЯ-наас тодотгосон. Энэ удаагийн теле хичээлийг 16 телевизийн уран бүтээлчид багш, дохионы хэлний багш, хэлмэрч орчуулагч болон БМДИ-ийн арга зүйчид, Боловсролын хүрээлэнгийн судлаачид зэрэг зөвлөх, чиглүүлэгчид хамтран бүтээж байна.
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор БСШУЯ-наас шийдвэр гаргасан нь төгсөх ангийн буюу арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан ЭЕШ-д бэлдэх СD гаргахаар болжээ. Улсын хэмжээнд төгсөх ангийн 28 мянга гаруй сурагч байна. Салбарын сайд “Төгсөх ангийн сурагчдад хүндрэл учруулахгүй, эрх ашгийг нь хохироохгүй байхад анхаарч ажиллана” гэдгээ илэрхийлсэн билээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Уг хуулийн төсөл олон нийтэд шүүмжлэл дагуулсан. Сайдын хэлснээр "Зээл тэглэнэ гэж буруу ойлгож байна. Зээл тэглэх асуудал байхгүй. Амьжиргааны түвшин доогуур, эцэг эх нь тэтгэврийн, өрх толгойлсон, өнчин өрөөсөн хэр нь сургалтын чанар сайтай төгссөн, төгсөөд 5-аас доошгүй жил эх орондоо ажиллаж дүрэм журмаа биелүүлсэн иргэдэд сангийн өөрийнх нь дүрэм журамд заасны дагуу УИХ-аар батлуулж дипломыг нь олгох саналаа өглөө. Тэдний зээлийн асуудал журмынхаа дагуу дуусгавар болж байна. Гадаадын сургуулийн зээл тэглэх, сургалтын зээлийг нэг удаа тэглэх, гишүүдийн хүүхдүүдийн өрийг тэглэх гэх мэт агуулга байхгүй болно” гэсэн юм.
АШУҮИС-ын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэв
АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Тус эмнэлгийн төслийг Монгол, Японы Засгийн газар хооронд 2014 онд гэрээ байгуулсны дүнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2019 онд хэрэгжүүлж, барилгын ажлыг гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР:
"Санаж явбал бүтнэ, сажил явбал хүрнэ" гэгчээр энэ жилийн Монголын нүүрсний экспортын зорилт 42 сая тонн. Жил бүрийн төсөөлөл 30 гаруй сая тонн хавьцаа байдаг. Монгол Улс 2020 онд төлөвлөсөн 42 сая тонн нүүрсээ экспортлох боломжгүй болж байна. Учир нь хөл хориотой холбоотойгоор нүүрсний экспорт түр зогсож үндсэндээ төсвийн орлого тасарсан. "Нүүрсний эрэлт нийлүүлэлт байгаа учраас зөв л нээчихвэл алдагдлаа нөхөөд явчихна гэж тооцож байгаа” гэдгийг Д.Сумъяабазар сайд хэлсэн. Гуравдугаар сарын 15-наас нүүрс болон газрын тосны тээвэрлэлтийг сэргээх бэлтгэх ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллав.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлтийг хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээ хүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна. Тээврийн хэрэгслийн компани болон жолооч нар өөрсдийн аюулгүй бэлэн байдлыг хангаж ажиллана. Түр журамд заасан шаардлагыг хангасан нэр бүхий компанийн жолооч нар, нарийн зохион байгуулалт дор, тодорхой квотоор тээвэрлэлт хийнэ.
Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой
ОХУ-аас 2020 оны эхний гурван сарын байдлаар нийлүүлсэн шатахууны хилийн үнийг аргачлалын дагуу тооцож үзэхэд шатахууны төрөл тус бүрээс литр тутамдаа 120 төгрөгөөр буулгах боломж хэдийн бүрджээ. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурч, Аи-92 автобензин 569 ам.доллар/тн, лизелийн түлш 566 ам.доллар/тн болоод байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН:
Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар 2001 оноос хойш шинэчлэгдээгүй эрчим хүчний холболтын журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр иргэн, ААН-үүд шинээр цахилгаан холбуулах хүсэлтээ цахимаар илгээдэг болж байгаа юм. Тодруулбал өнөөдрийг хүртэл цахилгаан холбуулах хүсэлтийг цаасаар өгч, өөрийн биеэр хүсэлт гаргахаас гадна эрчим хүчний хүчин чадлаас шалтгаалж сараас хоёр сарын хугацаанд хүлээгддэг байна. Тэгвэл журам өөрчлөлт оруулснаар 3-14 хоногийн хугацаанд холболт хийгдэхээс гадна холболт хийгдэх хугацаагаа хянадаг боллоо.
ЗАМ ТЭЭВРИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:
Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 12.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэв. Мөн төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал зогсоолоо. Монгол, Оросын автозамын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд, ОХУ-аас Монгол Улсад ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний 20.00 цагаас 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоосон.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 800 сая ам.доллараар "Тэнгэрийн тойрог" замыг барих тухай мэдээлсэн нь олон нийтээс багагүй шүүмжлэл сонсох болсон. Гэхдээ уг санал нь дэмжигдээгүй бөгөөд Засгийн газар тус төсөлтэй танилцаад өнгөрчээ. Хувийн хэвшил Үндэсний хөгжлийн газарт 800 сая ам.долларын өртөгтэй "Тэнгэрийн зам" төслийг өөрсдөө мөнгөө босгоод, барих тухай санаачлагаа салбарын сайдад танилцуулахдаа Засгийн газраар ямар нэгэн баталгаа гаргуулахгүй асуудлыг бас хөндсөн аж. Энэ төсөл нь Засгийн газар буюу ЗТХЯ-нд огт хамааралгүй, төсөвт ямарч холбоогүй төсөл болохыг салбарын яамнаас тодотгосон.
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН
Махны үнийг толгойгоороо хариуцсан Ч.Улаан сайдын хувьд хөл хориотой энэ үед иргэдийн хамаагүй худалдан авалт үнийн зохиомол хүндрэл үүсгэх эрсдэлтэйг сануулж буй. Ялангуяа хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, хэвийн ажиллана. Мөн импортоор авах болон орон нутгаас зайлшгүй хийгдэх хүнсний тээвэрлэлт ямар ч хориг саад гарахгүйг тэрбээр онцолж байна. Засгийн газар, ХХААХҮ-ийн яам 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байгаа аж. Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чаджээ. Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэйг салбарын сайдын хувьд анхааруулсаар байна.
Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана
Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцөлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа. Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт даалгав.
Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ. Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.
Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн –ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болох аж. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ