"Намайг ид асч явахад Монгол кино үйлдвэр дампуурсан" | News.MN

"Намайг ид асч явахад Монгол кино үйлдвэр дампуурсан"

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

"Намайг ид асч явахад Монгол кино үйлдвэр дампуурсан"

"Намайг ид асч явахад Монгол кино үйлдвэр дампуурсан"

“Шинэ халадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгээ солиорой” хэмээх 1987 онд бүтээсэн, найруулагч Н.Нямдаваагийн “Ховор хүмүүс” монголын уран сайхны киноны Дүүриймааг энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийнхаа зочноор урьж, ярилцлаа.

Үзэгчдийн сэтгэлд олон сайхан дүрээрээ хоногшин үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ярианы ур чадварын мастер багш Т.Карма 1978 оноос Монгол кино үйлдвэрт жүжигчнээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан түүхтэй.

Түүнийг "Амьдрал нулимсанд дургүй" кинонд жүжигчин Ирина Муравьёвагийн бүтээсэн Людмилагийн дүр, "Ийм нэгэн явдал" кинонд жүжигчин Лия Ахеджаковагийн бүтээсэн нарийн бичиг Верочкагийн гэх мэт олон сайхан дүрүүдийн дуу хоолойг бүтээснийг нь ард түмэн сайн мэдэх биз. Тэрбээр өдгөө зургаа дахь жилдээ ярианы ур чадварын сургалтын төвөө ажиллуулж байгаа аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


-Ярилцах урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Хэдийгээр дэлхий нийтэд аюулт өвчин дэгдэж байгаа ч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж сууна. “Өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг” гэдэг дээ. Тийм учраас ард түмэн маань өвчтэй зовлонтой хүмүүстээ хүнлэг хандаасай. Эх орноо гээд тэмцээд ирж байгаа хүмүүсээ хурдан эдгэрэхийг ерөөгөөрэй гэж хүсэх юм.

Ер нь би хэвлэлд ярилцлага өгөх дургүй хүн. Сүүлийн үед ч хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Хөл хорионы үеэр би зав чөлөөтэй байгаа учраас та бүхэнтэй ярилцахыг зөвшөөрлөө.

-Та анх их сургуулиа төгсөөд, Монгол кино үйлдвэрт дуу оруулагч жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн. Анх ямар кинонд дуу оруулж байсан тухайгаа ярихгүй юу?

-Би 1974 онд урлагийн замыг сонгож, 1975 оноос эхлэн Монгол кино үйлдвэртэй хувь заяагаа холбосон. Өөрөөр хэлбэл, 1975 оноос оюутан байхдаа тэнд кинонд дуу оруулагч жүжигчнээр ажилласан. Тухайн үед Н.Нямдаваа багш маань тайзны тулаан, хөдөлгөөний цагийн багшаар ажиллаж байсан юм. Тэгээд арван жилийн хүүхдүүдийн тухай орчуулгын кино хийх болоод, шавь нараасаа проб хийсэн. Тэр үед Монгол кино үйлдвэрт залуу охины дуу хоолой байхгүй байсан юм билээ. Тэр пробонд би шалгарч, гол дүрд нь дуу оруулахаар болсон юм. Харин бусад маань тэнцээгүй. Анх удаа пробонд орж байгаа хүүхдүүд айж, сандарсан ч байх.

Би ч гэсэн тэр үедээ сандарч л байсан. Нэг харанхуй өрөөнд ороод л “Анхаар мотор” гэж хэлэхээр их л сүртэй санагдаж байлаа. Би чинь төрөлхийн хүнээс айгаад байдаг хүн биш тэр маань ч нөлөөлөв үү, дуу хоолой нь ч таарсан юм байлгүй. Тэгж л анх удаа оюутан байхдаа наймдугаар ангийн охины дүрд дуу оруулсан.

Тэр цагаас хойш л манай Монгол кино үйлдвэрийнхэн надаас салахаа байсан. Юм л бол намайг дуудна. Заримдаа би хичээлдээ ч сууж чадахгүй. Тэр үеийн оюутнууд стипенд авна. Хажуугаар нь кинонд дуу оруулж, ажил хийсний хөлсөө авчихна. Бас тэр сайхан түшиг тулгууртай уран бүтээлчидтэй байх их дуртай. Тэгээд л байнга Монгол кино үйлдвэр рүү гүйсээр байгаад тэдний хүн болсон доо.

-Гэхдээ бүр урилгаар Монгол кино үйлдвэрт очсон гэсэн?

-Би Монгол кино үйлдвэрт нэр хүндтэй очсон. Хамт олон маань ч намайг их сайхан хүлээж авсан. Бараг л найр наадам хийсэн дээ. Надтай хамт манай ангийн Ч.Үржинбадам бас очсон юм. Тэгээд л хамт олон маань “Охидоо хүлээж авлаа” гээд л зугаалж, найрлаад л…Тэгж их сайхан хүлээж авсан хамт олондоо их баярладаг.

Миний аав шиг сайхан уран бүтээлч Ардын жүжигчин Н.Дагийранз, Д.Чимэд-Осор, Б.Дамчаа, Гавьяат жүжигчин Р.Дамдинбазар гуай маань байсан. Би бол өөрийнхөө тухай ярихаас илүүтэй хамт олноо л ярих дуртай. Би яахав хэдэн кинонд тоглоо л биз. Ард түмэн минь тэрийг минь үнэлж хүлээн авсан бол баярлаж байна. Хамгийн гол нь энэ сайхан хамт олныг түшиж, ахмад уран бүтээлчдээс суралцаж, өдий зэрэгт хүрсэндээ л баяртай явдаг даа.

Монгол кино урлагийн алтан үеийнхэнтэй ажиллаж байсан тань маш том аз завшаан биз?

-Би Монгол кино үйлдвэрт дунд үеэс нь орсон. Тухайн үедээ би хамгийн залуу нь байлаа. Гэтэл өнөөдөр ахмад үе болоод явж байна. Одоо алтан үеийн сайхан ахмадуудаас бараг байхгүй болжээ. Байгаагаас тэр үеийн ахмад уран бүтээлчдээс Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, гавьяат жүжигчин Б.Нагнайдорж найруулагч л байх шив дээ. Бусад нь бурхны орон руу одсон байна. Тэдний дараагаар л мань мэт нь ахмад болж байх шиг байна.

Хорвоогийн жам юм даа. Он цаг гэдэг чинь ийм л хурдан өнгөрөх юм. Би годгонсон хөөрхөн охин байсан бол одоо 60 хол гарчихсан явж байна. Тийм учраас одоо залуустаа “Залуу насандаа ихийг сурч, ахмадаа сайн хүндэлж яваарай” гэж хэлмээр байдаг юм. Би бол одоо ч ахмадуудаа хүндэлж явдаг.

-“Амьдрал нулимсанд дургүй” кинонд жүжигчин Ирина Муравьёвагийн бүтээсэн Людмилагийн дүр үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Та кинонд дуу оруулсан дүрүүдээсээ алинд нь илүү хайртай вэ?

-Би тэр үеийн киноны бүх гол дүрд дуу оруулж байсан. Жүжигчин, дуу оруулагч Д.Элбэгсайхан партнёртойгоо их олон дүрд дуу оруулжээ. Бүр тоо нь алдагдсан байна. Уран бүтээлч хүн би тэр дүрдээ илүү хайртай гэж хэлдэггүй юм. Мэдээж хэрэг тухайн уран бүтээлчийн сэтгэлийн хөдлөлийг гаргаж чадсан, тоглолт сайтай дүр л их сайхан санагдана шүү дээ.

Ямар ч тоглолтгүй, эмоцигүй цагаан дүр ч олон байсан л даа. Бид монголын уран сайхны киноны жүжигчдийнх нь тоглолтыг өргөж дуу оруулдаг байсан. Бид муу тоглосон жүжигчдийг үнэхээр өргөдөг байлаа. Ер нь орчуулгын кино жүжигчдээс ганцхан өөрийгөө дөвийлгөхөөс илүүтэй хамт олон маань мундаг хүмүүс. Бид голдуу л орос киног орчуулна. Тэд маань орос жүжигчдээс нь илүү дуу оруулдаг. Тухайн үед ЗХУ-ын жүжигчид манайд их ирж, уулзалт ярилцлага хийдэг байлаа.

Тэгээд л тэдэнд орчуулсан киногоо үзүүлэхэд хэлийг нь ойлгохгүй ч гэсэн дуу хоолойны өнгө, ам барилтыг нь хараад “Та нар манайхнаас илүү дуу оруулчихсан байна шүү дээ. Жинхэнэ жүжигчнийх нь тоглолтыг хамаагүй өргөсөн байна” гэж шагшдаг байсан. Тухайлбал, “Ийм нэгэн явдал” киноны  Оросын алдартай жүжигчдийн дууг Р.Дамдинбазар ах, Ц.Цэнд-Аюуш эгч хоёр оруулахдаа жинхэнэ “галзууруулаад” өгсөн шүү дээ.

Миний хувьд алдартай жүжигчдийн дууг их хийсэн. ЗХУ-ын Ардын жүжигчин Людмила Гурченкогийн дууг хийсэндээ их баярлаж явдаг. Яагаад гэвэл ОХУ битгий хэл дэлхийд алдартай уран бүтээлч шүү дээ. Түүний тоглосон “Хайр дурлал ба тагтаанууд” гэдэг киноны дүрд би дуу оруулсан юм. Бас "Амьдрал нулимсанд дургүй" кинонд жүжигчин Ирина Муравьёвагийн бүтээсэн Людмилагийн дүр. Ирина Муравьёва тэр киногоор нэрд гарсан шүү дээ. Харин дуу оруулахад хамгийн хүнд кино гэвэл “Хатины эмгэнэлт явдал” уран сайхны кино. Энэ кино дэлхийн хоёрдугаар дайныг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн амьдралаар л харуулсан төгс бүтээл.

Тэд дайны тэр их аймшигт үхэл хагацал, орилоон, чарлаан, хүүр гээд бүхий л хүнд бэрхшээлийг даван туулж, амьд гарсан. Гэхдээ дайны дараах хөгшрөлтөөр л тэр хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг харуулж чадсан. Тэр кино миний сэтгэлд их том юмыг үлдээсэн. Жүжигчин Н.Зоригоо бид хоёр энэ киног гуравхан хоногийн дотор дуу оруулж байсан юм. Хүмүүс гайхаад “Ийм хүнд киног гуравхан хоногт яаж дуу оруулав” гэж асууж байлаа. Тэр кинонд дуу оруулчихаад орой гэртээ очоод унтах гэхээр киноны дайны дуу чимээ сонсогдоод л, унтаж  чадахгүй хар дараад л, кино дотроосоо гарч чадахгүй байсан. Хамаг биеийн хөлс цутгаад гурван хоногт маш их ядарсан. Мөн тэр үедээ нэлээд шуугиан тарьсан “Бяцхан Вера”, “Алёша намайг уучлаарай” уран сайхны кино бий. Тэгж л зүрх сэтгэлээ шингээж л кинонд дуу оруулдаг байсан юм.

-“Ховор хүмүүс” киноны Дүүриймаагийн дүрд анх тоглох санал авахдаа дургүй байсан гэсэн. Үнэн үү. Энэ дүрдээ хэрхэн тоглох болсон тухайгаа яриач?

-“Ховор хүмүүс” уран сайхны киноны найруулагчаар Н.Нямдаваа найруулагч ажилласан бол зураглаачаар Ж.Биндэр ажилласан. Кино урлаг чинь хамтын бүтээл байдаг учраас багаараа сайн ажиллаж байж сайн бүтээл төрнө. Хамгийн гол нь зохиол сайн байх ёстой. “Ховор хүмүүс” киноны зохиолыг анх Н.Нямдаваа багш аваад, инээдмийн кино хийхээр зориг шулуудаж л дээ. Тэгээд надад Дүүриймаагийн дүрийг өгсөн. Гэтэл би кино зохиолоо уншсан чинь дүр маань миний сэтгэлд огтхон ч хүрээгүй. Би өөрөө ассан дүрэлзсэн характертай хүн болохоор ассан дүр юм байх гэж бодсон чинь жирийн л нэг дүр байсан.

Тэгээд багшдаа “Би энэ дүрд тоглохгүй ээ” гэдгээ хэллээ. Тэгсэн багш маань намайг загнаж байгаад Дүүриймаагийн дүрд хүчээр тоглуулсан. Нэгэнт кинонд тоглохоор хөдөө очсон хүн чинь тэр бүтээлдээ анхаарна шүү дээ. Дараагаар нь уран сайхны зөвлөлөөр киног маань хүлээж авдаг дээрээ тулсан чинь “Маш муу кино болсон байна. Энэ кино шууд хаагдана. Дэлгэцэнд үзүүлэхгүйгээр архивт хураана” гэлээ. Хэдийгээр би дүрдээ дургүй байж байгаад тоглосон ч гэсэн анхны тоглосон дүр маань дэлгэцэнд гарахгүй” гэхээр сэтгэлээр уналаа. Манай багш тэр бүхнийг тоохгүй инээгээд л яваад байсан.

Тэгсэн чинь багш маань “Битгий ийм зүйлийг тоогоод бай. Энэ юу ч биш. Энэ цаг зуурын асуудал. Хэдэн нэгдлийн дарга нар л Намын төв хороогоор гүйгээд л захидал бичээд байгаа болохоос биш ард түмэн сайхан хүлээж авна. Энэ кино мөнхөрнө. Шагнал авахгүй ч гэсэн их сайхан бүтээл болсон. Тэр битгий хэл чи Дүүриймаа нэрээрээ мөнхөрнө дөө” гэж хэлж байсан юм. Багшийнхаа тэр хэлсэн үгийг нь одоо бодохоор багшийгаа ямар их алсыг хардаг, тайван сайхан хүн байжээ гэж шүтэж явдаг. Өрөөндөө ч багшийнхаа зургийг тахьчихсан.

Багш маань үргэлж л инээж явдаг, сэтгэлээр унадаггүй хүн байсан юм. Сэтгэл зүрхэнд хоногшсон сайхан уран бүтээлчид маань бурхны орон руу явсан болохоор сэтгэл жаахан гунигтай. Тэр үед жинхэнэ уран бүтээл хийж байсан. Одоо тийм биш болоод байна. Тэгээд л би кино урлаг надтай надгүй явна. Тиймээс үхэхээсээ өмнө нийгэмд хэрэгтэй л зүйл хийх ёстой гэж бодсон.

-Тэгээд л ярианы уран чадварын сургалтын төвөө нээсэн юм уу?

-Би зургаа дахь жилдээ ярианы уран чадварын сургалтын төвөө ажиллуулж байна. Сургалтын төвд маань хэлгүй, шулга, ээрүү гацаа, ярианы бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна ярианы уран чадварын цогц сургалтыг заадаг. Би энэ ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэвэл над дээр эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад байнга ирж байна. Би ганцаарчилж хичээл заадаг. Ирээдүй болсон хүүхдүүдийнхээ ярианы ур чадварыг хөгжүүлнэ гэдэг чинь жүжигчин байснаас минь илүү том хөрөнгө оруулалт шүү дээ.

Би одоо өөрийнхөө хийж буй ажлуудаа эмхэтгэн “Хүүхдийн хэл яриаг засахуй”, “Ярианы уран чадвар”, “Уран илтгэл” гэсэн гурван ном гаргахаар төвлөрч ажиллаж байна. Учир нь өнөөдөр бага насны хүүхдүүд нийгмээс тусгаарлагдаж, компьютер, гар утсаар их тоглох болжээ. Хүүхдүүд гадаа ч тоглохоо больж, гэрээс гарахаараа машинаар хүргүүлээд л, гэр бүлийнхэнтэйгээ ч ярилцахгүй хэл ярианы хувьд асуудалтай болж байгаа нь сэтгэлийг минь эмзэглүүлж байна. Энэ бол манай нийгмийн “толгойны өвчин”. Энд би дусал ч гэсэн хувь нэмрээ оруулахыг хичээж явна. Номоо биччихээд хэвлүүлэх үү, болих уу гэдгээ шийднэ дээ.

Яагаад?

-Манайхан ерөөсөө ном уншдаггүй. Аль болох бэлэн хоол  идэх дуртай хүмүүс. Би Соёл урлагийн их сургуульд багшилж байхад оюутнууд бэлэн материал интернэтээс татаж аваад, өөрөө ч уншилгүй хураалгачихдаг. Үнэхээр гомдмоор. Ном уншихгүй болохоор хүний оюун ухаан, хэл яриа хөгжихгүй шүү дээ. Энэ л асуудалд анхаарч, толгой өндийлгөх завгүй л сууж байна.

Би энэ номоороо өөрийгөө рекламдахыг хүсээгүй. Хэрвээ үнэхээр хэрэгцээ гэвэл хүмүүс надаас хүрч ирж аваг. Тэрнээс би худалдаанд гаргаж тавихгүй. Надаас өөр хүн энэ номыг хараад ярианы ур чадварыг зааж чадахгүй. Тиймээс завтай байгаа дээрээ номынхоо ажлыг цэгцэлж байна. Би редактороороо н.Энхжавхлан гээд чадалтай сэтгүүлч бүсгүйг авсан. Тэр мундаг хүнээр өөрийн номоо редакторлуулна. Нэг хүн ч гэсэн ингэж нямбай хандаж байж үр хүүхдийнхээ төлөө юм бодохгүй бол болохгүй болжээ.

-Та сүүлд киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллав уу?

-Би киноны уран бүтээлчидтэй хамтран ажиллах дургүй. Угаасаа миний аашийг мэдээд санал ч тавьдаггүй. Сүүлд Х.Дамдин найруулагчийн маань охин кинонд тоглох санал тавьсан. “Олон ангит кино хийх гэсэн юм” гэхээр нь мундаг хүний охин юм чинь муу кино хийхгүй байх гээд би үгүй гэж хэлээгүй ээ. Тэр кино маань удахгүй дэлгэцнээ гарах байх. Гол дүрд нь Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Нармандах, Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар нар тоглосон. Ерөнхийдөө зав чөлөөнд минь тааруулж байгаад л надад ч саад бололгүй кино зургаа авсан.

-Таныг ойр дотныхон нь “Ажилдаа их чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч шударга хүн гэдгийг хэлдэг. Хэдийгээр хурц, ассан зан характертай уран бүтээлч боловч уран бүтээлд таныг асааж чадсан дүр байхгүй юм шиг?

-Надад тийм дүр таараагүй шүү дээ. Харамсалтай нь ид асч явахад Монгол кино үйлдвэр маань дампуурсан. “Зул бөхөхийн өмнө бадамладаг” гэж үг бий. Би найзууддаа “Намайг яг мандан бадарч явахад кино үйлдвэр маань бөхчихсөн” гээд хөхөрдөг юм. Яг үнэндээ тийм явдал болсон. Гэхдээ би тэрэнд гутардаггүй ээ. Тухайн үед ганцхан би ч биш нийгмээрээ л тийм замыг туулсан. Бүх хүмүүс ажил, амьдрал, хоолноосоо салж, замбараагаа алдсан шүү дээ.

Ер  нь уран бүтээлч хүний зам дардан байдаггүй. Найз нөхдийн харьцаа ч дардан байдаггүй. Мэдээжийн хэрэг атаа жөтөө, ажлын байрны бэлгийн дарамт ч гэх юм уу янз бүрийн асуудал гарна шүү дээ. Би бол тийм асуудалтай шууд байлдана. Шударга бус байдалтай хэзээ ч эвлэрэхгүй. Би тэр зангаасаа шалтгаалаад нэлээд олон киноны дүрээс хасагдсан. Тэрэндээ ч харамсдаггүй. “Үнэнээр явсан хүн үхэр тэргээр ч туулайг гүйцэнэ” гэдэг. Би ганц дүр авахын тулд ямар нэгэн найруулагчийн өвөрт ороогүй. “Энэ бол шударга ариун явдал учраас эцсийн эцэст би ялна. Надад цаг хугацаа байна энэ бүхнийг ур чадвараараа ялна” гэж дотоод сэтгэлдээ бодож явсан.

Яг ур чадвараараа ялж байхад кино үйлдвэр маань дампуурсан. Тэрнээс биш надад олон кинонд тоглох боломж байсан. Тэр боломжоо алдсандаа ч гутраагүй. Тийм асуудлаас болж олон киноноос хасагдсан. Тэрийг би нуухгүй. Энэ номуудаа биччихээд өөрийнхөө уран бүтээлийн замналын тухай гашуун үнэнг бичиж үлдээе гэж бодож байгаа. Бүр болохгүй бол охиндоо захиж үлдээнэ дээ. Үнэн гэдэг чинь гашуун учраас тэр хүмүүсийн үр хүүхдүүд нь гомдол санал хэлэх биз.

-Та тухайн үеийн найруулагчдаас Н.Нямдаваа найруулагчтай их дотно, гэр бүлийн найзууд байсан гэж дуулсан. Өөр ямар найруулагчтай ойр ажилладаг байв?

-Зах зээлийн нийгэмд шилжихэд Хүүхэд залуучуудын театрын найруулагч И.Нямдаваа намайг театртаа хүрээд ир гэсэн. Би ч хурц характертай, И.Нямдаваа ч хурц зантай хүн учраас бид хоёр долоо ч хонохгүй муудалцах биз гээд “Бэрс” хувийн дээд сургуульд багшлах урилгыг хүлээн авсан юм. Тэгээд тэнд багшлахад цалин хөлс муу байсан учраас БНСУ-руу явж ажил хийхээр явлаа. Хэзээ ч хар бор ажил хийж байгаагүй хүн чинь хүний нутагт гэнэт хар ажил хийхээр чаддаггүй юм билээ. Тэгээд нэг жил найман сар ажиллаж байгаад дургүй хүрээд эх орондоо ирсэн.

Тэгээд би нэг өдөр Б.Балжинням найруулагч дээр орсон юм. Солонгос яваад ирлээ гэсэн чинь намайг хараад уйлаад “Ийм сайхан жүжигчнээ гадаадад хүнд ажил хийлгээд даанч яав даа. Би Т.Кармагаа дандаа хоёрдугаар дүрд оролцон тоглуулах төдий юм хийж байсан. Би амьд байх хугацаандаа нэг сайхан кинонд гол дүр заавал өгнө. Би ийм сайхан жүжигчнээ нээж чадалгүй алдчихлаа шүү дээ. Манай Т.Карма нь ёстой тос нь гоожсон жүжигчин. Бид ашиглаж чадсангүй” гэж баахан уйлж билээ. Тэрнээс хойш Б.Балжинням найруулагч маань ч кино хийж чадсангүй дээ. Тэр яриаг нь бодоод Балжаа найруулагчдаа их баярлаж явдаг юм.

Бас Х.Дамдин найруулагчид тийм бодол байдаг байсан. Найруулагч маань “Кармагаа нэг час хийсэн бүтээлд тоглуулах өртэй юм шүү дээ” гэж ярьдаг байсан. Бас Б.Сумхүү, Б.Нагнайдорж найруулагч нар маань байна. Б.Сумхүү найруулагчтай анх  хэрэлдэж байгаад “Сахиул уу, Сахиус уу” уран сайхны кинонд тоглож байсан бол Б.Нагнай дорж найруулагч “Нүцгэн уулын бэлд”, “Хачин хүн” зэрэг олон кинонд хамтран ажиллаж байсан. Би хэзээ ч тэдэнд “Намайг кинонд тоглуулсангүй” гэж гомдоллож байсангүй. Одоо тэр сайхан уран бүтээлчид маань бурхан болсон. Миний хувьд үлдсэн насаа ямар ч байсан хүүхдүүдийнхээ төлөө зориулна л гэж боддог.

-Залуу насандаа ганган дэгжин бүсгүй байсан. Хэр захиа авдаг байсан бэ?

-Ер нь галзуу, цовоо, хэлтэй амтай охин байсан. Тийм болохоор залуус жаахан жийрхэн шүү дээ. Гэхдээ араас гүйдэг байсан. Тэр үеийн залуучуудын хайр дурлал их гоё нандин байжээ. Одоо тийм биш болж дээ. Бидний үед хөвгүүд чинь автобусны буудал дээр зогсч бараадаад л, дагаж суугаад л ойртож чадахгүй явсаар байгаад гэрт нь оруулаад алдчих жишээтэй. Охид нь нэг л хосгүй сайхан амьтад шиг гунхалзаад л явна шүү дээ.

Багшийн дээдийн кино драмын ангийн оюутнууд гээд л сайхан охидын араас бусад сургуулийн хөвгүүд завсарлагаанаар ирээд давхар давхарт хүлээгээд л зогсдог байсан. Би ер нь их бодолтой хүүхэд байсан. Сургуулиа төгсөнө. Өнчин өрөөсөн олон дүүтэй учраас оюутан байхдаа хүнтэй сууж, жирэмсэн болохгүй, ажил дээр гарч байж хүнтэй сууна гэж боддог байлаа. Би тийм л охин байсан.

Ойртож болохгүй, холдож хаяж болохгүй, барьж болохгүй хайрладаг тийм хүмүүс олон байсан. Нэртэй төртэй сайхан уран бүтээлчид ч байсан. Сүүлд өнгөрсөн хойно ярьдаг л юм. Бидний үеийн зөвшөөрч буй тэмдэг нь хамт кино үзэх. Киноны урилгыг нь зөвшөөрсөн бол найзлахыг зөвшөөрсөн гэсэн үг. Нөгөө залуу нь бөөн баяр. Би ганц хоёр хүүхэдтэй хамт кино үзсэн. Нэг хөгжилтэй юм яриахад намайг оюутан байхад төгсөх курсийн нэг залуу надаас салдаггүй. Хүрч ирээд л “Шалгалтандаа бэлдээд хичээлээ унших гэхээр чиний дүр номон дээр гараад ирэх юм. Унтах гэхээр нүдэнд харагдаад. Ерөөсөө хичээлдээ төвлөрөх гэхээр чи л харагдаад байна” гэхгүй юу тэгэхээр нь би нөгөө хүнийг чинь сургуулийг нь төгсгөх гээд хамт кино үзлээ. Тэгсэн чинь “Одоо арай гайгүй. Чиний дүр харагдах нь багасч байна. Хичээлдээ хичээгээд байна” гэлээ. Тэгээд нөгөө залуугаа дипломоо авлаа гэхээр нь маргааш нь зугтаачихаж билээ.

-Охин нь тантай их адилхан юм билээ. Та эмээ болсон уу?

-Би ганцхан л охинтой. Хараахан эмээ болж амжаагүй л байна. Нөхөр маань дөнгөж 40 гараад л бурхан болсон доо. Хань маань их залуугаараа өнгөрсөн. Би гэдэг хүн охинтойгоо хоёулаа хорвоог туулж явна. Хүүхдийн хүмүүжил гэр бүлээс л эхэлдэг гэж боддог. Манай нөхөр ч бас сэхээтэн хүн байсан болохоор бид хоёр анх охиноо оюунлаг хүн болгохыг л зорьсон. Тэгээд гурван настай байхад нь охиноо Улаанбаатарт хоёрхон байсан гадаад хэлтэй цэцэрлэгийн нэг 16 дугаар цэцэрлэгт оруулсан юм. Тэр цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын сургалт маш сайн. Охин маань бүр багш нартаа зориулан үг зохиож, ангийнхандаа цээжлүүлээд концерт тоглуулж байсан тухай багш нар нь дурсан ярьдаг байсан юм.

Бага ангийн маш сайн суурьтай байсан учраас өөрөө бор зүрхээрээ хичээлээ хийгээд Сорос-ын сангийн тэтгэлэгээр Болгар дахь Америкийн их сургуулийг төгссөн. Тэгээд НҮБ-ын төсөл дээр ажиллаж байгаад Японы Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж, Кэёогийн их сургууль гээд том хувийн сургуульд суралцаад, Токиогийн их сургуульд доктор хамгаалахаар суралцаж байсан. Одоо Японы программ хангамжийн компанид мэргэжилтнээр ажиллаж байгаа.

Би охиноо нэг удаа ч хичээлээ давт гэж хэлж байгаагүй. Өөрөө өглөө цагтаа босоод л хичээлээ хийгээд л явдаг байсан. Охин маань багаасаа биеэ даачихсан хүүхэд. Би ч нэг их эрхлүүлдэггүй. Мэдээж дотроо бол эрхлүүлнэ л дээ. Ээжийгээ ядарч явахад миний охин есдүгээр ангид байхдаа “25 суваг” телевизэд орчуулгын кино орчуулж өгч тусалдаг байлаа. Охин минь орос киног дөрвөн цаг, англи киног найман цаг орчуулна. Тэгсэн охинд минь нэг кино орчуулсан шагналын мөнгө гэж наймхан мянган төгрөг өгсөн. Тэр цагаас хойш би тэр телевизэд гомдоод, дахин ажлаагүй ээ. Зуны амралтаараа ирэхэдээ телевизийн кино орчуулж, мэдлэг чадвараараа ээждээ тусалдаг байлаа. Би одоо охиноосоо мөнгө гуйхгүй. Охин маань ээж надаас мөнгө гуйхгүй гэдгийг мэддэг учраас мөнгөн биш хэлбэрээр ээжийгээ байнга дэмждэг.

Охинтойгоо үргэлж цахимаар харьцаатай байна. Намайг Японд очихоор охин олон гоё газар үзүүлнэ. Ер нь хүүхдээ зөв хүмүүжүүлсэн эцэг, эх насны эцэст жаргадаг л юм байна. Надад бол хүүхэд тэжээх зовлон байхгүй. Би бас хүүхдээрээ тэжээлгэхийг хүсдэггүй юм.

-Таны энэ зан чанар ээжийнх нь үү?

-Манай ээж их хөдөлмөрч хүн байсан. Ерөөсөө л ээжийн минь зан надад өвлөгдсөн. Манай ээж долоон өнчин хүүхдээ ганцаараа өсгөсөн хүн. Хамгийн том нь би 17 настай. Бага нь нэг настай байлаа. Сувилагчийн цалингаар хэдэн хүүхдүүдээ хоосон хонуулалгүй маш амттай хоол хийнэ. Хэзээ ч бид ядрахын зовлон үзээгүй. Аав минь өнгөрч бид гэр хороололд гэрт амьдарч байхад би нэг өглөө босоод ээжийнхээ галыг түлж үзээгүй. Арай дэндүү эрх хүүхэд байсан байгаа шүү. Ээж маань галаа түлж, түлээгээ бэлдэнэ, хувцас хунарыг минь угаана. Маш нямбай хүн байсан. Гэрийнхээ нарийн тоос шороог хүртэл арчиж, гал пийшингээ үргэлж зүлгээстэй. Тийм ажилсаг хүний хүүхэд жаахан залхуу бодлог юм шиг байна лээ.

Манай кино драмын оюутнууд хичээлээ тараад драмын театрт жүжиг үзнэ. Тэгээд автобус зогссоны дараа гэртээ алхаж очно. Тэгэхэд ээж минь халуун хоол, цай тавьчихаад хүлээж суудаг байсан сан. Миний хувьд эдийн засгаар ээжийгээ дэмжиж, дүү нарынхаа хувцас хунарыг хариуцна. Тухайн үедээ ажилсаг хүний хүүхэд ажил сурдаггүй юм байна гэж боддог байсан. Тэгсэн өөрөө хүнтэй сууж, биеэ даагаад ирэхээр ээжийн нэг хувилбар л болдог юм байна. Ээжийгээ зараад байгаа юм шиг мөртлөө ясны хөдөлмөр нь генд минь байж л байдаг юм шиг.

ТҮҮНИЙ ТОГЛОСОН ДҮРҮҮДЭЭС:

  • 1979 он "Хоньчин Найдан" зарц бүсгүй
  • 1980 он "Өнөр бүл" нарийн бичиг
  • 1983 он "Сахиус уу, сахиул уу" Мөнхцэцэг
  • 1984 он "Тань руу нүүж явна" агент Бадарчийн эхнэр
  • 1985 он "Ацаг шүдний зөрүү"
  • 1987 он "Хүний хүн" багш
  • 1987 он "Ховор хүмүүс" Дүүриймаа
  • 1989 он "Хачин хүн" Гэрэл
  • 1994 он "Намайг уучил" Дуламаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-20 202.131.225.150

Гайхалтай дуу оруулагч, таныг хүндэтгэж биширч явдаг шүү.

Avatar

Гоо сайхан ертөнцийг аварна. 2020-03-20 64.119.19.90

Мундаг дуу оруулагч, гайхалтай дайчин хүн гэж боддог. Сайн сайхныг хүсье. Үнэхээр энэ хүний хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй төр засаг. Ард түмний гавьяат шүү.

Avatar

Зочин 2020-03-20 203.111.4.148

Ямар нэг баггүй сайхан ярилцлага өгчээ. Таньд эрүүл энхийг хүсэе.

Avatar

Зочин 2020-03-20 182.160.34.226

Nuhriigee ikh zoboosondoo mini bagsh bailaa taligach

Avatar

Зочин 2020-03-20 119.40.98.26

Таны ярилцлагыг үнэхээр мэдэрч уншлаа. Социализмын үед үнэхээр бүх юм нь сайхан нөмөр нөөлөгтэй байдаг байж дээ. Таныг харахаар л хүндлэх бахархах сэтгэл төрдөг юм. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Avatar

ккк 2020-03-20 103.26.193.62

социализмийн чинь үед бэлгийн дарамтанд орж байсан түүнийгээ хойч үедээ сануулж үлдээнэ гээд байна даа улаан тахал комнист оо

Avatar

KHUGULBUUGIIN Anand ,New Yorkoos 2020-03-20 24.46.100.17

Unen duu mini kino uildveriin zahialgaar gadaadad sugaad kino zohiolch bolood irtel,kino uildver dampuurch,bar bolson b.sniig duu Huchit mini nadad mash gunigtai helj b.sniig bi sanaj b.a
Huchit bid 2 ter 16r tsetserlegt hamtdaa ybdag b.laa

Avatar

ard 2020-03-20 24.46.100.17

Amjilt

Avatar

Зочин 2020-03-20 202.9.46.169

Мундаг жүжигчин шүү. Таны цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Ардын жүжигчин өгчихөд буруудахгүй дээ Баттулгаа.

Avatar

Zochin 2020-03-20 192.82.73.30

Хүмүүс таны тухай юу ярьж байгаа нь чухал биш та тэдний сэдэв болж байгаа нь л өөрөө гайхамшиг. Таныг хүндэлдэг бас таны дуу оруулсан киноны дүрүүд үнэхээр супер. Та бол домог. Угаасаа таны ярих гээд зүрхлэхгүй байгаа түүхийг чинь ч ард түмэн хальт гадарлаж л байна. Тэр ярианд орох хүмүүс өөрсдөө сайхан л яваа байх гэхдээ айдастай. Хаха та чадаж байна. Бас насандаа сайхан харагддаг. Хэрхэн амьдарч ирсэн чинь ил байна. Амжилт хүсье таньд. Урт насалж удаан жаргаарай.

Avatar

Зочин 2020-03-20 202.126.89.251

Tand amjilt…

Avatar

/*-*/ 2020-03-20 49.0.213.30

Монгол кино дампуураагүй, Зөвлөлтийн зоммунист систем нуран унаснаар Монголын социализм цааш алхах аргагүй болж дампуурсан юм

Avatar

Зочин 2020-03-20 64.119.25.163

Нурсан л юм биш үү дагаад

Avatar

Gahai 2020-03-20 192.82.68.154

zaluudaa ih yavdaltai baisan gesen. za yahav erh duraaraa l amidarsan bn shd

Avatar

Bansh Bataa 2020-03-20 64.119.20.110

Saihan jujigchin egch shuu. Altan ,mun dund ieiin jujigchid maani yamar saihan humuus baivaa. HARIN ODOO HEREG ALGA HAASHAA L HARNA HOSHIN URLAGIIN HOG SHAARNUUD

Avatar

ГАВЪЯАТ ӨГМӨӨР ЮМ ДАА 2020-03-20 202.179.25.132

САЙХАН ЯРИЛЦЛАГА БОЛЖЭЭ. ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАНЫГ ХҮСЬЕ. ХАРИН ТЭР НОМОО БОЛИВОЛ ДЭЭР ШИГ САНАГДЛАА… БУРХАН МИНЬ, ЭНЭ ХОЙДГҮЙ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ БОЛОХ БАЙХ. ЦАГ ХУГАЦАА ТЭР ҮЗТЭЙГЭЭ ҮЙЛ ЯВДАЛТАЙГАА ӨНГӨРСӨН НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2020-03-20 202.55.188.43

Сайхан жүжигчин. Эмэгтэй хүний амьдрал ээдрээтэй шүү дээ. Тэр зургийг манайхан комунист сэтгэлгээгээрээ цочирдож хүлээн авсан. Надад бол сайхан л санагдсан. Биеэ их сайхан авч явсан байна л гэж дүгнэсэн. Хүний хѳдѳлмѳрч чанар гайхалтай. Дүр авахын тѳлѳѳ найруулагчийн ѳвѳрт ордоггүй тийм эмэгтэй жүжигчин одоо гэхэд л хэд вэ? Энэ бүсгүйгээр бахархаж байна. Урт наслаарай энэ тэр гээд яахав. Үргэлж цоглог хэвээрээ байгаарай.

Avatar

Зочин 2020-03-20 202.179.30.242

Сайхнан жүжигчин амжилт хүсье

Avatar

Зочин 2020-03-20 192.82.73.123

“Шинэ халадаа өмсөөрэй, ширээнийхээ бүтээлгээ солиорой” гэдэг чин энэ хүний дүр бишээ найзуудаа.

Avatar

ГС 2020-03-20 202.72.245.122

Гайхалтай сайхан жүжигчин дээ Бидний монголын үр садны тасархай авьяас даа

Avatar

Зочин 2020-03-20 43.242.242.240

Ёстой сайхан ярилцлага болжээ. Танд эрүүл энх, урт удаан нас, аз жаргал сайн сайхныг хүсье.

Avatar

Зочин 2020-03-20 64.53.234.130

Galzuu tsoglog huuhen shuu

Avatar

Зочин 2020-03-20 202.131.227.82

эрүүл энхийг хүсье, монголын кино урлагийн бас нэг дахин дэвтагдашгүй дүр шүү,

Avatar

Зочин 2020-03-20 66.181.161.125

ene avgai shar sonind beleg erhtenee gargasan zurag avhuulaad boon yum bolj bilee 90 d onii dunduur erchuudiig bol beelii shig solidog barag gaj gontoi bsan

Avatar

Зочин 2020-03-20 64.119.26.206

Ямар мангар эр вэ ,чамайг тоогоогүйд өс санаж явдаг хөлдүү бизээ

Avatar

Зочин 2020-03-20 103.57.94.254

чам мэтийн хэн ч биш өчүүхэн шавьжнаас сая тохой өндөр хүн дээ.

Avatar

Ангийн нь 2020-03-20 182.160.33.245

Нөхөрөө өвдөхөөр нь аав ээжид нь аваачаад хаяж байсан мөс чанраар хэцүү хүн дээ

Avatar

Зочин 2020-03-20 66.181.161.54

Амьдрал бол сугалаа гэдэг Людмила шигээ хүүхэн үү үгүй юу?

Avatar

Зочин 2020-03-20 202.179.22.102

дахин давтагдашгүй сайн жүжигчин. Алтан үеийнхэн хүний авьяасыг маш гярхай харсан байна. ТВ-2 телевизээр шинэ жилийн маш хөөрхөн ярилцлагыг нь үзсэн. Та минь урт насалж удаан жаргаарай

Avatar

Зочин 2020-03-20 202.21.107.97

Сайхан эмэгтэй шүү. Нийгмийн шилжилт болоод бас олигтой сэтгэлгээтэй шинэлэг кино зохиол гарах хөрс муутай цаг үед залуу нас нь өнгөрсөн нь үнэн.

Avatar

Zochin 2020-03-20 202.126.88.215

Chairtai schuu, urt udaan naslaarai

Avatar

Nomin 2020-03-20 66.181.169.162

Mundag emegtei shuu, amidrald ni sain saihniig husen yeruuye!

Avatar

дээгий 2020-03-20 203.91.115.56

сайхан зөв бодол зөв явдалтай сайн хүн дээ. кинонд тоглосон жүжигчнээс нь илүү дуу оруулж амилуулдаг мундаг жүжигчин. одоо үед ийм дайчин шударга хүн ховорджээ.танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Avatar

Цээгий 2020-03-20 192.82.65.176

Жүжигчин бүсгүй танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Намайг оюутан байхад Тань руу нүүж явна кино гарч би гурав үзэж билээ.

Avatar

Монгол 2020-03-20 66.181.167.254

Мундаг ч жүжигчин, сайхан ч бүсгүй. Баяр хүргье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж