Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

Сонгууль 2020: АН УИХ-ын гишүүдээ, МАН бөх, уяач сойно

NEWS агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн есдүгээр тойрог буюу Завхан аймгийг онцолж байна.


УИХ-ын  2016 оны сонгуульд Ардчилсан нам хавтгай ялагдахад цэнхэртсэн ганц тойрог нь Завхан. Хоёр ч мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчдэд олгосноор УИХ-д бүлэг байгуулж, 65 суудал авсан МАН-ыг хянах боломж олгосон түүхтэй. Гэвч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа нүүр бууруулснаар бүлэг задрахаас аргагүй болж, зөвлөл болж жижгэрсэн юм.

Монгол Улсын хоёр ч төрийн тэргүүнийг тойргоосоо “төрүүлж” байсан завханчууд өмнөх сонгуулийн жишгээр цэнхэртэх үү, эсвэл өөрчлөх үү гэдгийг одоо тодорхойлоход эртдэх ч сунгаанд үзэх нэрсээр бол Ардчилсан нам давуу харагдаж буй.

Тодруулбал, тус намаас УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар өрсөлдөх таамаг бий. Хоёр мандаттай тойрог тул нэг нь үлдэж, хоёр нь өрсөлдөнө. Харин хэнийг сойх вэ гэдгээ нам нь Үндэсний бодлогын хороогоороо шийдэх ёстой ч хүнд цаг үед парламентад намаа төлөөлөн суусан УИХ-ын хоёр гишүүн “ногоон гэрэл”-ээр шууд өрсөлдөх “виз” авч мэдэхээр байгаа.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нь мал зүйч мэргэжилтэй, 2004, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулж, гурван ч удаа УИХ-д сонгогдсон бол 2008 онд аймгийнхаа Засаг даргаар томилогдон ажиллажээ. Завхан аймгийг удирдсан дөрвөн жилд тултал ажилласнаар хоёр ч удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулах итгэл олсон гэх нь бий. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа давхар дээл өмсөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байв. “Алтан гадас” фракцад харьяалагддаг.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа эрх зүйч, санхүүч мэргэжилтэй. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт өрсөлдөн ялалт байгуулсан. УИХ дахь 13 эмэгтэй гишүүнээ өнгөлөх хууль тогтоогчдын тоонд ордог. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хүнээр нэрлэгдэж ирсэн нь “Шонхор” фракцад харьяалагддагтай нь холбоотой байж мэдэх юм.

Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд Д.Батсайхан Төрийн банкны захирлаар ажиллаж, ялагдсаных нь дараа улс төрийн карьер хөөхөөр шийдэн Завхан аймгийг зорьсон. Нэг ёсны УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилго өвөртлөн, өнгөрсөн дөрвөн жилд тойргоо усалсан горилогчийн нэг гэж тодорхойлж болно. Аймгийн Засаг ноёд төрийн мөнгийг хувьдаа завшсан, тендер будилаантуулсан, ах дүү амраг саднаа ажилд авсан хэл амтайгаар Авлигатай тэмцэх газарт дуудагдаж, шалгагдаж яваа бол Засаг дарга Д.Батсайхан зудыг хохирол багатай давах их ажилтай ноцолдсоор хавартай золгоод байна.

МАН-аас эл тойрогт улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, “Сонор трейд” группийн ерөнхийлөгч Б.Энхболд нар өрсөлдөх чимээ дуулдаж буй бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Өнөрбаяр тойрог томссон нь нөлөөлөв үү энэ удаагийн сунгаанд өрсөлдөхгүй болжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Содбилэг аавынхаа төрсөн нутагт өрсөлдөх “бор шувуу” ниссээр ирсэн ч УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Орхоноос “жийгдсэн”-ээр хуучин тойрогтоо дахин даагаа нэхэх төлөв гарч байна.

Горилогчдын тухайд улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эл тойрогт нэр дэвших нь ээ. Бөхийн дэвжээнээс бизнесийн салбарт хүч үзэж яваа түүнд завханчууд итгэл үзүүлбэл аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын "шийр"-ийг хатааж, УИХ-ын гишүүн болно гэсэн үг.

“Сонор трейд” группийн ерөнхийлөгч Б.Энхболд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдсан байдаг. “Сонор трейд”-ийн гэдгээс илүүтэй үндэсний их баяр наадмын айраг түрүүг авч байсан Егзэр хээрээрээ нутгийнхандаа танигджээ.

Гэхдээ МАН-аас нэр дэвшигчдийн саналыг хувааж “шавар хаах” нэр дэвшигчид энэ сонгуульд дахин орж ирж мэдэхээр байгаа нь  МАХН-аас Д.Балдан-Очир, Үнэн ба зөв намаас “Нарантуул” худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу нар юм.  2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулахад дээрх хоёр горилогч түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж яригддаг. Учир нь Ш.Сайхансамбуу, Д.Балдан-Очир нар МАН-ын гишүүн байсан.  УИХ-ын сонгуульд нэр дэвших квот олдохгүй болонгуут өөрсдийн мөр хөөж, нэг нь МАХН-д орж, нөгөө нь шинээр нам байгуулан зүтгэсэн ч амжилт олоогүй ялагдсан юм.

Завхан аймгийг төлөөлөн УИХ- д сонгогдсон гишүүд:

1992 онд: Н.Багабанди МАХН, Ц.Намхайнямбуу МАХН

1996 онд: Н.Багабанди МАХН, Н.Энхбаяр нөхөн сонгогдсон МАХН, Ц.Ганхуяг АХ эвсэл , Н.Батцэрэг АХ эвсэл

2000 онд: Ш.Отгонбилэг МАХН, Д.Туяа нөхөн сонгогдсон МАХН, Д.Оюунхорол МАХН, Б.Шаравсамбуу МАХН

2004 онд: Ч.Содномцэрэн АН,  Я.Санжмятав АН, Д.Туяа МАХН

2008 онд: Д.Балдан-Очир МАХН, Д.Оюунхорол МАХН, Ш.Сайхансамбуу МАХН

2012 онд: Д.Оюунхорол МАН, Я.Санжмятав АН

2016 онд: Я.Санжмятав АН, З.Нарантуяа АН

2020 онд?

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж