Ноён угсааны номч малчин

Хуучирсан мэдээ: 2020.03.20-нд нийтлэгдсэн

Ноён угсааны номч малчин

Ноён угсааны номч малчин

Хэнтий ханы зүүн бие, Хэрлэн мөрний ай саваар нутагтай Шийтэрийн Энхбатынхаар ууган төлийн дуу цангинасан хаврын эхэн сард зочилсон билээ. Түүнийг нутгийнхан нь ноён гэж авгайлна. Учир юунд вэ? гэвэл тэрбээр Баатар вангийн хошууны 14 дэх үеийн ноён угсааны эрхэм аж. Дээд удам угсааг нь сонсохоор зорин ирсэн боловч түүнтэй, философи, Ленин, Сократын тухай бясалгал хийгээд гэгээрэхүйн тухай хөөрөлдөнө чинээ бодоогүй юм. Энхбат бод голдуу малаа ганцаар маллан номын гэгээн хуудас эргүүлэн, ухаарал энэрэхүйн хүрдийг эгүүлэн, бясалгал хийдэг, хувьдаа гүн ухаан судлаач байлаа. Эглээс эгэл оршихуйд амьдран суудаг түүнтэй өвөг эцгийнх нь үүх түүх, амьдрал ахуй, үзэл бодлынх нь тухай өрнүүлсэн яриагаа хүргэж байна.

ТҮҮНИЙ ДЭЭД УГСАА

Халхын Сэцэнхан аймгийн Баянзүрх уулын хошуу/Баатар вангийн хошуу/нь 1660-аад оны үед байгуулагдсан бөгөөд найман сум, 41 баг бүхий засаг захиргааны нэгжтэй, 435 мянган толгой малтай байсан. Нутаг дэвсгэр нь одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдын нутаг юм. Уг хошууны анхны ноён Чойнжуур нь Сэцэнхан аймгийн Засаг ноён Өмөхэйн авга ах нь байж. Харин хамгийн сүүлчийн ноён Ван Жамин нь угсааныхаа 12 дахь үе нь бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед баривчлагдан 1939 оны арваннэгдүгээр сард 46 настайдаа ялын дээд хэмжээ авсан байна. Тэрээр Шийтэр гэдэг ганц хүүтэй байсан. Хүү Шийтэр нь мөн ганц хүү төрүүлсэн нь Энхбат юм.

МАНАЙ ААВЫГ НОЁН ШИЙТЭР ГЭЖ ДУУДДАГ БАЙСАН

Энхбат: “Манай аавыг ноён мөн Шийтэр гэж дууддаг байсан. Үеийн улсууд нь тоглоом шоглоомоор хэлдэг байсан биз гэхдээ л манай нутгийнхан ноён удамтайг нь мэддэг байж.

Яг үүх түүхээ баталж мэдсэн учир нь гэвэл мөнгөнд дургүй хэн байхав дээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, үр хүүхдэд нь нөхөн олговор олгосондоо түүнийг хөөцөлдөж Улсын архив, МАХ яамны архив зэрэг олон архиваар явсан юм. Архивт өвөг эцэг, удам угсааны маань түүх бүгд бичээстэй байсан. Тэгээд л хэлмэгдлийн мөнгөө авсан даа.

Манай аав бичиг номын хүн байгаагүй ээ, эгэл малчин байсан. Аавыг таван настайд ээж нь нас барж, 17-той байхад нь манай өвөө болох аав нь баригдаад явсан гэдэг. Эцэг нь боловсролтой хүн байсан тул бие барахаасаа өмнө монгол бичиг зааж байсан ч аав номоо даавуунд боож хураалттай түлээн завсар хийгээд, цаг дээр нь болно гээд мордоод явчихдаг байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдагсан. Харин өвөг эцэг маань ном бичигт гаршсан, эрдэм чадалтай хүн байж. Энэ хоймор байх Алтангэрэл судрыг бийрээр бичсэн юм гэнэ лээ” хэмээн Энхбат өгүүлээд миний удам угсааг ярьдагсан бол энэ л ярих байсан даа гээд гэрийн хоймор байх улаан авдраа заалаа. Тэр авдар нь үе дамжиж ирсэн эд бөгөөд анх улаан өнгөтэй байгаагүй, Улаан фашист буюу бурхангүйчүүдийн үзлийн үед улаан өнгөөр буджээ. Мөн эсэргүү гэгдэхээс айн авдраа гадаа тавиад үхрийн хөлдүү хүйдэс дээрээс нь овоолон нуудаг байж. Түүн дотор нь эртний олон төвөд ном байсныг сүүлд хүн гуйхаар нь өгчихсөн гэнэ. Би хэлийг нь мэдэх биш түүгээр яахуу, хэмээн Энхбат хайнга хэлээд, “Одоо эндээ өөрийн цуглуулсан номуудаа хийгээд бага хүүдээ өгнө дөө. Үүнээс өөр үе дамжиж ирсэн эд гэвэл хүрд, войпер байна даа. Амьдарч байгаа энэ гэрийг намайг гурван настайд барьсан, надаас гурав дүү юм гэнэ лээ. Бараг сольсон зүйл байхгүй дээ. Бусад авдар тавилга нь 1960-д оны үеийнх. Аавынхаа галыг ямар ч байсан унтраагаагүй л явж байна даа” гэж тэр удам угсааныхаа тухай хуучилсан юм.

ШИЙТЭРИЙН ЭНХБАТЫН ТУХАЙД

Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн. 1977 онд Өндөрхааны нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөөд ХААИС-н инженер, механик ангид суралцан, 1982 онд төгссөн. Төгсөөд Жаргалтхаан суманд 1987 он хүртэл мэргэжлээрээ ажиллаж байгаад нэгдэл тарснаар мал аж ахуй эрхлэх болжээ. Тэрбээр мянган толгой мал тоолуулж байсан. Энхбат хоёр охин, хоёр хүүтэй. Том хүү нь ОХУ-ын Театрын урлагийн их сургуулийн найруулагчийн ангийг дүүргэн, эх орондоо саяхан ирсэн бол бага хүү нь Солонгост анагаахын чиглэлээр сурдаг. Харин охид нь Монголдоо сурсан бөгөөд Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг байна.

Энхбат Баянмөнх сумын нэгдүгээр багийн нутагт малаа маллан ганцаар амьдраад нэлээд хэдэн жил болж буй. Тэрбээр “Хэдэн малаа зараад хот газар хүүхдүүдээ бараадъя гэж бодож байсан ч чаддаггүй юмаа, энэ амьдрал минь л сайхан гээд, “Манай аавын хэлдэг үг бий: Миний хөө, там там гэж байхгүй шүү, тамтаггүй явбал там гэдэг чинь тэр ээ.” Хожмоо ном шагайж яваад энэ үгийг хэн хэлснийг олсон. Догшин хутагтын хэлсэн үг юм билээ. Дөрвөн шадаараа бол Нанчид нанчид гэвч нарийн хар архи, нарийвчлан харвал найман тамын нэг, там там гэж хаанаас байхуу тамтаггүй явбал там гэдэг чинь тэр гэжээ. Мөн “Баян болоод явбал бардам зангаа даралтай, барлаг болоод явбал гуниг сэтгэлд дайралтай, тойн болоод явбал сахил санваараа саналтай, тун ганцаараа явбал чин зоригийг барь” гэж байдаг. Үүгээр намайг хэлж, ганцаараа ингэж явахыг харсан юм болов уу даа. Чин зоригийг барь гэдэг нь бясалгал юм шигээ.

Би харин хөвгүүддээ захидал бичихдээ: Монголын хээр талд уяхан замбуу тивийн нар мандан мандсаар, өвгөн шувуу хоёр ярилцсаар л байна даа гэж бичдэг. Гүн ухааны үг байгаа юмаа, Өвгөн шувуу гэж айзам уртын дуунд:

Зориж ирсэн нууртаан зусаад

Зоргоороо амархан цэнгэн жаргаад

Зүйтэй дулаан намрынхаа сард

Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ? гэдэг дээ. Хүүдээ би энэ гүн ухааныг хэлдэг ухаантай л юм даа."

НОМ ХИЙГЭЭД УХААРАХУЙ

Мал маллахын зэрэгцээ түүний сонирхдог нэгэн чухал зүйл бол ном юм. Гэрийн баруун хоймрын авдар дээр өрсөн номын ихэнх нь Агнистын гэгээ цувралууд байх бөгөөд дээр нь хадаг тавин нандигнажээ. Агнистийн гэгээ бол эрт, эдүгээ үеийн гэгээрсэн мэргэдийн сургаал тайлал, ухаарал, бясалгалын цуврал бүтээлүүд билээ. Тэрбээр “Энэ цувралын 20, 21-ээс бусад боть нь надад байгаа. Номын дэлгүүрийн хүн авч явуулна гэсэн тул хараад л байж байна, бас өөр гүн ухаан, мал аж ахуйн чиглэлийн номууд байгаа. Та нар сонирхоорой” гэлээ.

Энхбат буддын гүн ухаан, бясалгалын номууд судлан уншдаг бөгөөд сэтгэлийн тухай, хүн байхын тухай хүүрнэсэн юм. Мөн түүний уран цэцэн үгээр шүлэглэн ярих нь сонсууштай. Харин саяын хэлсэн мөрөө дахиад хэлээч гэхэд хэлж мэдэхгүй нь урсаад өнгөрсөн хэмээн хэнэггүй өгүүлнэ. Эгэл боргил амьдралтай энгүүн түүний учирласан үгэнд:

“Хүн гэдэг бол боломж, доошоо ч орж болно дээшээ ч гарч болно. Хүн бол тэр аяараа эрчим хүчний эх үүсвэр түүнийгээ таньж дотоод хүчээ ашиглах нь чухал юм. Хүн биеийнхээ долоон булчирхай буюу долоон хүрдээ зөв удирдаж сурах хэрэгтэй. Дээхэн үеийн Монголын том хутагтууд долоон хүрдээ маш зөв удирддаг байжээ. Хүн гурван зүйлд хүлэгддэг бие, сэтгэл, зүрх. Эдгээрийн хүлгийг тавьж чадвал оюун ухааны дээд түвшин буюу бидний хэлдгээр бурхан болох биз.

Зовлонгийн үндэс бол сэтгэл гэж хутагтууд хэлсэн байдаг. Гэтэл Маркс Ленингийн сургаалд хөрөнгө өмчийг авч үздэг, өмчийг тэгш хувиарлавал хүн гачигдал зовлонгүй сайхан амьдрах юм гэж. Энэ сургаалын замаар бид 70 жил явсан ч арай л биш санагддаг юм. Би их сургуульд байхдаа Ленины 35 боть бор номыг уншиж шалгалт өгч байлаа. Тэр шалгалтыг л өгөхгүй бол мэдээж цаашаа суралцах боломжгүй байсан хэрэг.

Гэтэл сэтгэл гэдэг бодлын урсгал аж. “Сэтгэл бол барайж торойх бараагүй, бариад авах биегүй, энэ гэх зүйлгүй элдэв төрлийн дүрсгүй боловч өвдөж шаналдаг чухам юу вэ?” гэдгийг буддын гүн ухаан судалсан байна. Гаутама будда буюу Сидхарта сэтгэлд л учир буй гэснийг Сократ, Фифагор ч мөн адил олж харсан байдаг. Толстой ч мөн эгэлгүй хүн байж түүний сэтгэхүйг би биширдэг юм. Сэтгэл гэгч нь золбин нохой шиг тэнүүчлээд явчихдаг, галзуу сармагчин шиг үсчээд явчихдаг, ороо морь шиг хулжаад явчихдаг гэхээр бас биетэй ч юм шиг мөртлөө бариад авахаар барьц байхгүй тиймээс мөн чанар нь хоосон чанар буюу зургаа дахь мэдрэхүй юм. Үүнийг бясалгалын аргаар судалж болдог байх нь.

Би аравдугаар анги төгсөхдөө философи түүхийн ангид орохоор сонирхож байсан ч тэр жил миний хүссэн анги ирээгүй. Гэвч өөрийн сонирхдог зүйлээ хүн орхиж чаддаггүй бололтой ингээд л хэдэн номоо судлаад уншаад л явж байна даа. Манай хүүхдүүд аав минь ээ ядаж долоо хоногтоо суманд очоод хүмүүст уншсан ном ухаарсан зүйлээ, яриач хэлж өгөөч гэдэг. Би үгүй л гэдэг, ямар пастор биш, жинхэнэ хүнд нөлөөлье гэвэл өөрөө гэгээрч байж л хүрэх биз. Хүн эрчим хүчнийхээ доод түвшинд амьдарч байна, ерөнхийдөө адгууслаг гэсэн үг. Ядаж дөрөв дэх үе буюу зүрхэн хүрдэндээ хүрэх хэрэгтэй. Энэ нь оюунлаг болох нэг шат юм. Бид долгионы маш бага урсгалд амьдарч байна. Хутагт хувилгаад бол долгионы маш өндөр давтамжтай байсан биз. Тухайлбал Эйнштэйн маш өндөр IQ тай хүн байсан, тэгэхээр маш өндөр долгионы давтамжтай байсан гэсэн үг.

Үүнд хүрэхийн тулд бясалгах хэрэгтэй. Бясалгалын 112 арга байна. Тэрний нэг нь бурхан багшийн гэгээрэлд хүрсэн арга буюу випашима бясалгал юм. Би энэ аргаар бясалган суудаг. Даанч малчин хүн болохоор цаг зав хомс олдох юм. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол хүнд гэмгүй хорхойд хоргүй, хүнд сайн юм хийж чаддаггүй юмаа гэхэд муу юм бүү хий гэж л амьдарч байна даа.

Материаллаг өглөгөөс илүүтэйгээр хүнд өгч болох сайхан зүйлс бий, хүнийг хараад сайхан инээчих сэтгэл нь цэлмэг, сайхан үг хэлчих чих нь баясаг ийм энгийнээр бусдадаа өглөг өгч болно шүү дээ” хэмээн тэрээр өгүүлсэн юм.

Сэтгэлийн огторгуй нь цэлмэсэн хүн ертөнцийн эд баялаг, тансаг сайхны дунд амьдравч тачаал шуналд баглагдахгүй. Ядуу зүдүү, бохир буртаг дунд оровч уур бухимдалд автахгүй. Агшин бүрийн мөнх бусыг сэрж мэдэрч, ухамсар сэхээлэг амьдардаг, хэмээн бурхны сургаалд өгүүлсэн байдаг. Тэрээр үүнийг л бидрэн танин олсон эгэл амьдралт ноён угсааны малчин хүн юм. Монголын өвөг дээдсийн суу ухаан өнөө цагт ч өртөөлсөөр байна.

Д. БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж