“Ард нийтийн санал асуулгыг энэ сард явуулж амжихгүй байх”

Хуучирсан мэдээ: 2015.11.16-нд нийтлэгдсэн

“Ард нийтийн санал асуулгыг энэ сард явуулж амжихгүй байх”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордны “А” танхимд хуралдлаа. Хуралдааны дараа Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ.


АН бүлгийн хурлаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч Эрүүл мэнд, спортын сайдыг томилоогүй, Төрийн нарийн бичгийн дарга нь байцаагдаж байгаа учраас энэ хуулийн төслийг хойшлуулжээ.

Бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийсэн байна. Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон гишүүн санал асуулга тавьжээ.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүд санал асуулт тавьсан байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 11 дүгээр сарын 26-нд санал асуулга авч амжих эсэх асуудалд гишүүд байр сууриа илэрхийлжээ.        

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцээд нэгдмэл байр, суурьт хүрээгүй байна. Уг асуудалд тус бүлгийн гишүүд өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр шийджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Зөвхөн АН бүлгээрээ саналаа хайрцаглаад хүч түрээд асуудлыг шийдэхгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх намууд зөвшилцөнө. Парламентад суудалгүй намууд уг асуудлаар оролцох ёстой. Мөн нийт ард түмнээр хэлэлцүүлж санал авах зорилготой байгаа. Түүнээс биш ганцхан АН хүч түрээд уг асуудлыг хэлэлцэхгүй. Сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгох уу эсвэл намаас томилох уу гэдэг асуудлаар гишүүдийн дунд маргаан өрнөсөн. Зарим гишүүд суманд улстөржилтийг зогсооё. Илүү аж, ахуйн ажил руу нь чиглүүлье гэж байгаа. Мөн улс төрийн нам сумын Засаг даргаа томилдог байх хэрэгтэй гэх саналыг ч зарим гишүүд хэлсэн” гэлээ.

Мөн учир битүүлгээр амиа алдсан Хөвсгөлийн ирвэс хамгаалагчийн хэргийн талаар АН-ын бүлгээр хэлэлцсэн байна. Талийгаач н.Лхагвасүмбэрэлийн асуудалд анхаарал хандуулж, хэргийн цаад учрыг олох ёстой гэж тус бүлгийн гишүүд үзжээ. Учир нь талийгаачийн эцэг хүүг нь барьцаанд байлгаж, сүрдүүлж байсан талаар  ярьжээ. 

С.Зориг агсны гэргий Д.Булганы талаар өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг С.Одонтуяа гишүүнээс асуухад "Энэ талаар гишүүд асуулт асуусан. Гэхдээ бидэнд мэдээлэл ирээгүй байна" гэлээ. 


Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хариулт өглөө.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ирэх оны төсвийг баталсан. Сангийн сайд Б.Болор хэлэхдээ 2016 оны төсвийг батлах явцад алдагдал нэмэгдсэн. Иймээс ирэх жил бонд гаргахаас өөр аргагүй гэж хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Энэ асуудлыг АН хэлэлцсэн үү? Ямар дүгнэлт гаргасан бэ?

-2016 оны төсөв албан ёсоор батлагдсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан, Төсвийн ажлын хэсгийн дарга Д.Ганхуяг, Сангийн сайд Б.Болор нар мэдээлэл өгсөн байна. Төсөвт тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Энэ алдагдлыг нөхөхийн тулд бонд гаргана гэж мэдээлэл өгсөн байна. Гэхдээ бидэнд одоо бол Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааны хэлсэний дагуу алдагдалгүй батлах боломж байсан боловч УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт жижиг сажиг асуудлыг нэмсээр байгаад ийм асуудал үүссэн гэж мэдэгдсэн байна. Ийм л мэдээлэл надад байна. Үндсэндээ Засгийн газраас оруулж ирсэн төсөв өөр болсон гэдэг нь үнэн.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах цаг хугацааг тогтоолын төсөл дэх хувилбарыг дэмжлээ гэсэн үг үү? Санал асуулгыг энэ сарын 26-ны өдрөөс өмнө амжих болов уу?

-Энэ долоо хоногт УИХ-ын Байнгын хороодын хэлэлцэх асуудалд ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төсөл орсон байгаа. Маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ асуудал хэлэлцэгдэнэ. Тэр үеэр гишүүд тодорхой байр сууриа илэрхийлэх байх. Үүний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг шийднэ. 

-Хугацааг юу гэж үзсэн бэ?

-Хугацааны хувьд бол одоогоор тодорхой яриагүй байна. Яагаад гэвэл арваннэгдүгээр сарын 26-нд амжихгүй болж байх шиг байна. Тиймээс энэ асуудлыг эргэж сайтар ярих ёстой гэсэн шийдэлд хүрсэн.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ямар хүрээнд асуудлыг илүү авч үзэх боломж байна гэсэн үг вэ?  

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүд нэгдмэл байр суурьт хүрээгүй байгаа. Тиймээс энэ асуудал нэгдсэн нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй байна гэдгийг албан ёсоор хэлье. Хамгийн маргаантай байгаа асуудал бол гишүүдийн тоог нэмэх, анхан шатны нэгж дээр Засаг дарга томилох эсэх асуудал дээр маргаантай байна. Ерөнхийлөгчийг сонгох асуудал дээр мөн зарчмын зөрүүтэй байр суурийг барьж байна. Бусад асуудалд ойролцоо саналтай байгаа нь харагдаж байгаа. Тиймээс тодорхой шийдвэр гаргаагүй.  

-Сонгуулийн хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнтэй холбоотой дүгнэлт гарсан уу?

-Сонгуулийн хуультай холбоотой асуудлаар бүлэг өнөөдөр яриагүй. Өнгөрсөн долоо хоногт ”Шударга ёс” эвсэл хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байсан. Одоогоор дөрвөн төсөл чуулганд орж ирж байгаа. Тиймээс тухайн Байнгын хороодоор хэлэлцээд явахад ажлын хэсэг байгуулагдана гэж бодож байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж