БНАСАУ шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийтийн тээврээр амны хаалтгүй зорчихыг хориглосон шийдвэр гаргасан талаар тус улсын хэвлэлд мэдээлсэн байна.
Хэдийгээр БНАСАУ-д “Covid-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар авсан байж болзошгүй олон мянган хүнийг эмнэлгийн хяналтад оруулан, хилээ хааж, хөл хорио тогтоох зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй аж. Хойд Солонгосын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд ард иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтаа зүүж, галт тэрэг, автобус, таксинд суухын өмнө гараа ариутгахыг үүрэг болгосон талаар мэдээлжээ. Мөн хол замд зорчихоор нийтийн тээврийн хэрэгсэлд сууж буй иргэдийн халууныг шалган, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд суухыг хориглож буй юм байна.
БНАСАУ нь халдварын голомт болох Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг тул халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогдож буй. Хэдийгээр БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдвар бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдээлж байгаа ч халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй юм байна.
Эх сурвалж: YONHAP
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ