УИХ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдөр буюу хуулийн хугацаандаа багтан, ирэх оны төсвийг баталлаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас энэ төсөвт боломжтой бүх таналтыг хийх буюу реформ хийнэ гэж Сангийн сайд мэдэгдэн, төсвийн төслөө өргөн барьж байсан ч бүх зүйл эсрэгээрээ эргэж, Засгийн газраас оруулж ирсэн төсвийн бүх төрлийн таналтыг хэвээр үлдээв.
Түүгээр ч зогсохгүй “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг баталж, төмөр зам барих ажилд арван мянган цэрэг татан оролцуулахаар болсон төдийгүй уг ажилд 24 тэрбумыг зарцуулахаар болсон нь багагүй шүүмжлэл дагуулаад буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа.
-Эдийн засаг хүндрэлтэй, хасч танах талаар ярьж байгаа ч цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулахад 24 тэрбумыг тусгачихлаа. Тэгэхээр цэргүүдээр төмөр зам бариулах, бас энэ их хэмжээний төсвийг зарцуулах нь хэр оновчтой юм бэ. Та Батлан хамгаалах салбарыг удирдаж байсан хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?
-УИХ намрын чуулганаараа батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн томоохон бодлогын бичиг баримтыг баталсан. Энэ бичиг баримтыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалтай холбоотойгоор баталдаг. Энэ нь Монгол Улсын батлан хамгаалах, гадаад бодлогын тулгуур бичиг баримт гэсэн үг. Энэ хүрээнд зэвсэгт хүчний үүрэг роль, эрх зүйн орчныг хэрхэн хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг баталдаг.
Монгол Улс бол өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна. Зэвсэгт хүчин нь мэргэжлийн, цомхон, улс орноо батлан хамгаалах үндсэн чиг үүрэгтэй байхаар бодлогын бичиг баримтад орсон байгаа. Таны асуултад хариулахад, зэвсэгт хүчин улс төрөөс ангид байх ёстой, Монгол Улсад улс төрөөс ангид, хамгийн тогтвортой байгаа салбар нь батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчин. Гэтэл улс төрчид энэ салбарыг улс төржүүлэх, улс төрийн намуудынхаа эрх ашигт нийцүүлэх үүднээс бодлогогүй ярьж эхэлж байна, Би үүнд УИХ-ын гишүүн Х.Баттулгын 50 мянган хүнийг цэрэгт татах асуудлаас гадна арван мянган цэргээр төмөр зам бариулах гэх мэтийг дурдъя.
Гэхдээ ийм зүйл байж болохгүй. Бодлогод тусгасны дагуу Монгол Улс зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, зэвсэглэл техникээ сайжруулах, дайчилгааны нөөцийг улс орны өмнө тулгамдаж байгаа зорилтод тулгуурлан ханган биелүүлэх хэмжээнд нөөцөө бүрдүүлэх үндсэн үүрэгтэй.
-Засгийн газар зэвсэгт хучнийхээ хоол, хувцасны зардлыг танасан атлаа бүтээн байгуулалтын ажилд их хэмжээний хөрөнгө зарцуулна гээд байгааг шүүмжлэх хүн олон байна л даа?
-Сүүлийн хоёр жил дараалан зэвсэгт хүчний хоол, хувцасны хангалтыг төсвөөс санхүүжүүлсэнгүй. Энэ бол хуулийн томоохон зөрчил. Зэвсэгт хүчин өнөөдрийн байдлаар олсон орлогоороо өөрийнхөө хоол, хувцсыг хангаж байгаа. Энэ бол байж боломгүй асуудал. Нөгөө талаар Монгол Улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож байгааг монгол түмэн мэднэ. Тэд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байна.
Цаашид ч Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд, ялангуяа барилгын инженерийн томоохон анги, салбарыг оруулах үүргийг НҮБ-ын өмнө хүлээсэн, Тэр хүрээнд, тэр бодлогын дагуу Монгол Улсым зэвсэгт хүчин дотор барилга, инженерийн ангиудыг өргөтгөн, зохион байгуулах, олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцох, нөөц чадавхийг бүрдүүлэх шаардлага байгаа. Энэ том бодлогын ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Жишээлбэл, бид Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймагт барилгын инжөнөрийн ангийг байгуулсан.
Цаашид энэ ангиудыг өргөтгөн, зохион байгуулах, ирэх онд Монгол Улсаас олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх барилгын инженерийн ангиудыг бэлтгэх шаардлага тулгарч буй, УИХ-аас баталсан төсөв бол урсгал зардал, Энэ бол АН-ынхны яриад байгаа шиг арван мянган цэргийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх бололцоо биш, Хүрэхгүй, Тэгэхээр энэ бол улс төр хөөсөн, хийрхсэн тоо төдий, Дээрээс нь Женко Баттулга ирэх нэгдүгээр сараас цэрэг татлага зохион байгуулдаг ч юм биш. Зэвсэгт хүчин хуулиараа тав, аравдугаар сардаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгтхүчний ерөнхий командлагчийн баталснаар цэргээ татах, халах ажиллагаа үргэлжилж, дайчилгааны нөөцөө бүрдүүлдэг.
Үүнтэй холбоотойгоор бусад хангалтаа ч бүрдүүлнэ, Тийм болохоор эрээ цээргүй, сонгуулийн өмнөх улс төрдөө зэвсэгт хүчнийг оролцуулахгүй байхыг шаардаж байна. Зэвсэгт хүчин улс төрөөс ангид байж, улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх чадавхтай байх, нөгөө талаас дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн олон улсад гүйцэтгэх үүргээ биелүүлэхийн тулд барилга, инженерийн ангиудаа л бэлтгэх шаардлагатай байна.
-Гэхдээ зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан тохиолдол байдаг биз дээ.
-Шаардлагатай нөхцөлд зэвсэгт хүчинд бүтээн байгуулалтын ажлыг хариуцуулж болно. Нэг жишээ татахад, байгаль, цаг уурын хувьд алслагдсан газар буюу Асгатын мөнгөний ордод зэвсэгт хүчин дэд бүтцийн ажлыг нь хариуцах үүрэг хүлээж байсан. Учир нь, энэ орд нэгдүгээрт цэрэг стратегийн зориулалттай, цэргийн байгууллагаар гүйцэтгүүлэх ёстой, боломжтой ч ажил байсан. Түүнээс цэрэг ус татаж, байшин барьж, зам тавьдаг юм биш.
Зөвхөн улс орноо батлан хамгаалах шаардлагатай ажлуудад зэвсэгт хүчнийг оролцуулах бололцоотой байдаг Түүнээс хэн нэгэн улс төрийн гаргасан, сонгуульд зориулсан төсөл хөтөлбөр, хоосон амлалтад зэвсэгт хүчнийг оролцуулдаггүй юм. Дахиад улс төржүүлж хэрхэвч болохгүй. Зэвсэгт хүчнийг хэт улстөржүүлэх нь энэ салбарыг хөгжүүлэх үндсэн бодлогод саад болно. Зэвсэгт хүчин бол шинэ сум юмуу аж үйлдвэрийн парк хийдэг төсөл биш. Зөвхөн улс орноо батлан хамгаалах шаардлагатай ажилд л зэвсэгт хүчин оролцох үүрэгтэй.
-Энхийг дэмжих ажиллагаанд оролцсон албан хаагчдын мөнгийг өгөөгүй асуудал байгаа юм билээ. Энэ мөнгииг төсөвт тусгасан юм болов уу?
-Энхийг дэмжих ажиллагааны мөнгийг төсөвт тусгадаггүй. Харин Зэвсэгт хүчний санд орлогоо бүрдүүлдэг, Ингээд олон улсад үүрэг гүйцэтгэсэн залуустаа олгодог мөнгө, Алба хаагчдад мөнгийг нь олгоогүй талаар сонссон, НҮБ гэдэг маань олон улсын санхүүжилттэй байгууллага шүү дээ, Тиймээс олон улсын санхүүжилттэй холбоотойгоор Монгол Улсад шилжүүлэх төлбөрийн асуудал нь саатаж байгаа юм билээ. Гэхдээ ойрын хугацаанд энэ асуудлыг нэг тийш болгох байх. Үүнээс гадна зэвсэгт хүчинд учирч байгаа гол бэрхшээл нь хоол, хувцасны зардлыг танасан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм билээ.
-Засгийн газраас зэвсэгт хүчнийхээ хоол, хувцасны зардлыг таначихаар тэд хаанаас зардлаа бүрдүүлж байна гэсэн үг вэ?
-НҮБ-ын мандаттайгаар олон улсын ажиллагаанд оролцсоныхоо төлбөрөөс энэ бүхнээ зохицуулж байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдлаа алдагдуулж байгаагийн ноцтой илрэл. Үүнийг залруулах ёстой. Монголын төр өмнө нь ийм байдалд орж үзээгүй.
-Цэргүүдийг бүтээн байгуулалтын ажиллагаанд оролцуулж байгаа нь үндэснийхээ ажиллах хүчийг дэмжсэн бодлого гэх тайлбарыг АН-ын зүгээс хийж байгаа шүү дээ?
-Цэрэг хүний үндсэн үүрэг бол эх орноо батлан хамгаалахад бэлэн байх. Тэгээд ч төмөр зам барих нь одоохондоо хаана, ямар зам тавих нь тодорхойгүй. ТЭЗҮ нь гараагүй, ямар техникээр гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа шүү дээ.
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН