Монголын бизнесийн зөвлөлийн сар бүрийн хурлыг цахим хэлбэрээр өнөөдөр /2020.03.19/зохион байгууллаа. Энэ удаагийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус холбооны гүйцэтгэх захирал О.Амар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МБЗ-ийн УЗ- ийн дарга Б.Бямбасайхан нар оролцов.
Энэ үеэр Засгийн газраас ажлын байрны тогтвортой байдлыг хангахад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцолсон. Дэлхийн улс орнууд коронавирусийн халдвартай холбоотой эдийн засагт гарч болох хүндрэл бэрхшээл, цаг үеийн нөхцөл байдалд тухай бүрт арга хэмжээ авч байгааг сануулсан юм. Олон улсад цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан билээ. Нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоосон онцгой дэглэмийн үед зээлдэгчдийн 67 хувь нь арилжааны банк болон банк бус санхүүгийн бус байгууллагуудаас авсан хэрэглээний зээлээ төлж чадахгүйд хүрсэн гэх судалгаа гарчээ. Үлдсэн хувь нь түрээслэгчид түрээсийн төлбөрөө төлөхөд хүндрэл үүссэн байна. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвар 25 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өмнө макро эдийн засгийн төлөвийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулснаар сүүлийн хоёр сарын статистик үзүүлэлтээр импорт 30 хувь, экспорт 10 хувийн алдагдалтай гарчээ. Мөн гадаад худалдаанд олон хүндрэл бэрхшээл гарч эхэлсэн байна.
КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРТАЙ ТЭМЦЭХЭД МАНАЙ ЭДИЙН ЗАСГИЙН СУУРЬ САЙН БАЙНА
Монголбанкны Ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН:
-Хөл хорио тогтоох хугацаанд гадаад худалдаанд хүндрэлүүд гарч эхэлж байна. Нэгдүгээр сараас хойш хилээ хаалаа. Нүүрсний худалдаа бүрэн зогссон. Зэс, төмрийн хүдрийг галт тэргээр тээвэрлэдэг учраас экспорт үргэлжилж байна. Харин нүүрсээ бид авто замаар тээвэрлэдэг. Нийт экспорт энэ оны эхний хоёр сард 30 хувиар буурлаа. Нүүрсний тээвэр одоо ч 0 зогсолттой байна. Гэхдээ “КОВИД 19”-тэй тэмцэхэд эдийн засгийн суурь сайн байна гэж Монгол банкны зүгээс харж байна. Учир нь сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байсан. Коронавирусийн халдвар тархахаас өмнө макро эдийн засгийн төлөвийг танилцуулахад сүүлийн гурван жилд манай эдийн засгийн өсөлт тогтвортой, 2019 оны эцсийн байдлаар 5.3 хувьд хүрч, 2016 оны хүнд үеэ давсан юм. Мөн инфляц 6.1 хувь буюу бидний зорьдог найман хувийн зорилтттой нийцэж байна. Дунд хугацаанд инфляцыг найман хувьд барихаар төлөвлөж байна. Гадаад валютын албан нөөц дөрөв дахин өсч, 4.3 тэрбум ам.долларт хүрсэн.
Гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл мөн ашигтай гарсан. Улсын төсөв 600 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий нэг хувьд ч хүрэхгүй байв. Энэ бол 2019 оны эцсийн байдлаарх дүн мэдээ. Харин сүүлийн хоёр сарын статистик мэдээгээр импорт 30 хувь, экспорт 10 хувь буурсан үзүүлэлттэй байна гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ