"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

"Чингис хаан музей төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно"

Чингис хаан музей байгуулах тухай Засгийн газрын шийдвэр гарч, Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, газар дээр нь уг музейн барилгыг барихаар болсноос хойш тодорхой хугацаа өнгөрөөд байна. 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тус музейн бүтээн байгуулалтын талаар Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяртай ярилцлаа.


-Чингис хаан музей, Чингис хааны өв соёлын хүрээлэн хоорондоо ямар хамааралтай, үйл ажиллагаа нь хэрхэн уялддаг байгууллагууд вэ?

-Чингис хааны өв соёлын хүрээлэнг 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр байгуулсан. Чингис хааны улс Монголынхоо болоод дэлхийн түүхэнд оруулсан гавьяа зүтгэл, XIII зууны түүх, өв соёлыг дагнан судлах судалгаа шинжилгээ, сурталчлан түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага. Чингис хаан музей байгуулах тухай Засгийн газрын тогтоол 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гарсан. Музейн ашиглалтын өмнөх үйл ажиллагааг Чингис хааны өв соёлын хүрээлэн хариуцан ажиллаж байгаа юм.

-Чингис хаан музей ямар үзмэр, эд өлгийн дурсгалаас бүрдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Чингис хаан музейн үзмэр дэглэлт таван эх үүсвэрээс бүрдэх юм. Нэгд, одоо үйл ажиллагаа явуулж буй улсын музейнүүдийн сан хөмрөгүүдэд хадгалагдаж байгаа  XIII зууны үеийн түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлүүдийг төвлөрүүлнэ. Хоёрт, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын сан хөмрөгт хадгалагдаж буй археологийн дурсгал, эд өлгийн зүйлсийг музейн үзмэрт татна. Гуравт, Монголын түүхтэй холбоотой үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж буй гадаадын 30 гаруй улс орноос Засгийн газар хоорондын хэлэлцээрээр үзмэр шилжүүлэн авах, хуулбарлах ажлууд хийгдэнэ. Дөрөвт, түүх, судалгаанд тулгуурлан шинээр бүтээнэ. Тавд, хувь цуглуулагчидтай хамтран ажиллах чиглэлээр Чингис хаан музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлнэ. Мөн зорилтот малтлага судалгааны ажлуудыг бусад хүрээлэнтэй хамтарч хийж, сан хөмрөгөө баяжуулна.

-Одоогийн байдлаар хэчнээн улстай үзмэр шилжүүлэн авах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эхлүүлээд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт чиглэл хүргүүлсэн. Хилийн чанад дахь Монголын түүх соёлын дурсгалт зүйлүүдийг эх орондоо эргүүлэн авчрах, хуулбарлах ажлыг Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар хариуцан ажиллаж байгаа. Дээрх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар нийт 28 улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газраас мэдээлэл ирүүлээд байна.

Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Санкт-Петербург хот дахь Эрмитаж музейгээс Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг Монгол Улсад бэлэглэсэн. Энэхүү дурсгал Алтанбулагийн боомтод ирээд байгаа.

Мөн Япон улсын Нара хотын Тадаши сүмд хадгалагдаж буй Хубилай хааны зарлигийн бичээсийг хувилж авах эрхийг аваад байна. Энэ мэтчилэн Чингис хааны үеийн эд өлгийн дурсгалт зүйлсийг эх орондоо татан авчрах ажил шат дараатай үргэлжилж байна.

-Чингис хааны музей зөвхөн Чингис хааны түүхтэй холбоотой үзмэрээс бүрдэх үү гэх шүүмжлэл сонстдог?

-Чингис хаан музейн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баталсан. Энэхүү үзэл баримтлалд Монголын төрт ёсны уламжлалыг харуулахаар тусгасан байгаа. Хүннү гүрнээс эхлээд Монголын эзэнт гүрэн, цаашлаад XX зууны эхэн үеийг хүртэлх хаад язгууртнуудын түүх, өв соёлыг дэлгэн үзүүлнэ.

-Чингис хаан музейн барилгын ажлын тендер шалгаруулалт эхэлсэн үү. Барилгын ажлыг гүйцэтгэх компанийг хэзээ шалгаруулах вэ?

-Чингис хаан музей байгуулах шийдвэр гарснаас хойш бүтээн байгуулалтын олон үе шат бүхий бэлтгэл ажлууд үргэлжилж байна. Нэгдүгээрт, БСШУСЯ-ны  сайд, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Ажлын даалгаврын дагуу зураг төсөл боловсруулагдсан.

Барилгын ажлын тендерийг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас зарласан. Гүйцэтгэгч компани хараахан шалгараагүй байна.

-Музейг 2021 оны Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулна гэж сонссон. Барилга угсралтын ажил хэзээнээс эхлүүлэх вэ?

-Энэ сарын сүүлээр барилгын шавыг тавьж, барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. 2021 оны долдугаар сард музейгээ нээхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор БСШУСЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгүүд, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, манай хүрээлэн хамтран үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө гаргах чиглэлээр ажиллаж байна.

-Барилгын шавыг гуравдугаар сард тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлсэн ч төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орж амжихгүй байх вий гэх болгоомжлол байгаа. Хугацаандаа ашиглалтад орж чадах уу?

-Засгийн газраас Чингис хаан музейн барилгын асуудалд анхаарч ажиллаж байгаа. Нийт 53 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ оны Улсын төсөвт 48 тэрбум төгрөг суулгаж, баталсан. Нийт төсөвт өртгийн 90 гаруй хувийг Улсын төсөвт суулгасан тул музей товлосон хугацаандаа ашиглалтад орно гэж бодож байна.

-Монголын Архитекторуудын Эвлэлээс зөвхөн Чингис хаан музей бус цогцолбор байгуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь хэрэгжих боломжтой санал мөн үү?

-2017 оны тавдугаар сард батлагдсан Хөгжлийн зам үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний парк төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хэнтий аймаг бол Чингис хааны төрсөн нутаг төдийгүй Монголын Нууц товчоонд тэмдэглэгдэн үлдсэн олон түүхт үйл явдал өрнөсөн газар. Дээрх төслийн хүрээнд Хэнтий аймагт 2018-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолбор баригдаж байгаа.

Гэхдээ Чингис хаан музей ч гэсэн цаашид аялал жуулчлалын болон түүхэн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үйл ажиллагааны томоохон хэсэг нь чиглэх юм.

-Музейн барилгыг есөн давхар байхаар төлөвлөжээ. Давхар бүрт үзүүлэнгийн танхимтай байх уу?

Музей бол зөвхөн түүхэн эд өлгийн зүйлс, үнэт дурсгалыг хадгалдаг газар биш. Орчин үед соён гэгээрүүлэх чиг үүрэгтэй сургалтын байгууллага болж хувирч байна. Дэлхийн шилдэг музейн жишгийг харахад барилгын талбайн 20 хүртэлх хувийг үзмэрийн талбай эзэлсэн байдаг. Чингис хаан музей нь нийт 20.500 ам метр талбай бүхий 15 үзмэрийн танхимтай, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий есөн давхар барилга байна. Үүний 40 орчим хувийг үзмэрийн талбай эзлэх юм.

-Хотын төвд автомашины зогсоол хүндрэлтэй асуудлын нэг. Музейн авто зогсоолын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Чингис хаан музейн зураг төслийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор баталсан. Хуучин Байгалийн түүхийн музейн барилга нь галын орц гарц нь ганцхан байсан. Чингис хааны музейн хувьд талбай нь тусгаарлах замуудаар хүрээлэгдсэн байх бөгөөд аялагчдын автобус зогсох, шилжих зам маршрутыг гаргаж төлөвлөсөн. Мөн Бага тойруугийн дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд музейн эргэн тойрны орон зайн төлөвлөлт, зэргэлдээх барилгын бүтээн байгуулалттай уялдуулан зогсоолын асуудлыг шийдвэрлэхээр болсон.

-Үзмэрээр дамжуулан өв соёлоо хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр хэрхэн анхаарах вэ?

Ер нь музейн чиг хандлага их өөрчлөгдөж байна. Техник технологийн дэвшлийг ашигласан цахим, виртуал үзмэрүүдийг их ашиглаж байна. Чингис хаан музей 250 хүний суудал бүхий танхимтай байх юм. Тэнд үзмэр үйл ажиллагаатайгаа уялдуулсан соёл, танин мэдэхүйн олон талт арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Цаашлаад Чингис хаан судлалаар дагнасан номын сан бий болгож, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ явуулах таатай нөхцөлөөр хангагдах боломж бүрдүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж