Дэлхийн эрүүл мэндийн манаанд зогсч буй Тедрос Адханом

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Дэлхийн эрүүл мэндийн манаанд зогсч буй Тедрос Адханом

Дэлхийн эрүүл мэндийн манаанд зогсч буй Тедрос Адханом

Дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах хамгийн том институт бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ билээ. Шинэ төрлийн коронавирусаар үүсгэгдсэн “Covid-19” өвчин дэлхий даяар 218 мянган хүнд халдварлаж, 8000 гаруй хүний амь насыг авч одоод буй энэ цаг мөчид тус байгууллагад цар тахлыг хохирол багатай даван туулах маш хариуцлагатай, хүндхэн даалгавар ногдоод байна. “Ньюс агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг “Хүмүүс” булангаараа ДЭМБ-ын дарга Тедрос Адханомыг онцолж байна.


Этиоп улсын иргэн Тедрос Адханом нь 1965 онд Африкийн Сомалийн хойгт орших Эритрей улсын Асмара хотноо мэндэлжээ. Дархлаа судлаач, халдварт өвчин судлаач, анагаах ухааны докторын зэрэгтэй тэрбээр ХДХВ-ДОХ, халуун хумхаа буюу малари, сүрьеэ, SARS халдварын эсрэг тэмцэлд гар бие оролцож явсан туршлагатай нэгэн бөгөөд ДЭМБ-ын 69 жилийн түүхэн дэх анхны Африк гаралтай дарга гэдгээрээ олонд танигдсан байна.

  • 2005-2012 онд Этиоп Улсын Эрүүл мэндийн сайд
  • 2009-2010 онд НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга
  • 2007-2009 онд Хумхаа өвчнийг бууруулах түншлэлийн дарга
  • 2005-2009 онд Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийн түншлэлийг Хамтран даргалагч
  • 2012-2016 онд Гадаад хэргийн сайд, ДОХ, сүрьеэ ба хумхаа өвчинтэй тэмцэх Дэлхийн сангийн ТУЗ-ын дарга зэрэг албан тушаалыг хашиж байжээ.

1986 онд хорь гаруйхан настай Асмара хотын их сургуулийн Биологийн сургуулийн шинэхэн төгсөгч улсынхаа Эрүүл мэндийн яаманд шинжээчээр ажиллаж эхэлснээс хойш насаараа эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж, өдгөө салбарынхаа хамгийн дээд албан тушаалыг хашиж байна.

Таван хүүхдийн эцэг тэрбээр бага байхдаа гурван настай эрэгтэй дүүгээ улаан бурхан өвчний улмаас алдаж байсан нь түүнд хэзээ ч мартагдахааргүй сэтгэлийн шарх болсны дээр эмч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна. Тэрбээр Швед, Англи улсуудад мэргэжил, зэрэг дээшлүүлж байхдаа дэлхийд эрүүл мэндийн үйлчилгээ, систем, хүний эрх гэдэг зүйл ямар харьцангуй эрс тэс байдгийг ойлгож улам их хичээх ёстой, энэ тэгш бус байдлыг үгүй хийх хэрэгтэйг ойлгосон тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулсан, олон шинэлэг санаа, системийг нэвтрүүлсэн, тус салбарт бодитой шинэчлэл хийж чадсан нь олны сайшаалийг хүртэж байв. Түүний бүрэн эрхийн хугацаанд 40 мянган эмэгтэй эмч мэргэжилтэн мэргэжил ахиулах сургалт, сургуульд сурч, нярайн эндэгдэл үнэмлэхүй буурч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ харьцангуй сайжирч, гэр бүл төлөвлөлт, эрүүл мэндийн боловсрол сайжирснаар ургийн эндэгдэл үлэмж хэмжээгээр буурч,  малари, сүрьеэ, ДОХ-ын халдвар огцом буурсан байна.

Этиоп улсад 2005-2011 онд хүүхдийн эндэгдэл 30 хувиар, малари өвчний тархалт 50 хувиар буурчээ. Түүнчлэн түүнийг Эрүүл мэндийн сайдаар томилогдоход Этиоп улс ХДХВ-ийн халдвараар Африк тивд толгой цохиж байв. Харин түүнийг сайдаар ажиллаж байх хугацаанд ХДХВ-ийн халдвар 90 хувиар, ДОХ-ын халдварын улмаас нас барсан хүний тоо 53 хувь буурсан байна.  Одоо түүний өмнө маш том, хариуцлагатай, хүнд сорилт тулгараад байгаа нь гуравхан сарын дотор 218 мняган хүнд халдварлаж, 8,000 хүний амийг авч одсон шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн “Covid-19” өвчин юм. Гэхдээ энэ өвчнийг хохирол багатай даван туулж чадах эсэх нь зөвхөн ДЭМБ-ээс хамааралтай бус дэлхий дээр оршин буй улс, орон, хүн бүрийн оролцоо, хариуцлага билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж