ОБЕГ: Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ

ОБЕГ: Гэр шатаж бага насны хоёр хүүхэд амь насаа алджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.03.18/ гал түймрийн улмаас бага насны хүүхдүүд амь насаа алдсан харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус газарт ирүүлсэн хоногийн мэдээллийг хүргэж байна.


          ОРОН НУТАГТ  ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ТАВАН АЙЛЫН ГЭР ШАТАВ

  • Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы дөрөвдүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд гурван тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.03.18/ өдрийн 14:24 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид гал түймрийг унтраасан байна. Мөн өдрийн 14:28 цагт тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын хоёрдугаар гудамжинд иргэн М-ийн дөрвөн ханатай гэр шатаж, бага насны /дөрвөн настай эмэгтэй М, нэг нас есөн сартай эмэгтэй С нар /хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэдийгээр гал түймэр гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж ажилласан ч хүүхдүүд гал түймэрт өртөж амь насаа алдсан тул цогцсыг  аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн гуравдугаар гудамжинд иргэн О-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.03.18/ өдрийн  15:41 цагт иржээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн  алба хаагчид 15:44 цагт очиж найман минутад   унтраасан байна.
  • Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын гуравдугаар багийн “Хангай”-н 16 дугаар гудамжинд иргэн Т-ын дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж унтраажээ. Золоор хүний амь нас эрсдээгүй байна.
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Задгай”-д иргэн Э-ын 5 ханатай гэр, малын бууц шатаж  байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 16:53 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн алба хаагчид галыг 17:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан байна.
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Энхжин” хотхоны 101 дүгээр байранд иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлага өчигдөр  19:32 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон алба хаагч 19:39 цагт очиж, таван минутад унтраажээ.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Булаг”-ийн  гуравдугаар гудамжинд иргэн Ө-ын дөрвөн ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 22:23 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:27 цагт очиж 30 минут ажиллаж  унтраасан.

ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭР ОХУ-ААС ХИЛ ДАВЖ ОРЖ ИРЖЭЭ

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 3290 га талбай шатсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж