Итали: Нас баралт өндөр байгаагийн шалтгаан нь насжилт, тамхидалт

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Итали: Нас баралт өндөр байгаагийн шалтгаан нь насжилт, тамхидалт

Итали: Нас баралт өндөр байгаагийн шалтгаан нь насжилт, тамхидалт

Шинэ төрлийн коронавирус буюу “Covid-19” өвчин анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотод илэрснээс хойш ердөө гуравхан сарын дотор дэлхийн 173 орны 218 мянган хүнд халдварлаж, 8,900 орчим хүний амийг авч оджээ. Үүнээс 84 мянга орчим нь эдгэрсэн байна.

ДЭМБ-аас “цар тахал” хэмээн зарласан уг өвчин анх дэлгэрсэн Хятад улсад 80 мянга гаруй хүн халдвар авч, 3,200 орчим хүн нас баржээ. Хятад улс энэ өвчний дэгдэлтийг хязгаарлаж чадсан. Нас баралт ч харьцангуй бага байв. Дараа нь Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнуудад маш хурдацтай тархсан ч мөн л төд удалгүй хяналтандаа авч чадсан бөгөөд одоо байдал харьцангуй тогтворжсон. Гэтэл Европ тивд энэ өвчин харьцангуй сүүлд дэлгэрсэн ч тархалт болон нас баралт аль аль нь маш хурдацтай байгаа бөгөөд Европт бүртгэгдсэн халдварын тоо Азийг давжээ. Европ тивд коронавирус бүртгэгдээгүй улс орон үлдсэнгүй. Нөхцөл байдал хамгийн их хүндэрч байгаа нь Итали, араас нь Испани, Герман, Франц улсууд жагсч байна. Мөн АНУ-д ч маш богино хугацаанд халдвар бүх мужид нь тархлаа. Эдгээр улсууд 10 хүрэхгүй хоногийн дотор халдвар болон нас баралтын тоогоор Хятадын дараа хоёрдугаарт жагсч байсан Өмнөд Солонгосыг ардаа орхисон юм. “Covid-19” эрчимтэй тархаж буй өөр нэг улс бол Иран улс. Иран улсад өнөөдрийн байдлаар 17 мянга орчим хүн халдвар тээж, дэлхийд гуравдугаарт жагсч байна.

Одоогоор байдал хамгийн хүнд байгаа Итали улсын талаар авч үзье. Энэ улсад яагаад халдвар ийм хурдан тархаж, богино хугацаанд олон хүн нас бараад байна вэ. Дэлхийн дунджаар авч үзвэл коронавирусийн улмаас нас барагсдын эзлэх хувь 3,5 байхад Италид 5 хувь байгаа юм. Гэтэл Өмнөд Солонгост нас баралтын хувь 0,6 байгаа.

Нас баралтад хамгийн чухал нөлөө үзүүлж буй шалтгаан бол насжилт. Энэ улс насжилтаараа дэлхийд хоёрдугаарт, Европ тивд нэгдүгээрт жагсдаг. Нийт халдвар авсан 35 мянган хүний 1,1 хувь нь 0-18 насныхан байгаа бол 19-50 насныхан 24,3 хувийг, 51-70 насныхан 37,4 хувийг, 70-аас дээш насныхан 37,2 хувийг тус тус эзэлж байна. Итали улс нийт 60 сая гаруй хүн амтай. Үүний 23 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байдаг. АНУ-д 16 хувь нь 65-аас дээш насныхан байдаг бол Өмнөд Солонгост 18 хувь байдаг. Мөн Өмнөд Солонгост нийт халдвар авагсдын дийлэнх хувийг залуучууд болон дундаж насныхан эзэлж байхад Италид нийт халдварын бараг 80 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. Иймд энэ хоёр улсын тоо баримт эрс ялгаатай байгаа юм.

Хоёр дахь шалтгаан нь тамхидалт. Өмнөд Солонгос болон Итали улсуудын хувьд тамхи татдаг хүмүүсийн эзлэх хувь ойролцоо. Өмнөд Солонгосчуудын 27 хувь нь тамхи татдаг бол Италид 24 хувь. Гэхдээ тамхи татдаг хүмүүсийг хүйсээр ангилбал эрс тэс тоо гарч ирж байна. Италид эрэгтэйчүүдийнх нь 28 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг. Харин Өмнөд Солонгост эрчүүдийнх нь 50 хувь, эмэгтэйчүүдйинх нь ердөө 5 хувь нь тамхи байнга татдаг. “Covid-19” бол хамгийн түрүүнд уушигны үйл ажиллагааг доголдуулдаг өвчин. Тиймээс тамхи татдаг хүмүүст энэ өвчин илүү хүндээр тусч байгаа. Өмнөд Солонгост халдвар авсан хүмүүсийн дийлэнх хувийг залуус тэр дундаа эмэгтэйчүүд эзэлж байгаа учир Италиас нас баралтын магадлалаар харьцангуй бага байна.

Үүнээс гадна Европчууд тэр дундаа Италичууд нөхцөл байдалд маш хөнгөмсөг, хэнэггүй хандсан. Итали улс эрүүл мэндийн систем маш боломжийн хөгжсөн улсуудын нэг. Баруун Европтоо эрүүл мэндийн үйлчилгээгээрээ дээгүүрт ордог. Эрт арга хэмжээ авч болох байсан ч маш хойрго хандаж, ийм зүйлд бэлэн байгаагүй. Одоо тус улсын хамгийн их халдвар бүртгэгдсэн, дээр нь хамгийн баян чинээлэг муж болох Ломбарди мужид нийт өвчтөнүүдийн 80 хувь нь коронавирусийн халдвар авсан хүмүүс байна гэв. Мөн үүнээс болж олон зуун төлөвлөгөөт мэс заслууд хойшилж, бусад төрлийн өвчтэй хүмүүсийн эмчилгээ үйлчилгээ доголдож эхэлжээ. Түүнчлэн тус улсын эрүүл мэндийн байгууллагууд ачааллаа дийлэхгүй эмч, эмнэлгийн хэрэгслүүд хүрэлцэхгүй байгаа учир өвчтөнүүдийг насаар нь эрэмбэлж, амьд гарах магадлал өндөр хүмүүсээ эхэлж эмчлэх төлөвлөгөөнд шилжээд байна. Тиймээс нэгэнт цар тахлын хэмжээнд хүрсэн энэ өвчнийг ямар ч баян чинээлэг, эрүүл мэндийн систем сайтай улс орон үл тоомсорлож болохгүй бөгөөд Италид өрнөж буй үйл явдал маргааш аль ч улсад тохиолдож болох учир бүгд маш няхуур хандаж, блэтгэлтэй байх хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд сануулж байна.

Эх сурвалж: CNN, NBC, VOX, BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж