Эдийн засгийн судалгааны “Oxford Economics” хүрээлэнгээс “Ковид-19”-ийн дэгдэлтийн улмаас дэлхийн нийт эдийн засагт нэг их наяд ам.долларын хохирол учирна гэсэн урьдчилсан таамгийг дэвшүүлсэн билээ.
Бөмбөрцгийн томоохон улс орнууд тус халдварын улмаас учрах хохирлыг даван туулахын тулд бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний бодлогын хэрэгслүүдээ ашиглаж байна. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан энэхүү халдварын тархалттай холбоотойгоор, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв банкныхаа бодлогын хүүг 0.25 хувь болгон бууруулж, бондын хадгаламжийн хэмжээг 700 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шийдвэр гаргав.
Английн төв банк 0.5 хувь, Солонгосын төв банк 0.25 хувь, Канадын төв банк 0.5 хувь, Оросын төв банк 0.25 хувь тус тус бууруулсан. Харин Европын төв банк болон Японы төв банкууд урт хугацааны хүүгийн түвшингээ үргэлжлүүлэн хасах түвшинд бууруулаад буй юм.
Монгол Улсын хувьд Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргаад удаагүй байна. Мөнгөний бодлогын хорооны 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөхөөр шийдвэрлэсэн билээ.
Эдийн засгийн өсөлт саарах хандлага үргэлжилж, эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байгаа. Гэвч импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй. Мөн “Ковид-19” халдварын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэл бий болгож буйг Төв банкнаас мэдээлсэн.
Цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь “Ковид-19” вирусийн тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, түүний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь төгрөгийн ханшид үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр буй.
Бодлогын хүү тодорхой хугацаа өнгөрсний дараа иргэдийн амьдралд нөлөөгөө үзүүлдэг.
Бодлогын хүүд өөрчлөлт оруулснаар үйлдвэрлэлийг шууд эрчимжүүлж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүйг эдийн засагчид онцолж буй. Бодлогын хүүг бууруулснаар ирээдүйд гарах зээлд л нөлөөтэй. Төв банкны бодлогын хүүг бууруулсан шийдвэр 3-6 сарын дараа буюу ирэх зургадугаар сараас хойш эдийн засагт нөлөөгөө үзүүлж эхэлнэ. Тухайн үед л төсвийн тодотгол хийж, зардлаа танаж мэднэ гэж санхүү, эдийн засгийн салбарынхан таамаглаж буй юм. Хорио цээрийн дэглэм удаан үргэлжилбэл жижиг аж ахуйн нэгжүүд санхүүгийн хүндрэлд орохыг эдийн засагчид анхааруулж байна.
Манай улсын хувьд төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлийг зөөлрүүлэх, бизнес аж ахуйн нэгжүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай юм. ОУВС-гаас ч үүнийг уриалж байгаа ба 50 тэрбум ам.долларын санхүүжилт олгож, түүний 10 тэрбумыг хүүгүй зээлээр санхүүжүүлэхээ зарласан билээ. Гадна, дотны экспертүүд хамгийн чухал нь төсвийн бодлогоо эргэж харахыг анхааруулсаар байна. 2020 оны эхний хоёр сарын байдлаар зөвхөн нүүрсний экспортын орлого 104.8 сая ам.доллароор буурсан тул төсвийг тодотгохгүйгээр сонгуулийн төсвийн зардлыг хадгалж, алдагдлыг нэмэгдүүлэх нь байж болохгүй шийдвэр гэж тэд үзэж буй юм. Зарим нь төсөвт тодотгол хийхгүй байх нь зөв, эдийн засагт их хэмжээний мөнгө эргэлдэх хэрээр идэвхжил нь нэмэгдэнэ гэж үзэж буйгаа ч илэрхийлэв.
Эдийн засгийн өсөлт бодлогын чухал зорилт учраас юуны түрүүнд төсвийн орлогоо нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж, томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлага тулгарч буй билээ. Дашрамд дурдахад, Мөнгөний бодлогын хорооны дараагийн хурал ирэх зургадугаар сард товлогджээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ