Speak out: Гаднаас ирж байгаа иргэдээ нүд үзүүрлэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2020.03.19-нд нийтлэгдсэн

Speak out: Гаднаас ирж байгаа иргэдээ нүд үзүүрлэх хэрэггүй

Speak out: Гаднаас ирж байгаа иргэдээ нүд үзүүрлэх хэрэггүй

Улсын онцгой комисс энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай буюу өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан “МИАТ” компанийн онгоцоор авчирч буй.

Тодруулбал, гуравдугаар сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаарын захиалгат нислэгээр 244 иргэн эх орондоо ирсэн. Тус улсаас 500 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаснаас 244-ийг нь эхний ээлжийн нислэгээр авчирсан байна. Үлдсэн иргэдийг ойрын хугацаанд татан авчрах ажлыг зохион байгуулах аж. Улмаар нэн  тэргүүнд мэс засалд орсон, хүнд өвчтэй зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай 50 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт 184 хүнийг “Энх-Саран” сувиллын газарт, тус улсын Бусан, Тэгү хотоос ирсэн арван иргэнийг ХӨСҮТ-д тус тус хүргэж тусгаарлаж, ажиглалтад авсан билээ.

Эдгээр иргэдийг хорио цээрийн дэглэмийн дагуу 14 хоног тусгаарлах  хугацаанд  хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн юм.

Гуравдугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн нислэгээр 231  иргэн эх орондоо ирсэн бөгөөд эдгээр иргэдийн гурваас нь коронавирусийн халдвар илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн зургаа дахь тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Мөн энэ өдөр Япон улсын Токио хотоос 257 монгол иргэн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн.

Харин Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай  үүргийн онгоцонд  өчигдөр /2020.03.18/  нийт 252 зорчигч суужээ. Харин  зарим иргэд “Бид дор бүрнээ хичээсэн. Гаднаас энэ хүмүүсээ яах гэж ер нь авч ирсэн юм. Гай дагуулж ирлээ” хэмээн зүхэцгээх болжээ. Бид дээрх асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.


ДЭЛХИЙН  ХААНА Ч БАЙСАН МОНГОЛ ХҮН  НЭГ, НЭГНЭЭ  БОДОХ Л ХЭРЭГТЭЙ

Иргэн н.Наранцэцэг

-Гадаадад байгаа иргэдээ эх орондоо авчрах нь зөв шүү дээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийллээ гээд элэг нэгтнээ түлхэх нь хүн чанаргүй хэрэг болно.Дэлхийн  хаана ч байсан монгол хүн  нэг, нэгнээ  бодох л хэрэгтэй. Хүмүүс ер нь коронавирусийн халдвар авсан иргэдийн талаар ч мэдэх гээд сонирхоод байх шаардлагагүй. Хүмүүсийн одоогийн хандлагаас харахад халдвар авсан хүмүүсийг ад үзэх хандлагатай байх шиг байна. Бид энэ хүнд үеийг хагаралдаж хуваагдах бус эв түнжинтэй, тайван байдлаар даван гарна.  Хүмүүсийн ярьж байгаа шиг гадаадаас эх орондоо буцах хүсэлтэй монголчуудаа эх орондоо авчирлаа гээд халдвар тархана гэсэн  хүмүүсийн ярианы эсрэг байна.

АСУУМЖАА ҮНЭН ЗӨВ БӨГЛӨВӨЛ ХАЛДВАРЫГ ТОГТООЖ ЧАДНА

Иргэн Б.Баянболд

-Гадаадад байгаа монголчуудаа эх орондоо авчрахыг дэмжиж байгаа. Онгоцны буудалд газардсан даруйд тусгаарлах арга хэмжээг авч байгаа болохоор халдвар тархах эрсдэл нь бага болов уу. Монголоос гадна бусад улс орнууд ч бас иргэдээ татаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь эх орондоо ирж байгаа иргэд сүүлийн 14 хоног зорчсон газар, илэрсэн ямар нэг шинж тэмдгийн асуумжийг тодорхой, үнэн зөв бөглөх шаардлагатай. Шинж тэмдгээ нуун дарагдуулж худал бөглөвөл бусад иргэдийнхээ эрүүл мэндэд заналхийлж байгаагаас ялгаагүй шүү дээ. Харин асуумжаа үнэн зөв бөглөвөл халдварыг тогтоож чадна.

ӨВДСӨН ГЭЛТГҮЙ ЭРҮҮЛ Ч БАЙ  МОНГОЛ ХҮН НУТАГ РУУГАА ТЭМҮҮЛЭХ НЬ ГАРЦААГҮЙ

 Иргэн Б.Жавзмаа

-Монголчуудаа эх орондоо авчрах нь зөв шүү дээ. Өвдсөн гэлтгүй эрүүл ч бай  монгол хүн нутаг руугаа тэмүүлэх нь гарцаагүй. Гадаадын улс орнуудын эмнэлгийн үйлчилгээ тун бэрх байгааг мэдээгээр ярьж байгаа энэ үед Монгол Улс шиг халдвар авсан иргэнтэйгээ тулж ажиллаж байгаа улс орон ховор байгаа. Би хувьдаа гадаадаас ирж буй монголчуудаа буруутгахгүй. Эмчилгээ оношилгоо ч сайн байгаа.

БИДНИЙ ХҮҮ, АХ ЭГЧ НАРААС ЯЛГАА ЮУ БАЙХ ВЭ

Иргэн Н.Чүлтэмсүрэн

-Коронавирусийн халдвар дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрсэн ч гадаад дахь монголчуудаа эх орондоо авчирч байгаа нь маш зөв алхам болж байна. Харин Засгийн газрын энэ шийдвэрийг буруутгаж байгаа хүмүүс өөрсөд дээрээ жишээ авах л хэрэгтэй. Хэрэв миний хүүхэд, хамаатан садан  гадаадад сурч, ажиллаж байвал би тэнд байлгахыг хүсэхгүй. Монголдоо л ирүүлэхийг бодно. Бид чинь адилхан л монгол хүмүүс. Бидний хүү, ах эгч нараас ялгаа юу байх вэ дээ. Харин гадаад дахь монголчуудаа эх орондоо авчирсныхаа дараа нь тусгаарлах шуурхай арга хэмжээ авч байгаа болохоор ямар ч асуудалгүй.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж