Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрөөс үргэлжлүүлэн сунгах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг өчигдөр /2020.03.18/ хийсэн мэдэгдэлдээ Эрүүл мэндийн яамнаас санал авч, Улсын онцгой комиссын баасан гаригийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх талаар хэлэлцүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн билээ.
Онцгой дэглэмийн үед хичээл, сургуулийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.
-Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлыг судалж байгаа гэсэн үү. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас хичээл сургуулийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэл баримталж байгаа ч Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг сонсч шийдвэрээ гаргана. Цаашид коронавирусийн нөхцөл байдал яаж өрнөхөөс шалтгаална.
-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлбэл зургадугаар сар хүртэл хичээлийг агуулгаар нь яаж нөхөх вэ. БСШУСЯ-наас бямба гариг бүрт хичээллэнэ гэдгийг өмнө нь мэдэгдсэн?
–Хөл хориог гуравдугаар сарын 30-н хүртэл сунгаснаар 50 орчим өдрийн хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдах нөхцөл байдал үүсч байна.Иймд тасалдсан хичээлүүдийг 25 өдрийг теле хичээлүүдээр нөхөхөөр зохион байгуулж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлж анги дэвших болон төгсөх шалгалтын дүнг жилийн эцсийн дүнгээр тавьж зохицуулах БСШУСЯ-ны сайдын 118 дугаар тушаал гарсан. Гуравдугаар улирлын амралтыг хасч хичээлийн арав хоног, дөрөв, тавдугаар сарын нийт найман бямба гаригийг тооцвол ямар нэг байдлаар тасалдсан хичээл сургалтын агуулгыг нөхөх асуудал үүсгэхгүйгээр судлах ёстой агуулгаа хичээлийн жил үргэлжлэх хугацаанд бүрэн судлах боломжтой.
-Хэрэв баасан гаригт Улсын онцгой комиссын хуралдаанаар хөл хориог сунгавал ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн амрах хугацаа хойшлогдохоос өөр аргагүйд хүрэх байх?
-Харин цаашид хөл хориог сунгавал нөхцөл байдал хүндрэх учраас багш нарын ээлжийн амралтыг зохицуулах, сунгагдах агуулгаа хэрхэн яаж төлөвлөх вэ гэдэг асуудалд дөрвөн хувилбараар тооцоолол гаргаад байна.
Хэрэв хөл хориог 14 хоног, нэг сар хүртэлх хугацаанд сунгавал доод тал нь 50 гаруй өдөр хичээллэнэ гэж харж байна. Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийг зургадугаар сард товлосон хугацаанд нь амрааж чадахгүй болно.
Хөл хориог хэд хоногоор сунгахаас хамаараад зургадугаар сарын 19-н хүртэл хичээллэх үү гэдгийг тодорхой болгоно.
-Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах сурагчдын элсэлтийг тавдугаар сараас эхлүүлдэг. Хөл хориог сунгавал нэгдүгээр ангийнхны элсэлтийн хугацааг хойшлуулах уу. Ямар байдлаар зохицуулалт хийх вэ?
-Одоогоор нөхцөл байдал эрсдэлтэй байгаа тул улсын хэмжээнд цахимаар элсэлтийг зохион байгуулна. Эсвэл хойшлуулна.
-ЭЕШ-ийн хугацааг ч бас хойшлуулах магадлалтай байгаа?
-Хэрвээ гуравдугаар сарын 30-ны өдрөөс Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлбэл ЭЕШ-ыг товлосон хугацаанд нь зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэрэв нөхцөл байдал хүндэрч дор хаяж 14 хоног сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хойшлуулбал ЭЕШ-ыг зохион байгуулах хугацаанд өөрчлөлт орохоос өөр арга байхгүй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ