"Монголын теннисчид олимпод оролцох боломжтой" | News.MN

"Монголын теннисчид олимпод оролцох боломжтой"

"Монголын теннисчид олимпод оролцох боломжтой"

"Монголын теннисчид олимпод оролцох боломжтой"

Covid-19 буюу коронавирусийн халдвар дэлхийн олон улс оронд тархаснаас үүдэж олон спортын тэмцээн уралдаан хойшлоод буй. Түүгээр зогсохгүй олимпийн наадмыг ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсч болохыг олон улсын мэргэжилтнүүд анхааруулж буй. Хэрэв халдварын тархалт буурахгүй, олон орны тамирчид энэ өвчнөөр өвдөх эрсдэлтэй нөхцөл үүсвэл цаашид яах вэ, нөхцөл байдал хэрхэх нь өнөөдөр бүрхэг байна. Манай улсын тамирчдын хувьд ч олимпийн эрх авах тэмцээн уралдаанд явах байсан боловч хойшлогдож буй тохиолдлууд гарч байна. Үүнтэй холбоотойгоор Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох буюу Цээвээ багштай уулзаж ярилцлаа. Монголын ширээний теннисний шигшээ багийн дөрвөн тамирчин удахгүй зохион байгуулагдах Токио-2020 олимпийн наадмын эрх олгох Азийн тивийн сонгон шалгаруулалтанд оролцохоор болоод байна.


 -Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа юуны өмнө саяхан зохион байгуулагдсан Токио-2020 олимпийн эрх олгох тэмцээний сонгон шалгаруулалтаас эхлэе. Тус сорилго тэмцээнээс шалгарсан бүрэлдэхүүнээ танилцуулаач?

– Баярлалаа. Сая гуравдугаар сарын эхээр олимпийн эрх олгох тэмцээнд оролцох түүхэн боломж гарч ирсэн. Бид богино хугацаанд мэдээлэл аваад онцгой байдал зарласан энэ үед 16 эрэгтэй, 16 эмэгтэй тамирчдынхаа дунд сорилго тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, хоёр тамирчин олимпийн эрх олгох тэмцээнд оролцохоор нэр нь тодроод байна. Багийн бүрэлдэхүүний хувьд эрэгтэй төрөлд ОУХМ Б.Баярмагнай, Э.Лхагвасүрэн нар шалгарсан бол эмэгтэй төрөлд Б.Болор-Эрдэнэ, Б.Должинзуу нар маань олимпийн эрх олгох тэмцээнд шалгараад байна.

-Азийн олимпийн эрх олгох тэмцээн ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулагдахаар товлогдсон байсан. Бэлтгэл хэр байна вэ?

-Азийн ширээний теннисний олимпийн эрх олгох тэмцээн ирэх сарын 6-12-ны хооронд Тайланд улсад зохион байгуулагдахаар товлогдсон байсан ч ITTF буюу Олон улсын ширээний теннисний холбооноос үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзээд дөрөвдүгээр сард зохион байгуулагдах ёстой бүх тэмцээнийг албан ёсоор цуцлаад байгаа. Одоогийн байдлаар шинэчлэгдсэн тов хараахан гараагүй байна.Харин тамирчдын бэлтгэлжилтийн хувьд УОК-ын шийдвэрээр бүх зүйлийг зогсоосон байгаа учраас нэгдсэн бэлтгэлээ хийж чадахгүй байна. Гэхдээ мэдээж УОК-ын шийдвэрийг хүлээгээд шууд амарна гэж байхгүй. Тамирчид маань гэр гэртээ хувь хувийнхаа бэлтгэлийг хангаж байгаа.

-Токио-2020 олимпийн эрх олгох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн гэхээр өрсөлдөөн нилээн ширүүхэн байх нь дамжиггүй. Ер нь та манай тамирчдад хэр их боломж байгаа гэж харж байна вэ?

– 2008 оны Бээжингийн олимпийн дараа нэг улсаас хоёр тамирчин ганцаарчилсан төрөлд оролцох ёстой гэж дүрэм гарсан учир манай тамирчдад олимпод оролцох боломж гарч ирсэн. Хятад, Япон, Солонгос зэрэг Азийн ширээний теннисний томоохон улсуудын хоёр хоёр тамирчид нь эрхээ авсан. Ийм учраас зүүн өмнөд Азийн дэлхийн ширээний теннисний өнгийг тодорхойлдог тамирчид энэхүү тэмцээнд оролцох боломжгүй. Энэ нь л манай тамирчдад том боломжийг олгож байна.

-Гадаад улс оронд тэмцээнд ороход их л олон асуудлуудтай нүүр тулж хэцүү байдаг байлгүй. Монголын баг тамирчид олон улсын тэмцээнүүдэд хэр оролцдог вэ?

– 2012 онд багийн ДАШТ-нд Монгол улс E хэсэгт багтсан. Тухайн үед манай шигшээ багийн чансаа 100 руу унасан байсан учир E буюу тавдугаар хэсэгт 24 багтай багтаад тус хэсэгтээ алтан медаль хүртэж дээшээ чансаа ахисан. Одоо бол багийн ДАШТ-нд дэлхийн чансааны эхний 72 баг оролцдог болсон. Сая бол тэмцээнийг зохион байгуулагч Солонгос улс сүүлийн үед үзүүлж буй манай шигшээ багийн амжилтыг харгалзан үзээд шууд оролцох эрхийг олгосон. Харин Европын нээлттэй тэмцээнүүдэд оролцоход ихээхэн асуудлууд үүсдэг байсан. Өмнө нь бол Бельги болон Франц гэх зэрэг ойролцоо улсуудад тэмцээн зохион байгуулагдахад зөвхөн нэгэнд л оролцох боломж байсан. Уг нь маш ойрхон улсууд шүү дээ. Монголоос бол арай гэж зардлын мөнгөө цуглуулж аваад ядарсан очоод л шууд маргааш нь тэмцээндээ ордог байлаа. Хоёр, гурван хоногийн турш зогсолтгүй тоглож тоглож хүрээд ирнэ. Уг нь бол цуврал тэмцээн гэдэг бол эхний тэмцээнд нь амжилт гаргахгүй байсан ч дараагийн тэмцээнүүдээс нь дасдаг байхгүй юу. Цагийн зөрүү, ядралт, зал, бөмбөг гээд олон хүчин зүйлүүд бий. Өнгөрсөн жил есөн хүүхэдтэй Европын тэмцээнүүдэд оролцоход эхний өдрүүдэд бол зүгээр л тэмцээнтэй танилдцаг. Шинэ царайнууд, шинэ арга барилуудтай танилцдаг. Харин удаад, дасаад ирэхээр манай хүүхдүүд өөрсдийнхөө тоглолтыг гаргаж эхэлсэн. Эхлээд 4,5-аар хожигдож байсан хүүхдүүд дараа нь 7,8-аар хожигдоод эхэлнэ тэгээд л бөмбөгний хурд, эргүүлэгт дасаад ирэхээр хожоод эхэлж байгаа юм. Даанч энэ жил хэд хэдэн Европын нээлттэй тэмцээнүүдэд оролцох бодолтой байсан цар тахлын улмаас явж чадахгүй болж байх шиг байна. Мэдээж тэмцээнд явахад эцэг эхчүүд, ширээний теннисний спортод хайртай дуртай сонирхолтой хүмүүс дэмжиж туслана мөн Франц, Бельги улсад ажиллаж амьдарч буй Монголчууд, консулын газрууд ихээхэн дэм болдог. Өнгөрсөн жил би ганцаараа дасгалжуулагчийн хувиар есөн хүүхэдтэй явсан. Энэ жил санхүү, мөнгө сайн байвал хоёр дасгалжуулагчтай явах бодолтой байна. Учир нь ганцаараа явахаар хүүхдүүдийн маань тоглолтууд давхцаад хүүхэд бүрт хүрч, заавар зөвлөгөө өгч чаддаггүй.

Дасгалжуулагчийн хувьд хүүхэд бүрээ хожил байгуулж, чансаа нь ахиасай гэж хүсдэг.

– Ази болон Европ тамирчдын ялгааг та юу гэж харж байна?

Ази хүүхдүүд бол ном журмын дагуу, бүгдийг цагаан толгойн дэс дараалал шиг сурдаг. Харин Европ хүүхдүүд зүгээр тоглоом шиг чөлөөтэй, мэдрэмжээрээ тоглож сурдаг. Азиуд бол хархад маш гоё техниктэй, уран тоглолттой. Европчуудад техник нь гол биш харин тэр бөмбөгтэй харьцаж буй мэдрэмж нь гол байдаг. Манай улсад ирсэн Европ ширээний теннисний дасгалжуулагч нар ч бидэнд энэ тухай ярьж байсан. Хүүхдийг багаас нь эрх чөлөөтэй, дураар нь тоглуулдаг. Манайд бол багаас нь нэг дасгалыг олон дахин давтуулж, суурь болгодог.

– Таны хувьд анх хэрхэн ширээний теннис гэдэг энэ их спорттойгоо холбогдож байв даа? 

-Миний хувьд би анх 1993 онд Монсол гээд клубт Д.Санжмятав болон Кан Ян Сон буюу Монгол нэр нь Гантуяа багш нарын удирдлага дор 40-р сургууль дээр хичээллэж эхэлж байлаа. Удаагүй клуб маань 96-р сургууль руу шилжиж 1994-1999 он хүртэл тэндээ байрласан. Тэр үед Гантуяа болон Д.Санжмятав багш нар маань одоо Солонгосын өсвөрийн шигшээ дасгалжуулагч болсон Пак багшийг эх орондоо урьж авчиран бид нарт хичээлж заалгаж байлаа. Одоо бол тэр хүмүүсээс сурсан эрдмээрээ хүүхдүүдэд зааж байгаа нь сайхан. Солонгост очихоороо Пакт багштайгаа байнга уулздаг. Мөн олимпийн алтан медальт Ян Юүн-Жа багш маань 2000 оноос хойш Монголд суурьшиж залуучуудад ширээний теннис зааж байсан. Монголын ширээний хөгжилд Солонгос хүмүүсийн оруулсан хувь нэмэр их. Мөн Хятад улстай ч манайх сайн харилцаатай.

– Саяхан Монголын ширээний теннисний холбоо үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж улсын төсвөөс санхүүжих болсон байх аа?

– Боловсролын яам болон биеийн тамир спортын газартай Монголын ширээний теннисний холбоо гэрээ үзэглэсэн. Өмнө нь ширээний теннисний нэг болон хоёрдугаар шигшээ баг гэж байсан. Гэвч зах зээлийн нийгэмд шилжих үед шигшээ багууд маань байхгүй болсон. Харин саяхнаас дахин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтлаа. Үүнийг бид нар Монголын ширээний теннисний хөгжилд маш том түлхэц боллоо гэж харж байна.

– Монголын ширээний теннисний хөгжил таныхаар хэр зэрэг явж байна вэ?

– Манай ширээний хөгжил мэдээж урьд урьдны жилүүдээ бодвол харьцангүй хөгжсөн. Ширээний теннис гэдэг энэ спорт маань Монголд орж ирээд 60 жил болсон байна. Монголын спортын түүхэнд анх удаагаа 1961 онд ДАШТ-нд орж байлаа. Энэ нь тухайн үед Монгол улсад хөгжиж байсан спортуудаас хамгийн анх ДАШТ оролцож байсан гэх маш том түүх бий. Өнгөрөгч 2019 онд Монголын ширээний теннисний түүхт 60 жилийн ой тохиолоо. Ширээний теннисний спортыг хөгжүүлэхийн тулд бүхий л багш дасгалжуулагч нар, холбооны удирдлагууд, тамирчид, сонирхогчид маань хичээнгүйлэн гар бие оролцож байгаа учир миний харж байгаагаар ширээний спорт маш сайн хөгжиж байгаа гэж хэлж болно. 2018 оны сүүлээр манай эмэгтэй шигшээ баг дэлхийн чансаанд 70-р байранд явж байсан бол одоо 59-р байранд явж байна. Харин эрэгтэй шигшээ баг маань 99-р байранд явж байсан бол 90-р байранд явж байна. Яагаад үсрэнгүй урагшилж чадахгүй байна вэ гэвэл хөрөнгө санхүүтэй ихээхэн холбоотой. Хөрөнгө санхүү дутмаг учраас дэлхийн чансааны оноо цуглуулах, эрх олгох олон тэмцээнүүдийг алдаж байсан. Одоо бол төр засаг, биеийн спортын газар болон бусад зохих хүмүүс хараад ширээний теннисний спорт цаашдаа амжилт үзүүлэх боломжтой юм байна гэж үзэн бидний хүсэлтийг хүлээн авч үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд элсүүлсэн юм. Энэ нь манай спортын хөгжилд ихээхэн тус хүргэнэ гэж бодож байна.Өмнө нь бол хувь хүмүүс, албан байгууллагууд, компаниуд, эцэг эхчүүд маань ихээхэн туслалцаа үзүүлдэг байсан.Энэ нь ч манай холбоонд ихээхэн дэм болж байжээ. Одоо бол тэр хүмүүс маань, төр засагтай нийлж хамтран ажиллаж байгаа учир илүү хурдацтай хөгжих байх.

– 2020 онд гадаад, дотоодын хэр олон  тэмцээнд орохоор бэлтгэж байна даа? 

Дотоодын лигүүд маань ерөнхийдөө бол дууссан. Дээд лиг маань арван багтай бүгд өөрсдийн гэсэн ивээн тэтгэгч байгууллагуудтай. Дээд лигээс гадна доод хоёр лиг бий. Хөгжлийн лиг болон сонирхогчдын лиг гэж нэрлэдэг. Сонирхогчдын лигт маань хувь хүмүүс ганцаарчилсан төрлөөр оролцдог. Хөгжлийн лигийн хувьд хамгийн сүүлд гэхэд нийт 33 баг оролцсон мөн анх удаагаа эмэгтэй багийн төрлийг оролцуулсан нь онцлог байлаа. Эрэгтэй багийн тоо бол жилээс жилд тогтмол өсч байдаг. Анх бол ердөө 11 баг оролцдог байлаа шүү дээ. Дараа нь эмэгтэйчүүдтэйгээ нийлээд хийхэд 13 баг түүний дараа жил нь 17 баг оролцож байлаа.

Шат шатны ангиллуудыг бий болгож сайн өрсөлдөөн дундаас шилдэг тамирчдыг төрүүлэх бодлоготой ажиллаж байгаа.

Өмнө нь бол улсын аварга, хотын аваргатай л байлаа. Хотын аварга шалгаруулах тэмцээн 20-иод жилийн дараа эргэн сэргээд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш тогтмол явагдаж байна.Ерөнхийдөө бол тамирчдыг байнгын бэлтгэл сургуулилттай байлгахын тулд лигийн тэмцээнүүдийг тогтмол зохиож байна.Төлөвлөгөөний дагуу бол энэ жил 25-28 дотоодын тэмцээн төлөвлөсөн байсан. Харин олон улсын 18-21 тэмцээн мөн төлөвлөсөн байсан боловч сүүлийн дэгдээд буй цар тахлын улмаас төлөвлөгөөт хуваариудад маань өөрчлөлт их орно. Зарим тэмцээнүүд нь цуцлагдах магадлалтай бол зарим нь төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдана. Мөн Монгол улсад зохион байгуулагдах “Ногоон наадам”-д ширээний теннисний спорт маань багтсанаас гадна “Mongolian cup” олон улсын тэмцээн маань гуравдах жилдээ зохион байгуулагдана. Өнгөрөгч 2019 онд Монголын ширээний теннисний холбоо 60 жилийн ойгоороо Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгуулсан.

– Монголын ширээний теннисний үндэсний шигшээ багийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Холбооны зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

Манай шигшээ багийн хувьд сүүлийн хоёр жил хагасын хугацаанд ерөнхийдөө залуу тамирчдаа дэмжье гэсэн бодлогоор явж байгаа. Манай дунд үеийн болон ахмад тамирчид маань ч энэ тал дээр их нааштай ханддаг. Залуучууддаа боломж олгоё, тэдэнд цаашдаа улам их амжилт гаргах замыг нь нээж өгье гэдэг байр суурьтай байдаг. Тиймээс ч манай шигшээ багийн бүрэлдэхүүний хувьд ихэвчэн 15-18 насны залуучуудыг шигшээ багтаа элсүүлдэг. Цаашдаа ч нэг болон хоёрдугаар шигшээ баг гэж үүсгэн байгуулаад тэднийгээ олон улсын сорилго, тэмцээн уралдаануудад оролцуулах бодол бий. Ерөнхийдөө ирээдүйгээ бодсон алхмуудыг их хийж байна.

– Монголын ширээний теннисний тамирчид гадаад руу хамтарсан бэлтгэлд их явж байгаа харагддаг?

– Сүүлийн жилүүдэд холбоо маань гадаад харилцаан дээрээ ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Урьд нь ч гэсэн тамирчдаа гадаад руу бэлтгэлд явуулдаг байсан боловч тогтмол явуулж чаддаггүй байсан. Харин одоо тогтмол, улам олон давтамжтай явуулах болсон. Өсвөр үе болон залуучууд маань Солонгос улсад байнгын бэлтгэл хийж байна. Өнгөрөгч нэгдүгээр сард 21 хоногийн бэлтгэлд хамрагдаад ирлээ.Өнгөрсөн жил ердөө хоёр хүүхэд хамрагдаж байсан бол энэ жил долоон хүүхэд хамрагдлаа. Улан-Үдэ хотоос манай арван тамирчин, хоёр дасгалжуулагчийг хамтарсан бэлтгэл хийгээчээ гээд урьсан байсан боловч дэгдээд буй цар тахлын улмаас цуцлагдсан. Мөн багийн ДАШТ энэ сарын 22-29-ны хооронд зохион байгуулагдах байсан ч зургадугаар сарын 21-н хүртэл хойшлогдсон.  Уг нь манай шигшээ баг Солонгос улсад 21 хоног бэлтгэл хийгээд Монголдоо эргэн ирж 21 хоногийн бэлтгэл хийж байгаад дахин Солонгос улс руу 14 хоногийн бэлтгэл хийгээд ДАШТ-нд оролцох бодолтой байсан ч цуцлагдлаа. Ер нь сүүлийн жилүүдэд манай холбооны үйл ажиллагаа тун сайн явагдаж байгаа гэдгийг танай сайтаар дамжуулж хэлж байгаадаа таатай байна.

– Багш дасгалжуулагчдын сургалт семинар хэр явагддаг вэ. Орон нутагт ширээний теннисний спорт хэр хөгжиж байна вэ?

Өнгөрөгч 2019 онд холбооны зүгээс багш дасгалжуулагчдад чиглэсэн ажлуудыг их хийсэн. Дотоодын багш, дасгалжуулагчдын семинар гэж бараг байхгүй байсан. Харин гаднаас сүүлийн арваад жилийн хугацаанд 5, 6 удаа сургалт авч байсан. Дотоодын сургалт семинарыг ширээний теннисний холбоотойгоо хамтран миний бие болон н.Галбадрах багш бид хоёр 2019 оны нэгдүгээр сард 35 хүнд анхан шатны дотоодын семинарыг хийсэн. Орон нутагт ширээний теннисний спорт сүүлийн жилүүдэд маш эрчим хөгжиж байгаа. Зах зээлийн үед ширээний теннисний спорт маань их унасан байсан бол одоо бол аймаг болгонд нэг заримд нь хоёр, гурван клубууд байнгын үйл ажиллагаатай явж байна. Саяхан зохион байгуулагдсан “Хүүхдийн их наадам” маань их ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Тэр тэмцээнээс л хархад хот, хөдөөгийн ялгаа гэж гаралгүй үнэхээр тэнцүү өрсөлдөж байсан. Ингээд бодоход л Монголд ширээний теннис тэнцвэртэй, зөв хөгжиж байна.

-Ширээний теннис эдлэл, хэрэглэл болон бэлтгэлийн тоног төхөөрөмжийн хувьд Монголд хүрэлцээтэй байдаг уу?

Хэрэглэл, материал тал дээр манайх илт сайжирсан. Ер нь эдийн засаг сайн л байх юм бол эдлэл, хэрэглэлийг дуртай газраасаа захиалаад авч болж байна. Мөнгө нь л байвал бүх юм нь бэлэн байна даа. Энгийн хүн бол мэргэжлийн тамирчдын цохиур, эдлэл хэрэглэлийн үнийг сонсвол их үнэтэй тусна. Гэхдээ хөрөнгө санхүүгийн хувьд бол тийм ч их мөнгө шаардаад байх спорт биш.

– Та манай уншигчдад ширээний теннисний спортын бусад спортоос ялгарах талуудыг сурталчилбал юу гэж хэлмээр байна?

Мэдээж ширээний теннис тоглосноор биеийн бүх эд эс сэргэнэ, дархлааг дэмжинэ, нүдний хараа сайжирна мөн дээрээс нь маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг болно. Өөрөөр хэлбэл асуусан асуултыг хурдан хугацаанд эргэцүүлэн бодоод хурдан хариулна гэсэн үг. Гүйлгээ ухаан сайжирна гэж бас хэлж болох юм. Эрүүл мэндэд ихээхэн сайн л гэж сурталчилмаар байна.

Монголын ширээний теннисний холбооны алсын харааг тодорхойлбол?

Бид мэдээж их спортоор явж байгаа хүмүүс учир олимпийн наадамд Монголын тамирчин тоглоосой гэж хүсч байна. Мөн ДАШТ-нд дээгүүр амжилт үзүүлээсэй гэж мөн хүсч байна даа. Энэ л бидний алсын хараа юм даа. Монголын ширээний теннисний холбоо маш сайн ажиллаж байгаа. Энэ дашрамд бас холбооны ерөхийлөгч Ц.Гантулга болон 2000 оноос хойш миний бодлоор энэ спортын “гал”-ыг унтраалгүй явж байгаа ерөнхий нарийн бичиг дарга н.Галбадрах багш болон гадаад харилцаан дээр ажиллаж олон хүн дундаас н.Баярмагнай найздаа мөн бусад арын албаныхан, дасгалжуулагч нар, тэргүүлэгчид, яам, биеийн тамир спортын газар, үзэгчид, эцэг эхчүүд, сонирхогчид  гээд нэрлээд дуусахгүй олон хүмүүсдээ Монголын ширээний теннисний төлөө хийж байгаа зүйлд чинь баярлалаа гэж хэлмээр байна.

– Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа.

– За баярлалаа. Та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yu 2020-03-19 103.57.93.196

Oor khymyys bkhgyi yu? Master iin temtseen Shig 40 Khyrkhre Baiga glyukozuud yaj toglokjovdee? Ali ongorson zuunii nokhdyyd l neg negentrigee toglood teden udaagiin avarga? Mongol khyykhdyydees khurd garakhgyidee? Makhnii ikh iddeg uchraas khoshyyn bietei yum shig?

Avatar

erka 2020-03-19 202.55.188.90

амжилт хүсье дүүдээ.

Avatar

bas neg navtgar tembuu chukcha 2020-03-19 64.119.26.82

bugsuu archaad bandaashniihaa shar boriig arilgachaad ochq bol olympdoo uschih bolgondoo mongol bandaashnii gaihamshgaa uzuulhnuu.

Avatar

Зочин 2020-03-19 202.9.46.173

Mundag bagshdaa amjilt hvsie. Shan yriltslaga boljee.

Avatar

zochin 2020-03-19 202.55.180.212

amjilt

Avatar

Зочин 2020-03-19 103.14.38.134

Хятадаас эхлэд дэлхийг хэсэж тэмцээнд орохгүй байхыг сануулж байна. Коронавирус тээгч болох эрсдэл хамгийн их бүлэг тамирчид юм.

Avatar

мундаг 2020-03-19 202.21.109.41

сайхан яриа болж ээ мундаг залуу шүү амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж