Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 71 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээрээс олны анхаарал татсан хэргүүдээс дурдъя.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРГЭН ТОЙРОНД
Монгол улсын Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Шинэбаатар нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж, Худалдаа хөгжлийн банкнаас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон үйлдэлтэй хэрэгт нэгдүгээр сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг эргэн сануулахад Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш дөрвөн жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгасан байдаг.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг.
Прокурор, мөрдөгчид үүнийг Худалдаа хөгжлийн банканд хууль бус давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн шалгаж эхэлсэн юм.
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ХОЙШ Б.МАХБАЛЫН ХЭРЭГ НИЙТ НАЙМАН УДАА ХОЙШИЛЖЭЭ
Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр хоёрдугаар сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбаолд холбогдох хэргийн шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр товлоод буй.
Өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн юм. 2019 оны нэгдүгээр сард болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш Б.Махбалын хэрэг нийт найман удаа хойшилжээ.
Тодруулбал, Зам,тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ байранд өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед гарсан хүн амины хэрэг одоо ч шүүмжлэл дагуулсаар байгаа. Албан тушаалтнуудын энэ хэрэг Монголын улс төрийн намууд, бүлэглэлүүдийн хоорондын тэмцлээс үүдэлтэй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байгаа юм.
Хэрэг гарсан даруйд цагдаагийнхан үзлэг шалгалт хийхэд ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон билээ. Улмаар сэжигтэн Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохисноос болж амиа алдсан тухай гэрчүүд мэдээлсэн байдаг.
ТЭДНИЙГ СААТУУЛАХ ҮЕД Д.ДАВААСАМБА 150 САЯ , С.БАЯРХҮҮ 20 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВСАН ХЭМЭЭЖ БАЙВ
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болох Д.Даваасамба, С.Баярхүү нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан самрын идээ Монгол улсын хилээр гаргах зөвшөөрөл олгож хахууль авсан, бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлтэй хэрэгт хоёрдугаар сарын 17-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тэднийг АТГ-ын мөрдөн шалган хэлтсийнхэн 2017 оны хоёрдугаар сарын 8-нд хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан билээ. Д.Даваасамба тэргүүтэй дээрх хүмүүсийг БНХАУ руу самар гаргах зөвшөөрөл хүссэн иргэнээс хахууль авсан хэмээн буруутгасан юм.
Тэднийг саатуулах үед Д.Даваасамба 150 сая , С.Баярхүү 20 сая төгрөгийн хахууль авсан хэмээж байв. Д.Даваасамба нарын хүмүүс нэгэн компанийн нэрээр хуш модны самрын 30 тонн чөмөг, 600 тонн яс экспортлох тусгай зөвшөөрөл олгохын тулд хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
- Монгол улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан М.Энхсайханд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрчим хүчний яамны харьяа Таван толгой цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжид хууль бусаар автомашин худалдсан, Таван толгой төслийг Монгол улсын нийтийн эрх ашигт илт алдагдалтайгаар Засгийн газарт танилцуулан, төслийг хэрэгжүүлэхээр Улсын их хуралд өргөн барьж, Монгол улсын эдийн засгийн хүчин чадлыг доройтуулах зорилготой үйлдэл гүйцэтгэсэн хэрэгт хоёрдугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
- Мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан С.Баярцогт, Эрдэнэс монгол компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт гуравдугаар сарын 9-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн юм.
Улмаар НПГ-аас хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Прокурор яллагдагч Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, нэг жил хорих ял оногдуулна гэж үзэн ял тохиролцон, хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Шүүхээс хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн шүүх хуралдааныг энэ сарын 17-ны 10:00 цагт товлосон ч ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшилсон юм. Учир нь Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.
ОДОО НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАРТ
- "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй албан тушаалтнуудад холбогдох хэрэг,
- Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих сангаас хууль бусаар зээл олгож, бусад давуу байдал олгосон хэрэг,
- "Жаст" компанийн захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийг тус, тус хянагдаж байна.
Э.БУРАМ