Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүхүүд шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа. Тодруулбал, гуравдугаар сарын 10- 16-ыг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг оролцогчдын хүсэлтээр хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээ авсан.
Гэвч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг товлосон өдөр, цагт хэвийн явуулж, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн уг хугацаанд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 11 хоригдлын “Хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг “Г” танхимд явуулан, хуралдаанд хоригдол болон хорих ангийн холбогдох ажилтныг онлайнаар оролцуулан шийдвэрлэсэн байна.
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус дүүргийн Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 13 шүүх хурал, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай асуудлыг хэлэлцэх 5 шүүхийн хэлэлцүүлэг,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дүүргийн Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 25 шүүх хурал,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Цагдаагийн газрын хэлтсүүдээс ирүүлсэн зөрчлийн 9 шүүх хурлуудад тус тус зарим оролцогч нарыг онлайнаар оролцуулан хуралдааныг хийж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар