Бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн мөрөөдөл биелжээ. Тэрбээр гуравдугаар сарын 5-8-нд АНУ-д болсон бодибилдинг фитнессийн хамгийн том тэмцээний нэг болох “Arnold classic-2020” тэмцээнд амжилттай оролцож, мөрөөдлийн тайзнаа гарчээ.
Энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бодибилдинг фитнессийн ертөнцийн хамгийн том тэмцээний нэг энэхүү тайзан дээр гарна гэдэг миний мөрөөдөл байсан юм. Энэхүү тэмцээнээс Мастер фигур ангилалд медальт тавдугаар байранд орж, өөрийн үндсэн С ангилалд хүрэл медаль хүртлээ. Охин маань хамгийн олон тамирчин өрсөлддөг Бикини С ангилалд шилдэг тавд шалгарч, медальт дөрөвдүгээр байранд орлоо.
Монгол Улс болоод Ази тивээ төлөөлөн энэхүү шагналыг хүртсэн нь нэр төрийн хэрэг бөгөөд Монгол Улсын далбааг маань ордны гадна байршуулсан нь сэтгэл хөдөлгөсөн” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.
Ази төдийгүй дэлхийн бодибилдингийн спортод эх орныхоо нэрийг дуурсгаж яваа тамирчин бүсгүйн амжилтын буухиаг түүний охин М.Мойлоо үргэлжлүүлж буй. Гавьяат тамирчны охин энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, бикини модель /-165/ ангилалд мөнгөн медаль хүртэхээс гадна энэ жил шинээр орж ирж буй ангилал болох эмэгтэй спорт модель ангиллын дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ