Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийх гэж байна.
Posted by News.mn on Tuesday, March 17, 2020
Зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.ЛХАГВАСҮРЭН: Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан. Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн.
Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Энэнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна.
Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм.
Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн гэлээ.
90 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙГЭЭС ҮҮДЭХ АЛДАНГИ ТООЦОГДОХГҮЙ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.БАЯРСАЙХАН: -ББСБ-ууд санхүүгийн зах зээлийн 7.4 хувийг эзэлж байна. ББСБ-уудын мөрддөг Актив ангилах журмыг СЗХ-ны дарга, Сангийн сайдтай хамтран баталдаг. Энэ журмаар зээлийг дөрөв ангилдаг. Та зээлээ эсвэл зээлийн хүүгээ 120 хоногийн турш төлөөгүй бол таны мэдээллийг Зээлийн мэдээллийн санд оруулахгүй. Харин 121 дэх өдөр оруулна гэдгийг анхаараарай. Хямралын үед муу зээлд ангилагдаад явбал дараа нь зээл авах боломжгүй болдог. ББСБ, ХЗХ зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хоёроос дээш удаа өөрчлөлт оруулбал автоматаар зээлийн ангилал нь буурдаг байсан. Үүнийг бууруулахгүй байхаар буюу хэдэн ч удаа зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжийг олгож байна. Бодлогын арга хэрэгслүүдийг тодорхой түвшинд ярилцаж байна. Манай хорооны зүгээс иргэдэд дарамт болох зээлийн эргэн төлөлттэй холбоотой ямар шийдвэрийг гаргавал зохистой вэ гэдэг талаар мэргэжлийн холбоод болон ББСБ-ын төлөөллүүдтэй олон удаа уулзаж байна. Одоогоор 29 ББСБ шимтгэл хураамжаа тэглэсэн. Мөн алданги тооцохгүй байх, хүү, үндсэн зээлд хөнгөлөлт үзүүлэх зэрэг зохицуулалтыг хийсэн байна.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Бүх төрлийн зээл хамаарагдах уу. Тухайлбал, ипотекийн зээл орох уу?
-Банкнаас аж ахуй нэгжүүдэд олгож байгаа зээл бол бизнесийн зээл, бусад нь хэрэглээний зээл юм. Жишээ нь машины лизингийн зээл, тэтгэвэр барьцаалсан, цалин, хадгаламж бусад орлогоо барьцаалах, ипотекийн зээл гээд бүгд хэрэглээний зээлд ордог.
-Дараа нь хойшлуулсан гурван сарын зээлээ хэрхэн төлөх вэ?
-Гэрээн дээр яаж төлөгдөх нь тодорхой байгаа. Гурван сарын хугацаанд хүү бодогдохгүй. Зээлийн хугацаа сунгагдана гэж ойлгох хэрэгтэй. 20 жилийн зээл авсан бол 20 жил гурван сар болно гэсэн үг.
-Хэчнээн ААН бизнесийн зээлтэй байна вэ?
-Банкны системд 18 их наяд төгрөгийн зээл байдаг. Бидний хийсэн судалгаагаар зээлийн асуудлаа шийдүүлэхээр банкинд хүсэлт тавьсан 1000 орчим иргэн, аж ахуй нэгж байна. Нийт 1.5 их наяд төгрөгийн зээл байгаа. Энэ зээлийн 65 хувь нь аж ахуйн нэгжийн зээл байна. Иргэдийн зээлийн хэмжээ нь ААН-ийнхээс бага ч гэсэн тооны хувьд илүү.
-Шинээр зээл авах хүмүүст үйлчлэх үү?
-Зээлээ авчихсан байхад онцгой дэглэм гараад хүндэрсэн аж ахуй нэгж, иргэдэд зориулсан ийм шийдвэр. Хүнд үед зээл авъя гэж ирэх хүн олон байхгүй болов уу. Зээл төлөлтийн хугацааг нь хойшлуулж байгаа учраас бизнес нь сэргэхэд дөхөм гэж харж байгаа. БНХАУ-д коронавирусийн дэгдэлт хамгийн эхэнд гарсан. Манай улсын эдийн засаг Хятадаас шууд хамааралтай учраас нөхцөл байдал маш хүндэрнэ гэж тооцож байсан. Одоо бол Хятад улс коронавирусийг хяналтдаа аваад, эдийн засаг нь сэргэх байдал руугаа орж байна. Тиймээс манай эдийн засаг ч хурдан сэргэнэ гэж харж байгаа. Зээл хойшлуулах шийдвэрийг өнөөдөр гаргасан. Цаашдаа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэхээс гаргах шийдвэр хамаарна.
-Зээлийн эргэн төлөлтийг банк автоматаар татчихдаг. Энэ тохиолдолд банк дээр очиж гэрээгээ өөрчилнө гэж ойлгох уу?
-Олон нийтийг нэг дор цуглуулахыг хориглосон энэ үед банкууд цахимаар зохицуулах шийдлийг банкууд гаргана. Төрийн институтийн зүгээс зарчмын шийдлийг нь гаргаж, харилцагч банк хоёр яаж шийдэхээ хоорондоо ярилцана. Сүүлийн үед хурлууд хүртэл цахимаар хийгдэж байгаа учраас банк дээрх асуудлыг цахимаар зохицуулах бүрэн боломж бий.
–Нэгдүгээр сарын 27-ноос тооцно гэхээр дөрөвдүгээр сарын 27-нд хугацаа нь дуусчих юм биш үү?
-Нэгдүгээр сарын 27-нд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан гэхээр долдугаар сарын 27-ныг хүртэл ямар нэгэн зээл муу ангилалд орохгүй. Цалингаа бүтэн авч чадахгүйгээс болоод орлого тасалдаад зээлээ төлж чадахгүй байх нь гурван сарын хугацаанд шийдэгдэнэ гэсэн үг. Нэг сард зээлээ төлж чадаагүй, чанар нь буурсан хүмүүс үүнд хамаарагдахгүй. Тэгэхээр зарласан өдрөөс явах нь гэж үзэж байгаа.
Холбоотой мэдээ