Таны амьдарч байгаа хороонд шийдүүлэх асуудал байна уу? Хэрвээ байгаа бол та Орон нутгийн хөгжлийн санд хандана уу. Учир нь энэ санд байгаа хөрөнгийг таны амьдрах орчныг сайжруулахад зарцуулах ёстой юм. Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-ийн эх үүсвэрийг дотоодын НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас орж ирж буй орлогыг олон нийтэд тэгш хуваарилах зорилгоор 2013 оноос үүссэн хэрэгсэл юм. Тэгэхээр Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 173 хорооны 18-аас дээш насны иргэн та SmartUB аппликэйшнийг татаж аваад, хороондоо хийлгэмээр байгаа ажилдаа санал өгөхөд л болно. Санал асуулга 3-р сарын 1-нд эхэлсэн ба нэг сар үргэлжилнэ.
Бид Баянгол дүүрэгт санал асуулгын ажил ямар явцтай байгааг Баянгол дүүргийн Орон нутгийн хөгжил, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Зоригтоос тодрууллаа.
-Одоо явагдаж байгаа 2020 оны санал асуулга бол 2021 онд хийгдэх ажлыг тодорхой болгох шүү дээ. Санал асуулгад оролцогчдын идэвх ямар байна вэ?
-Баянгол дүүрэг 25 хороотой үүнээс 9 хороо нь гэр хороолол, 16 хороо нь орон сууцны хороолол байдаг. Манай дүүргийн бүх хороо шилэн кабельд холбогдсон давуу талтай. Нийт 250 мянга гаруй хүн амтай ба үүнээс 130 мянга нь 18-аас дээш насныхан. ОНХС-ийн онлайн санал асуулга 2018 онд анх удаа явагдаж байхад манай дүүргээс 5-р хороо оролцож байсан. Харин 2019 оны онлайн санал асуулгад манай дүүрэг оролцоогүй, цаасаар саналаа авч байсан. Тиймээс манай дүүргийн иргэдийн хувьд онлайнаар саналаа өгч байсан туршлага бараг байхгүй гэж хэлж болно.
Онлайн санал асуулгыг олон нийтэд таниулахад бүх төрлийн мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанаас гадна санал асуулгын мэдээллийг иргэдэд хүргэж байгаа гол хүмүүс бол хэсгийн ахлагчид. Манай дүүргийн хувьд 242 хэсгийн ахлагчтай. Өмнөх жилүүдэд уламжлалт цаасан хэлбэрээр хэсгийн ахлагчид гэрээр нь очиж санал авдаг байсан бол энэ жилээс онлайн болсноор иргэдийн өөрсдийнх нь оролцоо жинхэнэ утгаараа шаардагдаж байгаа юм. Санал асуулга онлайн хэлбэрт бүрэн шилжсэн ч гэсэн хэсгийн ахлагчид хэсгийнхээ өрхүүдээр явж санал асуулгын идэвхжүүлэлтийг хийх байсан боловч коронавирусын үеийн хөл хорионы дүрмийг дагаад айл өрхүүдээр явах боломжгүй болсон. Энэ нь онлайн санал асуулгад сөргөөр нөлөөлж байна л даа. Үүн дээр нэмээд иргэдэд онлайнаар санал өгдөг дадал суугаагүй байгаа учраас төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Хөл хорионы үед иргэд гэр гэртээ байж, нийгмийн сүлжээн дэх идэвх маш өндөр байгаа учраас бид нийгмийн сүлжээгээр санал асуулгын мэдээллээ тогтмол явуулж байна. ОНХС-ийн санал асуулга 2020 нэртэй фейсбүүк хуудаснаас шинэ мэдээллийг тогтмол авах боломжтой байгаа. Таны амьдрах орчны асуудлыг шийдэх мөнгө нь бэлэн байна гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.
-Санал асуулга авч байгаа SmartUB аппликэйшн бүрэн ажиллагаатай байгаа юу? Ямар ч төрлийн гар утсанд ашиглах боломжтой юу?
-Тийм ээ. Андройд болон IOS үйлдлийн системтэй гар утсанд аппликэйшнээ татаж аваад л өөрийн амьдардаг хороо, дүүрэгтээ ямар ажил хийлгэх шаардлагатай байгаагаа шууд сонгох боломжтой. 2 минут л зарцуулагдана.
-Нэг хүн хэдэн удаа санал өгөх боломжтой вэ?
-18 нас хүрсэн бүх хүний санал өгөх эрх нээлттэй байгаа. Тухайн хүний санал гар утасны дугаараар нь баталгаажиж байгаа учраас нэг дугаараар нэг л санал өгөх боломжтой. Харин зарим иргэд хоёроос гурван дугаартай байхыг үгүйсгэхгүй.
-Танай дүүрэгт энэ жил Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас ямар хэмжээний төсөв хуваарилагдсан бэ?
-Энэ жил 801 сая төгрөг хуваарилагдсан. Энэ хөрөнгөөр иргэдийн саналыг хамгийн их авсан ажлаас эхлээд хийж гүйцэтгэнэ гэж ойлгож болно. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд ОНХС-ийн хөрөнгөөр том ажлууд хийгддэггүй. Өөрөөр хэлбэл авто зам, сургууль цэцэрлэг зэрэг том хэмжээний ажлууд нь улс, нийслэлийн төсвөөс хийгддэг. Харин орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, булаг, шандыг хамгаалах зэрэг ажлыг санхүүжүүлэхэд зарцуулах ёстой байдаг. Тухайлбал өнгөрсөн жил Баянгол дүүрэгт 777 сая төгрөг хуваарилагдаж камержуулалт 250 сая төгрөг, машины зогсоол нэмэгдүүлэх 217 сая төгрөгийн ажил хийгдээд дууссан, харин 160 сая төгрөгийн явган хүний зам, сагсан бөмбөгийн талбай тохижуулах ажил нь он дамжиж хийгдэхээр төлөвлөгдөөд явж байгаа. Тиймээс энэ жилийн хуваарилагдсан мөнгийг ямар ажилд зарцуулахыг иргэд гэрээсээ гаралгүй гар утсандаа SmartUB аппликэйшнийг суулгаад л, хоёрхон минут зарцуулаад саналаа өгөхийг уриалж байна.
Холбоотой мэдээ