Парисын халдлага цахим ертөнцөд

Хуучирсан мэдээ: 2015.11.15-нд нийтлэгдсэн

Парисын халдлага цахим ертөнцөд

 

Францын нийслэл Парис хотод гарсан халдлагын дараа цахим ертөнц тэр аяараа Парисын төлөөх эмгэнэлээр дүүрчээ. Олон нийтийн сүлжээ “Facebook”,  “Instagram”, Твиттер” сайтад хүмүүс тусгай аппликейшны тусламжтайгаар нүүр хуудасны зургаа Франц улсын төрийн далбааны өнгөөр солонгоруулж, Эйфелийн цамхгийн  дүрсээр солих зэргээр эмгэнэлээ илэрхийлж байна. Мөн олон улс өөрсдийн бэлэг тэмдэг болсон барилга байгууламжийн гэрлийг Францын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж байгаа юм.

 

Парис хотноо баасан гаригт /XI.13/ нэг зэрэг олон газар халдлага гарснаар 129 хүн амь үрэгдэн, 350 гаруй хүн гэмтэж шархтсан юм.

 

Түүнчлэн халдлагад өртсөн Францын иргэд холбоо тасарсан нэгнээ цахим ертөнцөөр эрэн сурвалжилж байна. Тухайлбал, Францын “Facebook” хэрэглэгчдийн профайл дээр эсэн мэнд гэдгийг нь илэрхийлэх тэмдэг харагдаж байгаа бол Твиттерт “би эсэн мэнд” гэх “хаштаг”  /#/ жиргэх болжээ.

 

Францад өнөөдөр /XI.15/ гашуудлын өдрүүд үргэлжилж, цэрэг, цагдаагийн хувцастай хүмүүс Парис хотын хаа сайгүй эргүүл хийж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж