Эдийн засагч Л.Наранбаатар АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд, түүний дүү З.Хишигтогтох болон "Страто" компанийн захирал А.Баттүшиг нарыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж буй тухайгаа өнөөдөр /2020.03.18/ олон нийтэд мэдээлэв.
Тэрбээр “Хишиг арвин" болон "Страто" компани нэг эзэнтэй гэдэг нь нотлогдож байгаа мэт намайг хэвлэлийн хурал хийснээс 30 минутын дараа З.Энхболд дээрх хоёр компани руу ярьсан байна лээ. "Страто" компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг нь үнэн, бид хоёр нэг оффист суудаг нь үнэн гэсэн. "Страто" компани "Эрдэнэс Тавантолгой" компаниас сард 50 мянган тонн нүүрс авч, угааж байгаа. Ингэхдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гол өрөм болсон нүүрсийг авч угааж байна. З.Энхболдын хамаарал бүхий энэ хүмүүс Тавантолгойн нүүрсний баяжмал дээр шимэгчид шиг сууж байна гэж харж байна.
Өчигдөр C1 телевизээр гарсан нэвтрүүлэг дээр "Страто" компаниар дамжуулж, тэд хятадуудтай Тавантолгойн нүүрс дээр гэр бүлээрээ найрлаж буй мэдээлэл задарсан юм шиг байна. Энэ шимэгчдийг бид коронавирустэй тэмцэж байгаа шигээ устгах хэрэгтэй байна. З.Энхболд, түүний гол бизнесийг нь хийдэг хүн, төрсөн дүү болох З.Хишигтогтох нарыг АТГ-т өгч байна.
З.Хишигтогтох бол нэр дээрээ арав гаруй компанитай. Зарим компаниа үүсгэн байгуулаад, дампууруулчихдаг юм байна. Жишээлбэл, "Эрдэнэт"-ээс тендер авч, шуугиан тарьж байсан компаниа дампууруулчихсан байх жишээтэй. Тэрхүү компани дампуурсны маргааш нь нүүрс баяжуулдаг "Страто" гээд компани гарч ирсэн. З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг нар нэгдмэл ашиг сонирхолтойгоор ажиллаж, бүлэглэн зохион байгуулалттайгаар улсад онц ноцтой хэмжээний хохирол үзүүлсэн байж болзошгүй хэргийг шалгаж өгөхийг хүсч, АТГ, Тагнуулд хандаж байна.
"Хишиг арвин" компанитай З.Энхболд холбоотой гэдэг мэдээлэл маш их гардаг. Энэ хүн М.Тулгат гэдэг хүнтэй холбоотой. М.Тулгат, З.Энхболд нар "Ардчилсан хүчний холбоо", "Алсын хараа" ТББ хамтран байгуулсан. Ийм улс төрийн байгууллагаас "Хишиг арвин индустрал" компанийн захирлыг томилж байна. Өөрөөр хэлбэл, АН-ын Шонхор фракцын зүгээс тухайн компанийн захирлыг томилж байна. "Хишиг арвин индустрал" компани гурван жилийн хугацаатай 800 орчим тэрбум төгрөгийн ажил авсан байна.
З.Энхболд 2013 онд лоббидож, энэ компанид ажил олж өгч байсан. Энэ тухайгаа З.Энхболд Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Тэр ярилцлага нь youtube дээр байгаа. Тэрхүү ярилцлагадаа З.Энхболд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хөрөнгө оруулалт хэрэггүй. Нүүрсээ олборлохдоо "Хишиг арвин" мэтийн сайн компаниар олборлуулах хэрэгтэй гэсэн байна лээ. Хариуд нь 2013 оны есдүгээр сарын 12-нд М.Тулгат бид сайн ажиллаж байгаа гэж ярьж байна. 2013 оноо хойш өнөөдрийг хүртэл энэ компани дор хаяж 3 их наядын орлого олчихсон байгаа. Нөгөө талд нь бидний ногдол ашгаар барьж буй Зүүнбаянгийн төмөр зам "Страто" руу чиглэж байна. З. Хишигтогтохын найз А.Баттүшиг өнөөдөр олон охин компани байгуулчихсан нүүрс ухаад байж байна. Хамгийн гол нь тэд хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байна. Газар авсан асуудлаасаа эхлээд бөөн маргаан, татварын тогтворжуулалтын гэрээ авсан тэр нь хууль зөрчиж байна. ТЭЗҮ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй. Ялангуяа ТЭЗҮ дагуу үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг тодотгож хэлмээр байна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй. Жирийн бизнес эрхлэгч, жишээлбэл Наранбаатар гэж хүн баяжуулах үйлдвэрийн эрх авах гэж 2-3 жил болно, үйлдвэрээ барих гэж дахиад 2-3 жил болно. Гэтэл энэ зарчмаар яваагүй, шууд эрхээ авчихсан. Энэхүү үйл явцад З.Энхболд шууд нөлөөлсөн гэж би хардаж байгаа учраас АТГ-т хандаж байна.
Үүнээс гадна, "Страто" компани ТЭЗҮ-дээ зөвхөн нүүрс угааж өгөх үйлчилгээ үзүүлэх ажилтай гэсэн. Гэтэл ТЭЗҮ зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа. "Эрдэнэс Тавантолгой" компаниас хямд үнээр нүүрс аваад цааш нь түүхийгээр нь дамлан зарсан. Нүүрс баяжуулах үйлдвэр гэсэн зүйлийн цаана өндөр үнэтэй коксжсон нүүрсийг хямд аваад цааш нь зарж байж магадгүй. Үүнийг А.Баттүшиг хэвлэлийн бага хурлын үеэрээ хэлсэн байна лээ. Энэ бол нотлох баримт болж байна гэсэн үг. Өөрсдөө нотолсон.
Мөн 2012 оны үед "Суруга Монгол" компанийн захирал япон хүнийг зочид буудалд хар тамхи хэрэглэсэн хэргээр хэлмэгдүүлсэн. 2013 оны sonin.mn сайтад энэ тухай мэдээлэл байсан. Хэлмэгдүүлж байгаад тухайн компанийн газрыг нь дээрэмдэж авсан. Энэ хэрэгт Монголын улс төрийн бүлэглэл холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан. Гэтэл өнөөдөр "Суруга монгол" компанийн газар дээр Хүннү 2222 гэдэг хороолол босчихсон байна. Энэ хорооллын таван ширхэг байрных нь найман давхарт KHT гэх нэртэй компани байна. Энэ компани нь З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой холбогдож байна. Энэ бүх асуудалд гэмт хэргийн шинж чанартай зүйл байгаа эсэхийг шалгаж өгөөч хэмээн АТГ, Тагнуул хүсэлт тавьж байгаа" гэв.
Холбоотой мэдээ