“Асуумжаа худлаа бөглөвөл 50 мянган төгрөгөөр торгоно”

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

“Асуумжаа худлаа бөглөвөл 50 мянган төгрөгөөр торгоно”

“Асуумжаа худлаа бөглөвөл 50 мянган төгрөгөөр торгоно”

Монгол Улсад COVID-19 халдварын тав дахь тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас өчигдөр /2020.03.17/ мэдээлсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд өвчлөлийн голомтоос ирсэн учраас халдварын эрсдэл өндөртэй байгааг мэргэжилтнүүд сануулж байгаа. Тиймээс гадаадаас ирж буй иргэд асуумжаа худлаа бөглөвөл хуулийн ямар хариуцлага хүлээлгэх талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулсан юм.


 “ШИНЖ ТЭМДЭГ ИЛРҮҮЛЭХ 30 ГАРУЙ АСУУЛТТАЙ АСУУМЖ БӨГЛҮҮЛЖ БАЙНА”

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Гадаадаас онгоцоор ирж буй иргэдийн биеийн халууныг үзэж байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн эсэх талаар 30 гаруй асуулттай тусгай асуумж бөглүүлж байна. Гадаадаас ирж буй иргэдээ халдвартай улс орнуудаас татан авч байгаа. Гадаадын улс орнуудын эмнэлгийн үйлчилгээ тун бэрх байгааг та бүхэн мэднэ. Монгол Улс шиг халдвар авсан иргэнтэйгээ тулж ажиллаж байгаа улс орон ховор байгаа. Тэгэхээр гадаадаас ирж буй иргэд дунд шинж тэмдэгтэй хүмүүс ч байсан. Бид энэ болгон дээр ажиллаж байна. Халдвар авсан иргэдийн шинжилгээ батлагдсаны дараагаар бас нэг өөр ажиллагаа явуулах шаардлагатай болсон.

Шинэ коронавирусийн халдвар авсан гурван эмэгтэй 30-60 насных. Халдвар авсан иргэдийн талаар нэр бүрчлэн ярих боломжгүй. Тэр нь ч буруу. Тиймээс сэтгүүлчдэд нарийн асуултуудыг тавихгүй байхыг зөвлөе” гэсэн юм.

“ХАЛДВАР АВСАН ИРГЭД АСУУМЖАА ҮНЭН ЗӨВ БӨГЛӨСӨН”

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл Гадаадаас орж ирж буй иргэдийн нэвтрэх, асуумж бөглөх зэрэг бүх асуудлыг хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг. Хэрвээ халдварын голомтоос болсон улсаас ирж буй иргэд асуумжаа үнэн зөв бөглөөгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх заалт бий. БНСУ-аас ирсэн хоёр болон Франц улсаас дамжин ирсэн нэг хүн асуумжаа үнэн зөв бөглөсөн.  Үнэн зөв бөглөсөн учраас халдварыг тогтоож чадсан. Халдвар авсан иргэд маань албан ёсны шинжилгээ өгөөгүй байсан учраас өөрийгөө халдвар авсныг мэдээгүй байсан”.

“АСУУМЖАА ХУДЛАА БӨГЛӨВӨЛ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО”

Халдвартай иргэн асуумжаа худал бөглөсөн бол ямар хуулийн хариуцлага хүлээлгэх талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатараас тодруулсан юм. Тэрбээр “Халдвар авсан Монгол Улсын гурван иргэний хувьд асуумжаа үнэн зөв бөглөсөн. Хэрвээ халдвар авсан иргэн асуумжаа худлаа бөглөвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авна. Халдвар авсан гурван эмэгтэй өвчний нууц үедээ Монголд орж ирсэн. Тухайн үед “Covid 19” вирусийн халдварын шинж тэмдэгтэй хүн байхгүй байсан. Эмнэлгийн байгууллагад шилжүүлсний дараа, БНСУ-аас ирсэн хоёр зорчигч коронавирусийн халдвартай болох нь анхны шинжилгээгээр батлагдсан.

Дараагийн тусгай үүргийн онгоц Берлин-Москва чиглэлд нислэг үйлдсэн. Уг нислэг нь  гуравдугаар сарын 16-ны өдөр 07.58 минутад газардаж, нийт 231 зорчигч ирсэн. Бүх иргэн тусгаарлалтад шилжсэн. Ажиглалтад авах шаардлагатай 47 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. Нийт 186 зорчигчийг “Амар” зочид буудалд шилжүүлсэн, нислэгийн багийн есөн хүн “Амар” зочид буудалд тусгаарлагдсан.

Манай байцаагч нарыг үзлэг хийх явцад Берлин-Москвагийн нислэгээр ирсэн нэг зорчигчид халуурсан шинж тэмдэг илэрсэн. Эхний шинжилгээгээр биеийн халуун нь 37.5 хэм, давтан шинжилгээгээр 37.6 хэмтэй байсан. Эрүүл мэндийн хуудас дээрээ халуунтай, хоолой өвдсөн шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэсэн. Мөн байцаагчийн үзлэгээр халуунтай байсан учраас яаралтай түргэн тусламжид дуудлага өгч, ХӨСҮТ-д шилжүүлж өгсөн.

Тухайн үед байцаагчид халуунтай байсныг нь илрүүлсэн. ХӨСҮТ-д өгсөн шинжилгээний дүнгээр коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Хоёр нислэгээр ирсэн гурван иргэний халдварын тохиолдол батлагдан, тусгаарлалтад авсан” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж