Бурхны номд шавилан сууж буй хөвгүүдээ анхааръя

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Бурхны номд шавилан сууж буй хөвгүүдээ анхааръя

Бурхны номд шавилан сууж буй хөвгүүдээ анхааръя

Гуравдугаар сарын 18, Монгол цэргийн баярын өдөр. Энэ өдрийг армийн албан хаагчид төдийгүй  бүх л Монгол эрчүүд баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ өдөр Энэтхэг улсад бурхны номд шавилан сууж буй эрэгтэй хүүхдүүдийн талаар хөндөж байна. Эдгээр хүүхдүүд бага наснаасаа гадаад улсад амьдарсан учраас төрөлх хэлээрээ уншиж, бичиж чадахгүй болж байгаа нь сэтгэл эмзэглүүлж буй юм.


ЭНЭТХЭГ УЛСАД 697 МОНГОЛ ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙНА

Монгол Улсаас 1000 орчим хүүхэд Энэтхэг улсад шавилан суудаг гэх мэдээлэл бий. Тэр дунд насанд хүрсэн залуус ч цөөнгүй байгаа. Өнгөрөгч 2019 оны байдлаар 697 Монгол хүүхэд Энэтхэг улсад суралцаж байгаа аж. Ерөнхий боловсролын сургуулийн насны 500 шахам хүүхэд суралцдаг. Эдгээрээс эх орондоо бага боловсрол эзэмшсэн 150, суурь боловсрол эзэмшсэн 200 гаруй, бүрэн дунд боловсрол эзэмшсэн 150 хүүхэд байгааг албаныхан хэлэв.

Хүүхдүүд өөрийн хүсэл сонирхлоор болон эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөснөөр Энэтхэг улсад суралцдаг байна. Одоогоос зургаан жилийн өмнө НҮБ-ын хүүхдийн сан, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Сүм, хийдийн үйл ажиллагаанд хамрагддаг болон шавилан сууж буй хүүхдүүдийн сүм хийдэд татагдаж буй шалтгаан”-ыг судалсан 21 аймаг, есөн дүүргийн хүүхдүүдийг хамруулсан нарийвчилсан судалгааны тайланг гаргажээ.

Уг судалгааны тайланд “Сүм хийдэд хамрагддаг хүүхдүүдийн 26.3 хувь нь ерөнхий боловсролын сургууль завсардсан бөгөөд тэд бүгд буддын шашинтай байгаа юм. Сургууль завсардсан шалтгаан нь сүм хийдэд хамрагдах, лам болохын тулд сургуулиа орхисон.

Тэд буддын шашныг гүнзгийрүүлэн судалж Төвд, Энэтхэг зэрэг улс руу явах хүсэлтэй байдаг. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээгүй, англи хэлний мэдлэггүйгээс явж чадахгүй байдалд хүрдэг учраас сүм хийдийн хүүхдүүд албан бус боловсролд суралцах болсон” талаар дурджээ.

ЭНЭТХЭГТ СУРАЛЦАЖ БУЙ ХҮҮХДҮҮДЭД МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, ТҮҮХИЙН ХИЧЭЭЛ ЗААНА

Эх орондоо бага, суурь боловсрол эзэмшсэн хүүхдүүд үргэлжлүүлээд Энэтхэг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа ажээ. Одоогоор Энэтхэг улсын ерөнхий боловсролын сургуульд нийт 350 гаруй Монгол хүүхэд суралцаж байгаа гэнэ. Харин эх орондоо дээд боловсрол эзэмшсэн 50 гаруй залуучууд байна.

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын Тэгш хамруулан суралцуулах бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяа “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас АНУ, БНСУ, Щвед, Щвейцари, Франц зэрэг барууны улс орон болон бусад улсад амьдарч буй хүүхэд залуучуудад Монгол хэл, түүх, соёлоо сурах боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авлаа. Эдгээр улс орнуудад амьдарч суралцаж буй хүүхдүүдэд Монгол хэл, бичгийн цахим сурах бичиг зохиож өгсөн. Мөн Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн Боловсролын хороотой хамтран хүүхдүүдэд Монгол хэлний цахим сургалт явуулж байна. Хичээлийг эдгээр улс орнуудад ажиллаж буй Монгол хэлний мэргэжлийн багш нар заадаг. Яамнаас хичээл заах багшид зориулан багшийн гарын авлага боловсруулж, багш нарыг сургалтанд хамруулж мэргэжлийг нь дээшлүүлсэн.

Энэтхэг улсад суралцаж буй хүүхэд залуучуудын боловсролд хууль, тогтоомжид заасан арга хэмжээ авч ажиллаж байна. Салбар яамнаас Энэтхэг улс дахь хийд, дацанд болон Энэтхэг улсын ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй суралцагчдад Монгол хэл, бичиг, түүхийн хичээл заах шийдвэр гаргаж, 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хийж байна” гэсэн юм.

Сүм, хийдийн үйл ажиллагаанд оролцох шавилан суухад ямар нэгэн болзол, шалгуур тавьдаггүй, хүсэлт гаргасан хүүхэд болгоныг хүлээн авдаг. Гэхдээ өөрөө сурах чадвартай, олон түмэнд буян түгэн дэлгэрүүлдэг хүн байх хэрэгтэй гэсэн ерөнхий шалгуур тавьдаг байна.

БУДДЫН ГҮН УХААНД 22 ЖИЛ СУРАЛЦАЖ, ДЭЭД ЦОЛ ЗЭРЭГ ХҮРТДЭГ

Монголын хүүхэд залуучууд Буддын гүн ухаан, шинжлэх ухааныг 16 зиндаанд /анги/ сурч 16 жил суралцаж эзэмшдэг байна. Дараа нь зургаан жилийн турш лхаарамба, аграмбын шалгалт өгч амжилттай хамгаалан Буддын гүн ухаан, шинжлэх ухааны хамгийн дээд зэрэг болох гэвш лхаарамба, гэвш аграмбын цол зэрэг хүртдэг аж.

Монгол Улсад ардын хувьсгалаас хойш Буддын гүн ухаан, шинжлэх ухааны хамгийн дээд цол зэрэг хамгаалсан эрдэмтэнгүй байсаар иржээ. Одоогоор Монгол Улсад хоёр гэвш лхаарамба, нэг гэвш аргамба төрөөд байгаа аж.

Эдгээр гэвш лхаарамба, аграмба нар АНУ-ын дэлхийн шилдэг их сургууль болох Эморийн их сургуулийн физик, хими, нейрологи, сэтгэл судлалын хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд Швейцари, Их Британи зэрэг барууны улс орнуудад квант физик, нейрологи, сэтгэл судлалын шинжлэх ухааны чиглэлээр судалгааны ажил хамтарч хийдэг ажээ.

Мөн орос, англи, төвөд, хинди, испани хэл эзэмшжээ. Тэд өрнө, дорны улс орны нэрт эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж, олон улсын бага хурал, их хуралд илтгэл хэлэлцүүлдэг байна. Мөн Энэтхэг, Орос, АНУ, Франц, Их Британи, Сингапур, Хонконг, Тайван зэрэг олон улс орны эрдэмтдийн урилгаар Буддын гүн ухаан, шинжлэх ухааны хичээл заадаг. Эдгээр гэвш лхаарамба, аграмба нар нь Буддын гүн ухаан, шинжлэх ухааныг бусад шинжлэх ухаантай харьцуулан судалж буй манай улсын анхны эрдэмтэд юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж