Covid-19: Өвчилсөн иргэдийг эмчлэх эмийн нөөц хангалттай юу? | News.MN

Covid-19: Өвчилсөн иргэдийг эмчлэх эмийн нөөц хангалттай юу?

Covid-19: Өвчилсөн иргэдийг эмчлэх эмийн нөөц хангалттай юу?

Covid-19: Өвчилсөн иргэдийг эмчлэх эмийн нөөц хангалттай юу?

Covid-19-ийн халдвараар дэлхийд 7000 гаруй хүн нас барсан ч 79 мянган хүн эдгээд байгаа юм. Хэдийгээр тус вируст халдварыг эмчлэх вакцин, эмчилгээ албан ёсоор батлагдаагүй ч эмнэл зүйгээр нь эмчилснээр ийм олон хүн эдгэжээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр уг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хилийг хаах зэрэг арга хэмжээг авсан ч таван иргэн шинэ коронавирусийн халдвараар өвчилсөн нь цаашид олон хүн өвчлөх эрсдэлтэй болгосон. Мэргэжилтнүүдийн гаргасан прогнозоор Монгол Улсын 1700-2000 иргэн уг халдвараар өвчлөх эрсдэлтэй байгаа. Тиймээс уг халдварыг эмчлэхэд шаардлагатай эм, бэлдмэл хангалттай байгаа эсэх, иргэд уг халдвараас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч буйг сурвалжиллаа.

НЭГ ХҮНИЙГ ОНОШЛОХОД 100 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

Covid-19-ийн халдварын үед ашиглах эм, тоног төхөөрөмжийн нөөц улсын хэмжээнд хангалттай байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулсан юм.

-Одоогоор Covid-19-ийн халдварыг эмчлэх эмчилгээ батлагдаагүй байгаа ч эмнэл зүйгээр нь эмчилж байгаа. Тухайлбал, ямар төрлийн яг ямар эмийг хэрэглэж байна вэ?

-Эмэн эмчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон өвчлөл гарсан улс орнуудын тооцоолж буйгаар хөнгөн болон хүндэвтэр иргэн 14 хоног, хүнд болон маш хүнд тохиолдол нь 3-6 долоо хоног эмчлэгдэж байгаа.

Бидэнд ДЭМБ-ын заавар бий. Заавар дээр байгаа бүх эм, БНХАУ, БНСУ зэрэг улсын эмчилгээний удирдамжид байгаа зүйлсийг бүгдийг нь авсан. БНХАУ-тай цахимаар холбогдож, эмчилгээний туршлага, сургамжийг авсан. Эдгээр оронд хүчилтөрөгч эмчилгээ, вирусийн эсрэг эмчилгээ, уушгины үрэвслийн эмчилгээ, дархлаа сайжруулах болон бусад шинж тэмдгийн эмчилгээ зэргийг хийж байгаа тул яг үүний дагуу эмийн нөөцөө бүрдүүлсэн. Бидэнд антибиотик болон вирусийн эсрэг эмүүдийн нөөц бий.

-ДЭМБ-аас хөнгөн хэлбэрээр өвчилсөн бол өөрийгөө гэртээ тусгаарлах зөвлөгөө өгч байгаа. Тухайлбал, гэртээ тусгаарлагдсан иргэн ямар эм хэрэглэж, өөрийгөө эмчлэх вэ. Тэдгээр эмийг  нэрлэж болох уу?

-Ачаалал маш их болоод, эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болбол гэрээр хэрхэн эмчлэх талаарх зааврыг бэлтгэчихсэн байгаа. Мөн энэ нөхцөлд ажиллах чиглэлээр өрх болон сумын эмч нарыг ч бэлтгэсэн. Гэхдээ одоогийн нөхцөлд уг зааврыг иргэдэд түгээх шаардлагагүй. Учир нь, иргэд дураараа эм авч нөөцлөх, эм уух зэрэг эрсдэл өндөр.

-Тэгвэл улсын хэмжээд шаардлагатай эмийн нөөц хангалттай бий гэж ойлгож болох уу?

-Нөөцийг шаардлагатай хэмжээнд бүрдүүлсэн.

-Шаардлагатай эмийн хэдэн хувийг дотооддоо үйлдвэрлэж байна вэ?

-Антибиотик, шингэнээс эхлээд олон эмийг нь дотооддоо үйлдвэрлэдэг.

-Эмчилгээнд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж тухайлбал, уушиг орлуулагч, хүчилтөрөгжүүлэгч аппарат хэр хүрэлцээтэй байгаа вэ. ECMO аппарат гэхэд Монголд байдаггүй шүү дээ. Ямар ямар төхөөрөмжүүд шаардлагатай байгаа вэ?

-Амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн баллон, монитор, дусал, тарианы шавхуурга зэргийг захиалж, нийлүүлж байгаа. ECMO аппаратын хувьд маш өндөр өртөгтэй ч бид хоёр ECMO аппаратыг ойрын хугацаанд оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн ажилчид бид өдөр нь үндсэн ажлаа хийгээд орой нь, шөнийн цагаар сууж тоног төхөөрөмжид шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгөхийг хүсч олон улсын байгууллагууд руу төсөл бичин явуулж байна.

-Одоогоор хэчнээн оношлуур шаардлагатай вэ. Үнэ нь хэдэн төгрөг байдаг вэ?

-Манай эрдэмтэд, эмч нар, ЭМЯ-ныхан олон улсын байгууллага, эрдэмтэдтэй сайн харилцаатай ажилладаг болохоор хамгийн анх Япон улсаас 200 оношлуур авчирсан. Хариуг нь Японы тал давтан баталгаажуулж байсан. Үүний дараа Японоос дахин 1000, ДЭМБ-аас 3000 оношлуур, ОХУ-аас 500 оношлуур ирсэн. Одоо бид 10 мянган оношлуур худалдаж авах бэлтгэл ажлаа хангасан. Тиймээс оношлуур тасарчих вий гэж айх хэрэггүй.

Эхний ээлжинд олон улсын байгууллагуудаас эдгээр оношлуур хандиваар орж ирсэн. Энэ удаад  бид оношлуурыг худалдаж авна. Үйлдвэрлэсэн улсаасаа шалтгаалаад харьцангуй үнэтэй байдаг юм байна.

Монголын инженерчлэлийн холбооноос 270 түргэвчилсэн оношлуур бэлэглэсэн. Уг оношлуурыг туршиж, ашиглаж байна. Түргэвчилсэн оношлуурын хувьд тухайн өвчтөний биед үүссэн эсрэг биеийг илрүүлдэг болохоор баримжаа авах хэрэгсэл гэж ойлгож болно. Харин баталгаатай хариуг PCR оношлуураар хийх нь зөв гэж үзэж байгаа.

PCR оношлуураар нэг хүнийг оншлоход 100 гаруй мянган төгрөг болдог.

-Мэргэжилтнүүд Монгол Улсад 1700-2000 хүн уг вирусээр өвчлөх эрсдэлтэй гэсэн прогноз гаргасан гэсэн. Энэ хэр үндэслэлтэй тооцоолол вэ?

-Эрүүл мэндийн салбар 52 мянга гаруй хүнтэй. Энэ хүмүүс дунд дэлхийд данстай эрдэмтэд ч бий. Тухайлбал, Вирусологийн тасагт гэхэд ДЭМБ-ын зөвлөхөөр ажиллаж байсан доктор хүн, АНУ-ын CDC (Өвчин судлалын төв)-д ажиллаж байсан эмч нар ч бий. ЭМЯ-ны багт ч олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай хүмүүс бий. Тэдэнтэй хамтран ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тооцооллыг гаргадаг. Мэдээллийг аль үед нь түгээх вэ гэдэг ч бодлогын асуудал. Энэ нь эрүүл мэндийн салбар мэдээллийг нууцалдаг гэсэн үг биш. Тиймээс ЭМЯ-ны эмч, мэргэжилтнүүдэд итгээрэй гэж хэлмээр байна.

ДЭМБ-аас гаргасан аргачлалын дагуу тооцоолол хийсэн. Энэ дагуу Монгол Улсын хүн амын дунд халдвар авах эрсдэл хэдэн хувьтай байгаа, хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээний тасгаар эмчлүүлэх хувь, цаашлаад маш хүндрэх нь хэдэн хувьтай байх вэ гэдгийг тооцоолсон. Энэ эрсдэлийг бууруулж, аль болох хохирол багатай байлгахын тулд бүх төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

-Хүн амын 0.4 хувьд хүрэлцэхүйц орыг бэлтгээд байгаа.  Гэхдээ цаашид 1.4 хувьд хүрэлцэх ор шаардлагатай. Орны тоог яаж нэмэгдүүлэх вэ?

-Олон улсад халдварт өвчний үед хүн амынхаа 0.1 хувиас олон ор бэлтгэдэг. Эхний ээлжинд бид орны тооцоолол хийсэн. Хүн амынхаа 0.4 хувьд хүрэлцэх орыг бэлдсэн. Дүүргүүдийн эмнэлэг, лавлагаа төвүүдийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний орны тоог 10 хувиар нэмж,  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ хуваарилах ажлуудыг хийж байна.

ХӨСҮТ-д 300, Цэргийн төв эмнэлэгт 570, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 250 ор бэлэн байна. Цаашид Арьсны өвчин судлалын үндэсний төвийг бүрэн чөлөөлнө, шаардлага гарвал дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлнө. Энэ мэтчилэн цаашид хэрхэн ажиллах тооцооллыг хийсэн. Эрсдэлийг энгийн болон дунд, хүнд байдалд хүрвэл хэрхэн ажиллахаа төлөвлөсөн.

-Эмч нарын нөөцийг бүрдүүлэхийн тулд анагаахын оюутан, тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтан нарыг дайчилна гэсэн. Одоогоор нөөцийн хэдэн хувь нь дайчлагдаад байна вэ?

-Нөөцийн судалгааг бүгдийг нь хийсэн, дайчлагдах хүмүүсээ овог нэртэй нь жагсаачихсан байгаа. Эхний удаад резидентээр сурч буй эмч нараа дайчилж байна. Нийслэлийн автопостууд дээр гэхэд 160 гаруй резидент эмчийг ажиллуулж байна. Зочид буудал, амралтын газарт эмнэлгийн мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс тэнд лавлагаа төвүүд буюу Гэмтлийн эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэг эмчээр ахлуулсан резидент эмч нарыг томилон ажиллуулж байгаа.

ДАРХЛАА ДЭМЖИХ БЭЛДМЭЛЭЭС БУСАД ЭМИЙН БОРЛУУЛАЛТ ЭРС БАГАССАН

Эмний хангамжийн талаар эм ханган нийлэх байгууллагуудаас тодрууллаа.

“Тавин ус” компанийн захирал Ц. Энхтуяа

-Гар ариутгагч, маск, нэг удаагийн бээлий л эрэлттэй байна. Эм бэлдмэлийн хувьд дархлаа дэмжих зорилгоор витамин С, витаминтай мөхлөг, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэргийг их авч байна. Сургууль амарч, ханиад томуугийн халдвар багассантай холбоотойгоор бусад төрлийн эмийн борлуулалт эрс багассан. Тиймээс бид иргэдийн сонирхож байгаа дархлаа дэмжих зүйлс, гар ариутгагчийг түлхүү үйлдвэрлэж, хэрэглээнд илүү хялбар болгож байгаа. Эмчилгээний удирдамж батлагдаагүй байгаа тул ямар нэгэн эм зөвлөхгүй байхыг ЭМЯ мэдэгдсэн. Тиймээс манайх дархлаагаа дэмжихийг, ам зайлагч бэлдмэл, ариутгагч санал болгож байгаа.

Манайх жилд 200-300 мянган маск борлуулдаг байсан. Гэтэл саяхан 200 мянган маск ирээд хоёр хоноод дууссан. ОХУ, БНХАУ-ын зүгээс зургадугаар сарын 1-ныг хүртэл маск нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.

АНТИБИОТИК БОЛОН БУСАД ТӨРЛИЙН ЭМ ЭРЭЛТГҮЙ БАЙНА

“Монос-Улаанбаатар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Буянбат

-Санитас, нэг удаагийн бээлий, маск, ариутгалын бодис, бүрэн хамгаалалтын хувцас л эрэлттэй байна. Эм бэлдмэлийн хувьд салимон, биферон лаа, витамин С, витамин D3, цайр зэрэг дархлаа дэмжих бэлдмэлүүдийг иргэд түлхүү авч байна. Хөл хорио тогоож, сургууль цэцэрлэгийг хаасантай холбоотойгоор томуугийн дэгдэлт багасч антибиотик болон бусад төрлийн эм эрэлтгүй байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж