Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ гэдэг шинэ сорилт дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн эдийн засаг сааралтаж эхэллээ. Хөл хориотой холбоотойгоор нүүрсний экпорт түр зогссон, ААН-үүдийн орлого хумигдаж төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээсээ буурч тасарсан нь төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатайг эдийн засагчид сануулж байгаа бол Сангийн сайдын хувьд одоогоор төсөв тодотгох хэмжээнд хүрээгүй гэсэн тайлбарыг хэдэнтээ хэлсэн.
Энэ долоо хоногийн VS буландаа Монгол Улсын 2020 оны төсвийг тодотгох эсэх асуудлаар талуудын эсрэг, тэсрэг байр суурийг онцоллоо.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
Бусад орон төсвийн бодлогоо өөрчилж, зардал нэмэх чиглэл баримтлах болсон. Манай зарим хүн ч төсвийн зардлыг хасахыг шаардаж байгаа. Үүнийг Сангийн сайдын хувьд би хэзээ ч хийхгүй. Бодлого маань хэвээрээ. Агшиж байгаа эдийн засгийг улам танаад эхэлбэл цар хүрээ, хэмжээ нь хумигдах учраас өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед зарим хүний шаардаад байгаа бодлогыг хэрэгжүүлж болохгүйг дахин хэлье.
Коронавирусийн халдварын үед дэлхийн улс орнууд эдийн засгаа дэмжих үндсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна.
Нэгдүгээрт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
Хоёрдугаарт, татварын хөнгөлөлтийн бодлогоор жижиг ААН-үүдээ дэмжих
Гуравдугаарт, Мөнгөний бодлогоор ААН, бизнес эрхлэгчдээ дэмжих гэсэн дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй дээрх гурван бодлогыг бид хэрэгжүүлж байна.
Монголбанк мөнгөний бодлогын хүүг мөн арилжааны банкуудын нөөцийг бууруулсан. Эрүүл мэндийн салбараа дэмжиж улсын төсвөөс нийт 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн. Мөн Дэлхийн банкнаас 10.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж шийдэгдсэн.
Бүгд тал талдаа хичээх шаардлагатай. Хувийн хэвшлийнхэн, арилжааны банкууд аль аль нь хичээх ёстой. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд банкны салбарынханаас зээлийн хүүгээ эргэж харж үзнэ үү гэж гуйсан. Одоогоор үр дүн нь харагдаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд Сангийн сайдын хувьд би банкны салбарын реформыг хиймээр байна гэж хэлж байсан. Одоо ч гэсэн үргэжлүүлэн хиймээр байна. Алийн болгон цөөн хэдэн банкны эрх мэдэлд байх юм бэ. Гадны банкуудыг оруулах асуудлыг чөлөөтэй болгох зэрэг ажлуудыг хиймээр байна гэж удаа дараа ярьж байгаа. Дэлхийн аль ч улсад гадаадын банкууд том, жижиг нь гэлтгүй бий. Монголд банкны салбарын чөлөөтэй өрсөлдөөн байхгүйгээс зээлийн хүү өндөр байгаа.
Эдийн засагч Б.Лхагважав:
УИХ-ын харъяа байгууллагуудын гаргасан шийдвэрүүдийг Сангийн сайд нь тайлбарлаад байх шаардлага байхгүй. Засгийн газар эдийн засгаа дэмжих чиглэлд юу ч хийхгүй байна. Одоо ААН, компаниуд орлогогүй боллоо. Орлогогүй болсноор татвар төлөх боломжгүй. Татвар төлөхгүйд хүрвэл төсвийн орлого бүрдэхгүй гэсэн үг. Тийм учраас улсын төсөвт суулгасан хэрэггүй, үр ашиггүй зардлуудаа эргэж харах шаардлагатай.
Засгийн газарт эдийн засагт оролцдог институтийнхээ хийх ёстой ажлуудыг хийгээч ээ. УИХ-ын харьяанд байдаг байгууллагуудын өмнөөс ажил хийсэн нэртэй болж харагдах хэрэггүй.
Хөдөлмөрийн харилцаа бол манай нийгмийн баялгийг бүтээж буй гол зэмсэг. Компаниудын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед ажилтнуудын цалингаас суутгадаг даатгалууд дотор ажилгүйдлийн даатгал зэрэг төрөл бүрийн даатгал ордог. Эдгээр даатгалын санг онцгой энэ үед ашиглах ёстой. Нөгөө талаар үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогссон компаниудын татвар нь төлөгдөхгүй, орлого нь ч алга.
Энэ үед Засгийн газар даатгалын сангийн онцгой үүргийг нь одоо л хэрэгжүүлэх цаг нь ирээд байна. Засгийн газар өөрт оногдсон улсын төсөвтэй холбоотой асуудлыг даруй шийдэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс орнуудад парламент нь шуурхай хуралдаж хууль баталж асуудалд хандаж байна.
Холбоотой мэдээ