“Цогт тайж” киноны эх хувийг Францад сэргээн засварлажээ

Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

“Цогт тайж” киноны эх хувийг Францад сэргээн засварлажээ

1996 оноос хойш Франц улсад 140 гаруй монгол оюутан боловсрол эзэмшжээ. Мөн 40 гаруй хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судлах богино хугацааны сургалтад хамрагджээ. 2014 оны байдлаар 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаагийн 10 нь Францын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн байна. Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 онд байгуулагдсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага, судалгааг 55 дурсгалт газарт хийж, 200 гаруй олдворыг Францын тал 200 мянган еврогоор сэргээн засварлаж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд монголын дэлгэцийн сор бүтээл болох “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж, 2015 онд хүлээлгэн өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар болсон.

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулах боломжтой болж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгийн хүрээнд 10 монгол оюутныг Францад сургах тохиролцоо хэрэгжих нөхцөл бүрдэх гэнэ.

Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж