Бид уншигч та бүхэндээ өмнө нь УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо гишүүн мэргэжлийн багууд болон лигүүдээсээ 275 сая фунт шаардаж, оронд нь ирэх зун зохион байгуулагдах Евро-2020 тэмцээнийг хойшлуулах боломжтой тухай мэдээг хүргэж байсан. Өнөөдөр/2020.03.17/ УЕФА-ийн нэгдсэн хурал дээр Евро-2020 тэмцээнийг covid-19 цар тахлын улмаас 2021 онд зохион байгуулахаар боллоо.
УЕФА эхний ээлжинд ECA буюу Европын клубуудын холбоо, EL буюу Европын лигүүдийн холбоо зэрэг байгууллагуудын удирдлагуудтай уулзсан бол дараа нь Европын 55 улсын хөлбөмбөгийн холбоодтой зөвшилцөн энэхүү шийдвэрт хүрч байгаа ажээ.
УЕФА-ийн зүгээс Евро-2020 тэмцээнийг 2021 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 11-ний хооронд зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэхүү мэдээг анхлан Норвегийн хөлбөмбөгийн холбоо олон нийтэд зарлалаа.
Мөн өнөөдрийн хурал дээр Аваргуудын лиг болон Европа лигийн шигшээ тоглолтуудыг нэг сараар хойшлуулж байгаагаа зарлалаа. Тус хоёр лигийн шигшээ тоглолтууд зургадугаар сарын 24, 27-нд тус тус зохион байгуулагдана.