Тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.18-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардлаа

Тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардлаа

НЭМЭЛТ: 

Станбулаас хөөрсөн "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотын цагаар 01.30 цагт "Чингис хаан" нисэх буудалд газардлаа. Нийтдээ 252 зорчигч ирлээ. Зорчигчдын халууныг хэмжиж, гар тээшинд нь ариутгал халдваргүйжүүлэлт хийн автобусуудад суулган, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, сувилалд хүргэнэ. Нийтдээ найман автобус бэлтгэсэн юм.

Экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан. Бүрэлдэхүүнийг зорчигчдын нэгэн адил 14 хоног тусгаарлаж, эмчийн хяналтад байлгана.

                                          Тусгай үүргийн онгоц шөнийн 01:27 цагт Улаанбаатарт бууна

НЭМЭЛТ:

Улаанбаатар-Стамбул-Улаанбаатар чиглэлийн "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн нислэг Улаанбаатарт гуравдугаар сарын 19-нд шөнийн 01:27 цагт буухаар төлөвлөж байна.

Уг нислэгийн бүртгэлийн үйл ажиллагааг Москва хот дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын ажилтан Стамбул хотын нисэх буудалд ажиллаж гүйцэтгэлээ. Нисэх буудал дээр нэг ч Монгол хүн үлдээгүй бөгөөд халуунтай зорчигч гараагүй болно.

Хамтран ажиллаж тусалсан Монголын Стамбул хот дахь Консулын газар, Анкара хот дахь Элчин сайдын яамны дипломатууд мөн ХӨСҮТ-ийн ХМХА-ны эмч нартаа маш их баярлалаа.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эм, маск үйлдвэрлэх түүхий эд материал болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна гэж "МИАТ" ТӨХК-ийн зүгээс мэдээллээ.

Тусгай үүргийн онгоц Туркээс хөөрчээ

НЭМЭЛТ:

Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэг Стамбулын нисэх онгоцны буудлаас өнөөдөр 18.00 цагийн үед хөөрчээ. Улаанбаатарт шөнийн 01.00-02.00 цагийн орчимд газардах юм байна. Тусгай үүргийн онгоцонд нийт 252 зорчигч суужээ. Зорчигч дунд хүнд хагалгаанд орсон нэг хүүхэд бий. Зорчих явцад хүндрэл гарахаас сэргийлж, нэг эмчийг тусгай үүргийн нислэгт багтан явуулсан гэдгийг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийхдээ онцолсон юм.

 

Турк улсаас иргэдээ авчрахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

Турк улс дахь Монгол иргэдээ авчрахаар өнөөдөр /2020.03.18/ 06.30 цагт МИАТ компанийн агаарын хөлөг “Чингис хаан” нисэх буудлаас хөөрлөө.

Тусгай үүргийн онгоц Станбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан байна. Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

Экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтжээ. Бүрэлдэхүүнийг зорчигчдын нэгэн адил 14 хоног тусгаарлаж, эмчийн хяналтад байлгана.

Шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумих зорилгоор улс орнууд олон улсын нислэгүүдээ түр зогсоосон тул Монгол Улс эх орондоо ирэх боломжгүй болсон иргэдээ тусгай үүргийн онгоц нисгэн авчирч буй.

Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаантай, ахмад настан, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд, жирэмсэн эхчүүдийг хамгийн тэргүүнд тусгай үүргийн нислэгээр авчрах ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн өдрүүдэд БНСУ, Япон болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин хотоор дамжуулан татан тусгай үүргийн онгоцоор татан авчирсан. Нийтдээ 830 гаруй Монгол иргэн эх орондоо ирээд буй. Тэднийг “Чингис хаан” нисэх буудалд газардсан даруйд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудалд тус бүр тусгаарлан, хянаж байна. Эх орондоо ирсэн иргэдээс дөрөв нь шинэ коронавирусийн халдвар авсан болох нь шинжилгээгээр баталгаажиж, эмчилгээнд ороод буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж