Хуучирсан мэдээ: 2015.11.14-нд нийтлэгдсэн

Зөвхөн Эмүжин л,

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя, эсвэл
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торонд хоригдъё
Ер бусын араншингаар чинь
Эрх чөлөөгөө арилжъя
Хагацал мэт талын салхийг
Хань мэт үгүйлж
Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ
Хэсэгхэн дурсамж мэт нууя гэж тэрлэж чадна. Зөвхөн Эмүжин л эротик роман бичиж чадна, зориглоно. Зөвхөн Эмүжин л номынхоо нээлтийг шөнийн сарны дор хийж чадна, тэгж сэтгэнэ.

Дэндүү эрх зоргоороо, дэндүү өөрийнхөөрөө, хэзээд гал халуунаараа түүний зүрх сэтгэл, тархи оюунд хайр, эротизм, секс ямархан өнгөөр буусан бол? “Хөх сарны явдал” эротик роман бичиж байгаа гэж хэлсэн цагаас нь хойш ийн бодон тэсэн ядан хүлээсэнсэн. Роман бэлэн болжээ. Уншихад амттай, бүр дэргэдэх хүнээсээ нуум амттай, часхийсэн эд байгаа гэдэгт огтхон ч эргэлзэх юм алга. Арваннэгдүгээр сарын 06-ны яруухан үдэш, үдшийн 22 цагт “Аз хур” номын их дэлгүүрт тэр номынхоо нээлтийг даруухан, эрхэмсэг, өөр хийв. Түүнээс цөөн асуултад хариу авснаа хүргэе.

-Та бол үгийн мастер. Яруу найраг, богино өгүүллэгүүд чинь гайхалтай тансаг үг хэл, нарийн чимхлүүр мэдрэмж дүүрэн байдаг. Энэ удаад роман бичлээ. Ямар мэдрэмж төрсөн бэ?

Гайхалтай сайхан байсан. Өгүүллэгт жишээ нь асч, шатаж байгаа зүрх сэтгэлээ багтаахын тулд зохиолч өөрийгөө хязгаарт оруулах хэрэгтэй болдог. Гэтэл өгүүллэг дууссаны дараа ч гэсэн амьдрал үргэлжилсээр байдаг шүү дээ. Роман бол амьдрал мэт үргэлжлүүлж болох тийм төрөл жанр юм байна лээ.

Тэгэх тусмаа таны роман Монголын анхны эротик роман. Эротик роман бичих нь бүү хэл манайхан эротик гэж хэлэхээсээ хүртэл ичдэг бүрэг ард түмэн шүү дээ. Яагаад заавал эротик роман гэж?

“Хөх сарны явдал” бол монгол залуучуудын хайр дурлалын ертөнц рүү илгээж байгаа цоо шинэхэн галт тэрэг юм. Энэ галт тэргийг хүн болгон өөр өөрийнхөөрөө хүлээж авна. Ичихийн тухайд яагаад ичих ёстой гэж? гэж асуумаар байна. Өөрөө хаанаас үүссэнээ эхлээд бод доо. Аав ээж нь хайрлаж, дурлалцсанаас, аз жаргалтай ганцхан гал халуун хормоос та төрсөн.

Хүн төрөлхтний эхэлж болох ганцхан эс, урсаж болох ганцхан урсгал, долгион, ургаж болох цорын ганц үндэс нь эротизм, секс шүү дээ. Ийм байтал юундаа айгаад, зугтаад байгаа юм? Орчин цагийн монгол залуучууд бид энэ талаарх сэтгэхүйгээ зөв тийш нь задлах цаг нь болсон байх аа.

Яагаад? Жаахан тодруулаач?

Нүүдэлчин монголчуудын нэг гэртээ багтаж амьдардаг, үр хүүхдийнхээ дэргэд шөнийн амьдралаа үргэлжүүлдэг ахуй, сэтгэлгээ өөрчлөгдсөн. Өөрчлөгдөхдөө социалист нийгэмтэй золгосон.

Социалист нийгэм эрэгтэй эмэгтэй хүний хооронд байж болох хамгийн нандин харилцааг төмөрлөг, хэлбэрлэг, нууцлаг байдал руу оруулсан. Гэтэл энэ чинь өөрөө хүний сэтгэлийг, сэтгэл хөдлөлийг дагаж урсаж, цэцэглэж, ургаж, үндэслэж байх ёстой зүйл шүү дээ. Энэ цагийг бидэнд энэ нийгэм авчирч байна. Харин бид өөрсдөө сэрж чадахгүй байна.

“Хөх сарны явдал”-д гэмт хэргийн шинжтэй хэсэг үйл явдал өрнөж байх шиг байсан?

Амар хялбар байдлаар амьдрах гэсэн эмэгтэйчүүд хилийн чанад руу гарч, олноороо алдаж явна. Хүний наймаа, түүнээс болж хэрхэн хохирч байгаа талаар энэ романд цухасхан оруулсан. Үүнийг бичихдээ тэнгэр ширтэж сууж байгаад санаанаасаа зохиосон юм бас биш.

Бүр зорьж Эрээнд очин, мөнгө олохын тулд биеэ үнэлэх гэж яваад цаашаа худалдагдаж, Хятадын гүн рүү орж, тэндээсээ бурханы авралаар ч юм уу, хувь тавилангийн авралаар ч юм уу, магадгүй эх нутгийнх нь өршөөл байсан байх, бизнесмен залуу дагаж Хонгконгт очоод тэндээ бас л алдаж эндэн, бичиг баримт ч үгүй Монголын элчин сайдын яаманд хандаж цагаан хуудсаар эх орныхоо хилээр орж ирсэн, залуухан, 22 настай, ардаа нялх хүүхдээ үлдээгээд явсан эмэгтэйтэй уулзаж, нэлээдгүй олон удаа ярилцаж суусан. Тэр эмэгтэйн сэтгэхүйгээс энэ романд цухасхан орсон байгаа.

Монголд маш түгээмэл байгаа нэг зүйл бол эхний амьдралаа монгол залуутай эхлүүлээд бүтэлгүйтэх юм бол ихэнх нь гадаад хүнтэй сууя гэж боддог юм шиг ээ. Энэ их эмзэг асуудал.

Чиний асуулт их хөрс сайтай асуулт байна л даа. Яагаад эр хүнийг монгол эсвэл англи, америк гэж ангилах ёстой гэж. Эр хүн л бол эр хүн. Эр хүн гэдэг талаас нь хар л даа. Тэгээд л болоо. Хэрвээ англи, америк, хятад эсвэл малайз гээд ангилаад байх юм бол эр хүнийг улс үндэстнийх нь гарлаар биш магадгүй эдийн засгийн боломж, хэтэвчээр нь ангилж байгаатай адилхан хэрэг гэж би хэлнэ.

Зүгээр хар ярианд хэрэглэхдээ тэр нэгэн англи залуу, ер нь гадаад хүнтэй суучихвал би жаргана гэхчлэн илэрхийлдэг байх. Энэ нь цаагуураа монгол залуучууд ядуу байна, тийм болохоор би гадаад хүнтэй сууна гэсэн хүсэл мөрөөдөл ард нь яваад байна, тийм үү.

Тухайн эмэгтэйн өөрөө өөрөөсөө ч нуудаг, гэхдээ үнэн, далдхан нууц нь яг энэ шүү дээ. Өнөөдөр улс орон хямарсан байна, монгол залуучууд мөнгөгүй байна, цалингаа авч чадахгүй байна. Тийм учраас би монгол залуугаар яах юм, гадаад хүнтэй сууна гэсэн бодолтой эмэгтэйчүүд олон болсон нь үнэн.

Гэхдээ үүнийгээ хэтэвч, халаасны сонирхол гэж хэлэхээсээ ичдэг. Бүр өөрөөсөө ч ичдэг. Өөрөөр хэлбэл гадаад хүн илүү дээр гэдэг дөрөвхөн үгээр монгол залуучуудыг дүгнэж, том утгаараа эр хүйс гэдэг юманд аймшиггүйгээр дүн тавиад байгаа байхгүй юу.

Угтаа хань гэдэг чинь их өөр шүү дээ, хайр гэдэг чинь их өөр. Хайр гэдэг урлаг юм бол хайрлана гэдэг урлахуй байх ёстой. Үүнийг бас ойлгох хэрэгтэй юм шиг ээ.

Романаа хэдэн жил бичсэн бэ?

Өөрөө мэдэж байгаа бол “Зэрлэг алим” гээд сэтгүүлийг анх эрхлэн гаргаж байсан. Сэтгүүлдээ зориулж анх “Хөх сарны явдал” романаа бичиж эхэлсэн. Дараа нь сэтгүүлээ арилжаад романаа ч орхичихсон. Яагаад гэвэл эмэгтэй хүний хувьд энэ бол зоригтой алхаж уруудах сэдэв биш, хоёрдугаарт задалж бичихийн тулд сэтгэлзүйн хувьд маш сайн мэдлэгтэй байх хэрэгтэй байсан. Тиймээс орхичихсон байсан.

Маш олон хүн, ялангуяа олон эмэгтэйчүүд энэ романаа үргэлжлүүлж бичээч гэсэн хүслэт тавьж, тэр олон хүний хүсэлтээр үргэлжлэн бичигдэж өнөөдөр уншигчдын гар дээр очиж байна. Хэрвээ үргэлжлүүлж бичихийг миний зүрх сэтгэл хүсвэл “Хөх сарны явдал” романы дараагийн дэвтрүүд гарна. Тэнд хилийн чанадад биеэ үнэлэх зорилгоор одсон эмэгтэйчүүдийн сэтгэлзүйг нэлээн хөндөж бичнэ гэж бодож байгаа.

Эротизм гэж таныхаар юу вэ?

Дурлахуй, хайрлахуй, цэнгэхүй, өөрөө өөрөөсөө нуугдмаар тийм их шунал тачаал.

Баярлалаа, уран бүтээлийн амжилт хүсье.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж