Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire mining” компани Монгол Улсын хойд хэсэгт, Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамгийн том нүүрсний ордын хайгуулыг хийж илрүүлэн эзэмшиж буй. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, “Aspire Mining” компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Полл албан тушаалаасаа өөрчлөгдөж, бүрэн бус Гүйцэтгэх захирлаар томилогджээ. Түүний албан тушаалыг тус компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Сэм Баулс хүлээн авч, Улаанбаатарт байрлан ажиллаж эхэлсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Монголын талын хөрөнгө оруулагч Ц.Цэрэнпунцаг тус компанид 33.5 сая австрали долларын хөрөнгө оруулалт хийх амлалтаа бүрэн биелүүлж, санхүүжилтээ хийж дуусгажээ. Үүний дараа удирдлага, менежментийн багт өөрчлөлт орох шийдвэрүүд гарч, энэхүү томилгоог урьдчилан боловсруулсан байна.
“Aspire Mining” компани коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт орж байгаа, нүүрсний том төсөл буюу олон улсын ангиллын Овоотын коксжих нүүрсний ордын төсөл ("Овоот” төсөл) болон Жилчигбулаг, Мянганы нүүрсний төслүүдийг 100% эзэмшдэг. Мөн "Эх говийн чулуу” ("ЭГЧ” ХК) хамтарсан компанийн 50 хувийг, нүүрсний хайгуулын хоёр төсөл буюу Нүүрстэйн коксжих нүүрсний төсөл (Нүүрстэй), Эрдэнэбулаг Нүүрсний төсөлд (Эрдэнэбулаг) тус тус хувь эзэмшдэг аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ