Т.Төмөрбаатар: Тусгаарлалтаас гарсан нэг ч зорчигч байхгүй

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Т.Төмөрбаатар: Тусгаарлалтаас гарсан нэг ч зорчигч байхгүй

Т.Төмөрбаатар: Тусгаарлалтаас гарсан нэг ч зорчигч байхгүй

МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар өнөөдөр (2020.03.17) мэдээлэл хийлээ.

Монгол Улсын онцгой комиссийн шийдвэрээр гурван тусгай үүргийн онгоц нисэх шийдвэр гаргасан билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Буянт-Ухаа боомт дээрээс тухайн нислэгийг хүлээн авч, эрүүл мэндийн хяналт тавин ажилласан юм. Гуравдугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатарын нислэгийн явцад Буянт-Ухаа боомтын хилийн мэргэжлийн хяналтын албанаас хоёр улсын байцаагч хяналт тавин ажиллажээ. Энэ онгоц нь нийтдээ 244 зорчигчтой байснаас 10-ыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, 50 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, 184 зорчигчийг Энхсанаа сувилалд ажиглалтад тус тус шилжүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар бүх зорчигч тусгаарлалтад орсон байгаа талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэллээ. Тодруулбал, нислэгийн багийн нийт 12, мэргэжлийн хяналтын байцаагчтай нийлээд 13 хүн тусгаарлалтад оржээ.

Т.Төмөрбаатар “Манай хоёр байцаагч онцгой байдлын Жаргалантын сувилалд ажиглалтад орж, 14 хоног тусгаарлагдаж, эрүүл мэндийн шинжилгээ өгч байна. Тухайн үед “Covid 19” вирусийн халдварын шинж тэмдэгтэй хүн байхгүй байсан. Эмнэлгийн байгууллагад шилжүүлсэний дараа, эмнэлгийн байгууллагын шинжилгээний дүнгээр БНСУ-аас ирсэн хоёр зорчигч коронавирусийн халдвартай болох нь анхны шинжилгээгээр батлагдсан. Дараагийн тусгай үүргийн онгоц Берлин-Москва чиглэлд нислэг үйлдсэн. Энэ нислэг нь Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ 136 дугаарын тусгай үүргийн онгоц байсан. Энэ сарын 16-ны өдөр 07:58-д нийслэлд газардаж, нийт 231 зорчигч ирсэн. Бүх иргэн тусгаарлалтад шилжсэн. Ажиглалтад авах шаардлагатай 47 иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн. 186 зорчигчийг “Амар” зочид буудалд шилжүүлсэн байгаа. Нислэгийн багийн 9 хүн “Амар” зочид буудалд тусгаарлагдаад байгаа юм.

Гадуур “Зорчигчдыг тусгаарлаагүй” гэсэн ташаа мэдээлэл цацагдаж байна. Бүх зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад байгууллагууд хамтраад тусгаарлалтад оруулсан. Манай байцаагч нарыг үзлэг хийх явцад Берлин-Москвагийн нислэгээр ирсэн нэг зорчигчид халуурсан шинж тэмдэг илэрсэн. Эхний шинжилгээгээр биеийн халуун нь 37,5 хэм, давтан шинжилгээгээр 37,6 хэмтэй байсан. Эрүүл мэндийн хуудас дээрээ халуунтай, хоолой өвдсөн шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэсэн, мөн байцаагчийн үзлэгээр халуунтай байсан учраас яаралтай түргэн тусламжид дуудлага өгч, ХӨСҮТ-д шилжүүлж өгсөн.

Тухайн үед байцаагчид халуунтай байсныг нь илрүүлсэн. ХӨСҮТ-д өгсөн шинжилгээний дүнгээр коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Хоёр нислэгээр ирсэн 3 иргэний халдварын тохиолдол батлагдан, тусгаарлалт, ажиглалтад авсан. Иймд ард иргэдэд хандаж хэлэхэд, тусгаарлалтаас нэг ч иргэн гадуур гараагүй. Бид хяналтдаа аван ажиллаж байна.

Токио-Улаанбаатар чиглэлийн, 256 зорчигчтой ОМ-520 онгоц гуравдугаар сарын 16-ны өдөр 20:53 цагт ирсэн. ирсэн. Үүнээс 25 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д, 56 зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт, 53 зорчигчийг “Park hotel”-д, 76 зорчигчийг “Наранбулаг”, 46 зорчигчийг онцгой байдлын Жаргалантын сувилалд тусгаарлан ажиглалтад авсан. Мөн нислэгийн багийг онцгой байдлын ерөнхий газрын сувилалд тусгаарласан. Энэ онгоцонд халдвар хамгааллын дэглэмийн дагуу нислэгийг хэрхэн үйлдэх чиглэл өгч ажилласан.

Үзлэг хийсэн ажилчид болон онгоцны үйлчлэгч нар халдвар хамгааллын нэгдүгээр зэргийн хувцсаа өмссөн байсан. Нислэгийн явцад бүх зорчигч амны хаалтаа хоёр цаг тутамд сольж зорчсон. Мөн Сөүлийн нислэгийн цаг бага байсан тул зорчигчид хооронд харилцаа үүсгэхгүйн тулд  хоол, ундаар хангаагүй.

Берлин-Москва чиглэлийн онгоцонд бүх үйлчлэгч нэгдүгээр зэргийн хамгааллын хувцас өмсөж нислэгийн турш зааварчилгаа өгч үйлчилсэн. Бүх үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдсан. Өнөөдрийн байдлаар гурван нислэгээр ирсэн бүх зорчигч тусгаарлалтад орсон. Ямар нэгэн байдлаар тусгаарлалтаас гарсан тохиолдол байхгүй. Цаашид хяналтад шилжүүлсэн учраас үйл ажиллагааг ХӨСҮТ, ЭМЯ-ны хяналтад орж эмчилгээ болон тусгаарлалтыг үйл ажиллагаа хариуцан ажиллана.

Г.ЭНЭБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж