ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

ТАВАНТОЛГОЙ БА Х.БАТТУЛГЫН УЛС ТӨР

Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд 71 хэргийг хянаад шүүхэд шилжүүлжээ. Тэдэн дунд М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт нарын “хэргүүд”-ийг ч багтааж. “Хэргүүд” гэдгээ хашилтад хийсэн маань “хэрэгтнүүд”-эд оноосон яллах дүгнэлт нь С.Баярын жиргэсэнчлэн дэндүү зохиомол ичмээр учраас.

Хууль хүчнийхэн зарим нэгийг нь "ачна" гэж айлгаж, сүрдүүлж байгаа гэх. Манай хуулийнхан Вышинскийн онолыг практик дээр ашиглахдаа тун гаргууд. Ц.Нямдоржийн цагдаа нар, Х.Баттулгын прокурорууд шүү дээ.

М.Энхсайханыг Тавантолгойн төсөл дээр ажилласных нь төлөө прокуророос буруутгаж буй. Шүүхэд хэргийг нь шилжүүлсэн прокурорын яллах дүгнэлтэд  эдийн засгийг хорлон сүйтгэсэн гэх “хэрэг” дээр  автомашины “хэрэг” нэмсэн нь Н.Энхбаярын үед У.Хүрэлсүх казино тоглосон асуудлаар шүүхэд буруутгагдаж, "пургоноор" ял авдаг шиг процесс өрнөж магадгүй хардлага бол бий. "Энэ улсыг эхнэр чинь удирдаад байна уу, чи удирдаад байна уу” гэж хэлснийхээ төлөө У.Хүрэлсүх Н.Энхбаярын хорхойтой араанд зуугдсан шиг М.Энхсайхан Гашуунсухайтын төмөр замын булхайг илчилж, овоолсон шорооны "нууц"-ыг тайлсныхаа төлөө Х.Баттулгын гол дайснуудын нэг болсон.

С.Баяр, С.Баярцогт хоёрыг олон мянган монгол хүнийг ажлын байраар хангаж, олон зуун компанийг орлоготой болгосон Оюутолгой төслийг хөдөлгөсний төлөө прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг нь шилжүүлжээ. Оюутолгойн гэрээг боловсруулсан нь тэд болохоос баталсан нь УИХ өөрөө. Хэрэвзээ УИХ-ын гаргасан шийдвэр болгоны өмнөөс хэн нэгэн ял үүрнэ гэвэл Тавантолгойг хөдөлгөх улс төрийн шийдвэр олгосон парламентын тогтоолын өмнөөс У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр хэзээ нэгэн цагт яллагдаж мэднэ. Түүх давтагддаг гэдэг шүү дээ.

Харин Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ болон “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсны төлөө Монголын цагдаа нар “эрэн сурвалжлаад” удаж байна. Монголын хилээр орж ирэнгүүт баривчлах тушаалыг бүр дээрээс, аль эрт өгснийг АТГ-аас зарласан. Гэтэл “Оюутолгой” нь өнгөрсөн 2019 онд 321 сая ам.долларыг татвар хураамжид төлж, 838 мянган ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллажээ. Тус компаниас Монголын 14 мянган иргэн шууд цалинждаг.

Яг өнөөдрийн өнцгөөс харвал хэрэвзээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санүүжилтийн төлөвлөгөөг батлаагүй бол дэлхий даяар гамшиг нүүрлэсэн энэ хүнд цаг үед Монгол Улс хоёр гараа өргөөд бууж өгөх байж. Монголын эдийн засаг хоёр сарын хил хориог даах хэмжээний томорчээ гэж Б.Болдсайхан эмчийн жиргэсэн үнэн. Дээр нь Тавантолгойгоо гацаагаагүй бол  Монгол Улс “жил бүр эдийн засгаа 3 тэрбум 600 сая доллараар тэлсэн шигээ суух байсан”-ыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “G-цаг” нийтлэлдээ дурдсан байна лээ.

Тавантолгойн дажин дахиад л ширүүсч байна. Энэ удаад З.Энхболдын эсрэг Х.Баттулга “нумаа нуугаад сумаа тавьж” эхэлснийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “Өдрийн сонин”-д өгсөн жижигхэн боловч том “агуулга”-тай ярилцлагаас нь уншигдав.

А.Гансүх хэдийгээр З.Энхболдыг илтэд буруутгаж чадалгүй хоёр үзүүртэй тайлбар хэлснээс харвал өөрийг нь төмөр замын хэргээр хууль, хяналтынхан шалгах үед өмөөрч байсан үеийг нь дурссан ч биз. Ажилгүй хэцүүдэж явах үед нь А.Гансүхийг З.Энхболд хажуудаа татаж, УИХ-ын даргын зөвлөх болгож байсан удаатай.  Тиймээс өөхөнд ороож, ороож шидсэн А.Гансүхийн үгийг хашир улстөрчийн хувьд З.Энхболд хаанаас, хэний өгсөн "даалгавар" болохыг нь гадарлаж байгаа нь лав. Тэгээд ч насаараа Х.Баттулгын Тамгын газрын дарга хэвээр явах "жижиг" хүн З.Энхболд биш ээ.

З.Энхболд дарга мэлзсэн үү, эсвэл А.Гансүх матсан уу, бүү мэд. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үгээр бол З.Энхболд Тавантолгойн талаарх ҮАБЗ -ийн зөвлөмжийг мэдэж байсан, бүр “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарахыг дэмжиж байсан бололтой юм. Гэтэл яагаад гэнэт АН-ын дарга С.Эрдэнэд зөвлөсөн шигээ Тавантолгойгоор улс төр хийгээд эхэлсэн нь АН-ыг бодсондоо биш байх. Мэдээж, Л.Наранбаатарын хэлсэн “эрх ашиг” хэн, хэнд нь байж таараа. Тэгээд ч А.Гансүхийн тайлбараар Тавантолгойг хөдөлнөх хүн нь Х.Баттулга болохыг далдуур хийгээд З. Энхболдод тун аятайхнаар ойлгуулахыг оролджээ. Тэгэхээр нь өмнө хамтдаа Тавантолгойг гацааж байсан тэд энэ удаа эрх ашиг салснаар Х.Баттулга ба З.Энхболд хоёрын хэн ялар нь ирэр 2021 оны сонгуулиас өмнө тодорхой болчих ч биз.

Д.Сумъяабазар сайд З.Энхболдод хаягласан жиргээндээ төмөр замын төслүүд давхар зогсохыг олон тэмдэгттэй анхааруулсан нь өнөөх Л.Наранбаатарын гаргаж тавьсан баримтууд бас чиг худлаа биш болохыг нотлов. Салбарын сайд “тэмээ ярьж байхад ямаа ярихгүй” нь бүр тодорхой.

Тэр тусмаа З.Энхболдыг хаа хамаагүй төмөр замаар "дарамтлах" тэнэг хүн Д.Сумъяабазар биш. Тэгэхээр Зүүнбаянгийн төмөр зам нь Монголд биш З.Энхболдод ашигтай байсан нь эдийн засагч Л.Наранбаатарын мэдээлэл болон Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын жиргээнээс харагдаж байна. Энэ бүгд яван явсаар олсны үзүүрт үхэр байдаг гэгч л болж байх шиг.

 Тавантолгойн хувьчлалыг З.Энхболд улайран эсэргүүцэж буй энэ үед  “Страто” гэрээгээ биелүүлээгүйн улмаас хамтарч ажиллахгүй болохыг “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Ганхуяг илэрхийлэв. Хэдийгээр З.Энхболд "Страто" надтай хамаагүй гэх тайлбар өгдөг ч "Эрдэнэс Тавантолгой"-н захирлын шийдвэрээс харахад огт хамааралгүй компани ч бас биш аж. Тиймээс л түүнийг дуугүй байлгахын тулд "Страто"-д эхний ээлжид анхааруулга өгч буй нь энэ биз.

ҮАБЗ-ын даргын үгийг дамжуулсан А.Гансүхэд экс Тамгын газрын даргын өгсөн хариулт нь “Би ҮАБЗ-ийн саналын эрхгүй гишүүн байсан. Тэнд ярьсан юм бүгд тэмдэглэл дотор байгаа. Өнөөдөр А.Гансүх ярилцлага өгсөн байна. З.Энхболд дарга дэмжиж байсан ч гэх шиг. Би дэмжээгүй, тэр протоколоо 100 хувь ил болгоорой. Зөвхөн миний хэлсэн үгийг биш. Тэгэхээр уур амьсгал ойлгогдоно".

Тэгэхээр Х.Баттулга, З.Энхболд гэх хоёр хүний нөхөрлөл Тавантолгойдээр цэглэгдэж буй нь харин бүгдэд ойлгомжтой болжээ.

Нацистууд эхлээд коммунистуудыг баривчиллаа, би коммунист биш учраас дуугарсангүй. Дараа нь үйлдвэрчний эвлэлийнхнийг барихад би гишүүн нь биш учир чимээгүй л байлаа. Дараа нь еврейчүүдийн ээлж ирэхэд би еврей биш учир огт эсэргүүцээгүй. Эцэст нь тэд намайг баривчлахад тэднийг эсэргүүцэж чадах хэн ч үлдээгүй байлаа" гэгчээр намынхаа нэртэй зүстэй болгоныг Х.Баттулгатай хамжаад “хэрэг тохож”, хэлмэгдүүлж явсан гэж буруутгагддаг З.Энхболдыг өнөөдрийн ҮАБЗ-ийн "сумнаас" өмөөрч, хамгаалах хүн С.Эрдэнээс өөр АН-д бий болов уу?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
21
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж