АТГ-аас Улсын онцгой комисс болон холбогдох бусад байгууллагуудад “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх хандивын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах зөвлөмж хүргүүлсэн байна. Тус байгууллагаас компаниудаас хандив авах нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй гэдгийг анхааруулжээ.
Хандивын асуудлаар АТГ-аас гаргасан зөвлөмжид дурдсанаар:
Аймаг, сумдын онцгой комисс, төрийн байгууллагуудын “Ковид-19” вирусийн халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд зориулж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хандив өгөх ажил идэвхтэй өрнөж байна. Авлигатай тэмцэх газар энэхүү үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулах талаар Улсын онцгой комисс болон холбогдох бусад байгууллагуудад зөвлөмж хүргүүлж байгаа билээ. Энэ удаад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах зөвлөмжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2020.03.12-ны өдөр хүргүүллээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хандив авсан талаар олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хуудсаар мэдээлэгдэж байна. Тухайлбал, тус газар нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Содон фүүдс” ХХК-иас” бүтээгдэхүүний дээж, мөн сарын 11-ний өдөр “KFC” брендийн хамт олноос 10 сая төгрөгийн иж бүрдэл бүхий хамгаалах хэрэгсэл хандивт авчээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албаны хэрэгцээнд албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулсан.
Дэлхий нийтэд онц эрсдэл учруулж буй “Ковид-19” халдварын тархалт ихэсч, түүнтэй тэмцэхэд төсөв, санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч байгаа боловч үйл ажиллагаанд нь төрийн хяналт шалгалт хэрэгжүүлдэг байгууллагаасаа хандив авч байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлийг бий болгож байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь дээрх хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг мөрдөж ажиллаагүй байна. Түүнчлэн мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байгаа этгээдийн хувиар “KFC” брендийн маркетингийн үйл ажиллагаанд оролцсон гэж үзэж байна.
Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдах бөгөөд жишээ нь цаашид “KFC” нийтийн хоолны үйлчилгээний газрын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хяналт шалгалт явуулахад эрх зүйн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үүсч болзошгүй байна.
Иймд Авлигатай тэмцэх газраас байгалийн аюулт үзэгдэл, осол, гоц халдварт өвчин зэрэг гамшгийн нөхцөл байдлын үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс хандив, тусламж хүлээн авахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг чанд мөрдөх, хандив, тусламж, түүний зарцуулалтыг ил тод, нээлттэй мэдээлэх чиглэлээр харьяа байгууллагуудын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Мэргэжлийн ерөнхий хяналтын газрын дарга, Нийслэлийн Засаг дарга нарт мэдэгдлээ.
Б.ЦЭЦЭГ