"Малчид маань баян чинээлэг байх нь Монголын дархлаа"

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

"Малчид маань баян чинээлэг байх нь Монголын дархлаа"

"Малчид маань баян чинээлэг байх нь Монголын дархлаа"

Чинээлэг дундаж давхрагыг бий болгох хамгийн боломжтой нийгмийн бүлэг бол малчид. Малчид баян чинээлэг болсноор ядуурал, бэлчээрийн доройтол, хот руу чиглэсэн их нүүдэл, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгэмд тулгамдаад буй олон асуудлыг шийдээд зогсохгүй төрийн тогтолцоо ч сайжирна. “Чинээлэг малчин” хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд буй 170 мянган малчин өрх чинээлэг дундаж давхаргад багтаж, малчин бүр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч болох боломжтой. Энэ тухай “Чинээлэг малчин” хөтөлбөрийн санаачлагч Л.Одсэртэй ярилцлаа. Тэрбээр “Монголчууд мал аж ахуйгаасаа уул уурхайгаас дутуугүй мөнгө олох боломжтой” хэмээн яриагаа эхэлсэн юм.

-“Чинээлэг малчин” хөтөлбөрийн зүгээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт саналаа хүргүүлээд байна. Танай хөтөлбөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт албан ёсоор тусгагдана гэж ойлгож болох уу? 

-Манай хөтөлбөр яагаад Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдах ёстой юм бэ гэвэл үнэт зүйл, Үзэл баримтлалд нь нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын суурь үнэт зүйл, Үзэл баримтлалд тусгагдсан хувь хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг дэмжих зорилтуудтай бидний зорилго нэгдэж байна. Тиймээс “Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын зүгээс Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн.

Монгол Улсын нийт хүн амын 30 орчим хувийг ядуу иргэд эзэлдэг гэсэн статистик бий. Тэгвэл тэр ядуу 30 хувьд нь малчин өрх жин дарж байна. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг малчин өрх эзэлдэг хэрнээ тэдний эрхэлж буй үйл ажиллагаа эдийн засгийн арав хүрэхгүй хувийг л бүрдүүлж байна. Тэгэхээр энэ бол нийгмийн захиалга гэж хэлж болохуйц хөтөлбөр юм. Улс төрийн намын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгах ёстой хөтөлбөр мөн. Хувь хүний хөгжил, орлогын эх үүсвэр, эрүүл мэнд, боловсролын асуудал давхар шийдэгдэх учраас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн бодлогод тусгагдах  ёстой.

“Чинээлэг малчин” хөтөлбөр өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн. Хэрэгжилтийн явцад энэ хөтөлбөр бол хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн байсан нь харагдсан.  Өөрөөр хэлбэл, орон нутагт ажиллаж, амьдарч буй иргэд, малчид маань мухардалд орчихсон байж л дээ. Малчдад өөрсдөд нь үнэт капитал нь байгаа. Гэтэл тэр капитал болсон мал сүргээ хэрхэн оновчтой эдийн засгийн эргэлтэд оруулах,  амьдралын чанараа хэрхэн дээшлүүлэх, яавал малчин өрхүүд чинээлэг дундаж давхаргад багтах юм гэдгээ мэдэлгүй төөрөгдчихсөн, гарцаа олохгүй мухардалд орчихсон байна. Энэ хэрэгцээ шаардлагыг олж харсан учраас хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн юм. Бид одоогийн байдлаар Говьсүмбэр аймгийг загвар болгон хөгжүүлэхээр зориод ажиллаж байна. Үндсэндээ Говьсүмбэр аймгийн гурав, бусад аймгийн 20 орчим суманд хөтөлбөрийнхөө танилцуулгыг хийж, малчидтай уулзаж, сургалт зохион байгуулсан.

-Хөтөлбөр орон даяар хэрэгжсэнээр малчдын амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэхээс гадна нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Эдийн засгийн үр өгөөжөөс гадна нийгэмд ч ач холбогдолтой хөтөлбөр байх нь?

-Бид уул уурхайтай 30 жил ноцолдлоо. Эдийн засгаа төрөлжүүлнэ, солонгоруулна гэж олон ч жил ярилаа. Уул уурхайн багахан орлого дээр 30 жил зодолдлоо. Үр дүн нь хаана байгаа юм. Эрдэс баялгийн нөөц бол дуусч, дундардаг зүйл. Дэлхийн зах зээл дээрх ханшийн зөрүүнд Монголын эдийн засаг дагаж савлаад л байж байна. Ганц салбараас хэт хамааралтай байхын эрсдэл нь энэ. Тэгвэл Монгол Улсын эдийн засагт уул уурхайгаас дутуугүй жин дарах салбар бол яах аргагүй хөдөө аж ахуйн салбар. Тэр тусмаа мал аж ахуй.  Газар тариалан, мал аж ахуйн салбараас уул уурхайгаас дутуугүй орлогыг улсын төсөвт бүрдүүлэх боломжтой. Мал аж ахуйн салбар бол дундаршгүй баялаг. Хэдэн зуунаар уламжилж ирсэн бэлчээрийн мал аж ахуйгаасаа өнөөдөр Монголын нийт хүн амын 50 хувь нь хамааралтай амьдарч байна. Гэтэл төр засаг нь буруу бодлоготой малчид нь өөрсдийнхөө хөдөлмөрийг бодитоор үнэлдэггүй энэ байдал цаашид үргэлжлэх ёсгүй.  Малчин өрх бүр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болох ёстой. Ингэж байж малчдын, малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Орлого нэмэгдсэнээр дагаад нийгмийн суурь асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой. Бид өнгөрсөн хугацаанд хэт ерөнхий асуудалд хандаж, түүнийгээ шийдвэрлэх гэж удаашралтай явж ирлээ. Яг үнэндээ иргэдийн орлого нэмэгдэхгүйгээр, амьдралын чанар, суурь үзүүлэлтүүд сайжрахгүйгээр бусад асуудлыг шийдэх боломжгүй. Малчдын амьжиргаа сайжирснаар Улаанбаатарын утаа хүртэл буурна гэдгийг бид бодож үзсэн болов уу. Үгүй байх. Нийгэмд тулгамдсан  олон асуудал үндсэндээ малчны хотноос эхлэлтэй. Хот руу чиглэсэн их нүүдэл, ажилгүйдэл, ядуурал, Улаанбаатарын агаарын бохирдол, боловсролын салбарын гажуудал, гадагш чиглэсэн ажиллах хүч гээд олон асуудал бие биенээсээ хамааралтай. Тиймээс малчид баяжих ёстой. Нийгмийн чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх шаардлагатай. Ужиг болсон хандлага, сэтгэхүйгээ бид өөрчлөх цаг нь болсон.

-Малчид хоттой хонио шууд бизнес гэж харахгүй. Олон мянган жилийн турш уламжилсан нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуйтай энэ хөтөлбөр яаж уялдах юм бэ?

-Жирийн малчин өрх эрхэлж буй аж ахуйгаараа орлогоо нэмэгдүүлж, тэрбумтан болох боломжтой. Монголд байгаа 170 мянган малчин өрхийн маш цөөн хувь нь бизнесийн зарчмаар ажилласан байх. Бусад нь “мал дагавал ам тосдоно”, “малын буян” гэх зэргээр амьжиргаа залгуулах төдий тэр сэтгэхүйгээсээ салж чадаагүй байгаа нь үнэн. Хэдэн мянган жилийн турш хувь, хувийнхаа хэрэгцээг хангах, амьжиргааны хэрэгсэл болгож ирсэн тэр дадал, сэтгэхүй нь өнөөдөр ч хэвээр. Хэдийгээр ардчиллын үр шимээр малчид хувьдаа өмч, хөрөнгөтэй, хувийн малтай болсон ч ашигтай байлгах хувилбараа мэдэхгүй, аж ахуй удирдах сэтгэхүй, хандлага суулгүйгээр өнөөг хүрчихжээ. Бид үүнийг л өөрчлөхийг зорьж байна. Нэг малчин өрх мянга хүрэхгүй толгой малаар жилдээ 200-300 сая төгрөг олох боломжтой. Өөрөөр хэлбэл, малчид тооны араас хөөцөлдөх биш сүргийнхээ бүтцийг сайжруулж, чанарт анхаарснаар цаг хугацаагаа ч хэмнэнэ, ашиг орлого ч нэмэгдэнэ, хөдөлмөр ч хөнгөвчилнө. Өнөөдөр 2000-3000 толгой малтай хүн бүх амьдралаа, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаагаа малдаа зориулсан байна. Малчид малынхаа “боол” нь болчихож. Хүн бүл цөөтэй айл бол бүр ч хэцүү. Тэгсэн хэрнээ бүгд “Мянгат” гэсэн ганц хуудас цаасны араас явдаг. За яахав, 2000 малтай өрх байлаа гэхэд  хотод нэг өрөө байр авсан байж мэдэх юм. Үүнийгээ болж байна гэж боддог. Гэтэл яг үнэндээ “мянгат” боллоо гээд тухайн малчин өрхийн амьдралын чанар, амжиргаанд бодит ахиц, дэвшил гарсан уу гэвэл үгүй. Тиймээс л бид малчдын үйл ажиллагаанд багахан менежмент хийж, бизнесийн зарчмыг ойлгуулахыг зорьж байна. Малчин өрхийн амьдралд бодит өөрчлөлт гарах ёстой. Манай хөтөлбөрийн зүгээс бизнесийн энгийн үйл ажиллагааг л малчдад санал болгож байгаа юм. Наад зах нь өдөрт 500 хонь услах, 1000 хонь услах ялгаатай байх нь ойлгомжтой. Сайхан амьдрахын тулд заавал хэдэн мянгаар тоологдох малтай байх албагүй. Энгийн хэрэгцээгээ хангахад мянган хонь хэрэггүй. Хамгийн гол нь сүргийн бүтцээ сайжруулж, малынхаа чанарт анхаарах нь чухал. Нөгөөтэйгүүр малын тоо толгойг дагаж байгаль орчны асуудал ч яригдах болсон. Малчид отор нүүдэл хийж хэдэн зуун км газар нүүж байна. Ирээдүйд хүн бүр “мянгат” болвол Монгол Улсын бэлчээрийн даац хүрэлцэхгүй. Малын тоог бууруулж, чанарт нь анхаарснаар олон асуудал шийдэгдэнэ. “Чинээлэг малчин” хөтөлбөр уламжлалт нүүдлийн соёл, бэлчээрийн мал аж ахуй дээрээ түшиглэж хэрэгжинэ. Бэлчээрийг устгах гэж байгаа юм биш. Хэдэн мянган жил өвлөгдсөн соёл, уламжлалынхаа эсрэг юу ч хийхгүй.

-“Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн гаргасан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?

– Бид хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд сүүлийн таван жилийн турш судалгаа хийсэн. Манай мал аж ахуйн салбарын гол асуудал тэжээл. Хэдийгээр бэлчээр байгаа ч хүрэлцээ муутайгаас болоод мал аж ахуйн салбарын хөгжил, дэвшил, орлого гээд бүх ажил доголдчихдог. Малын тоо толгой сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдсэн. Гэтэл нөгөө талд нь бэлчээрийн асуудал бий. Тиймээс ч бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд инноваци шингэсэн бүтээгдэхүүн гаргах зорилгоор ХААИС-тай хамтарч ажилласан юм. Гаргаж авсан тэжээлээ ХААИС-ийн био технологийн хүрээлэнтэй хамтарч 100 хурган дээр амжилттай туршиж, хэрэглээнд нэвтрүүлсэн. 2019 онд Говьсүмбэр аймгийн малчидтай хамтарч туршилт хийсэн. Энэ онд хурга нийлүүлж эхэлсэн.

-Хөтөлбөрийнхөө талаар анх ярихад малчид яаж хүлээж авсан бэ. Магадгүй нийгмийн хандлага, сэтгэхүйг өөрчилнө гэдэг хугацаа шаардсан ажил болов уу?

-Би ч гэсэн анх яг тэгж бодож байлаа. Гэтэл малчид маш соргогоор хүлээж авсан. Тэдэнд  хэрэгцээ, шаардлага байсан учраас уулзалт, сургалт бүр заал дүүрэн хүнтэй болж байв.  Гар утас нь дуугарахад, хүүхэд нь уйлсан ч гэсэн малчид маань анхааралтай сонсч байсан шүү. Би Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нутагтаа 67 мянган мод тарьсан. Тухайн үед Говьсүмбэр аймгийн хэмжээнд 5000 мод л байсан. Говьд мод тарилаа, галзуу, солиотой гэх зэргээр хүмүүс янз бүрээр л дайрч, давшилж байсан. Гэтэл өөрсдийнх нь тарьсан мод сайхан ургаад ирэхээр арчилж, тордох, хамгаалах хандлага суудаг юм билээ. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн тухайд ч ялгаагүй. Аймгийнхаа малчин өрх бүрээр орж, уулзаж, ярилцахад эсэргүүцэх нь байсан ч дэмжсэн нь олон байсан. Яг өөрт нь хэрэгтэй зүйл ярихаар хэн ч үгүй гэдэггүй. Аливаа ажлыг эхлүүлэхийн тулд ямар нэгэн хөшүүрэг хэрэгтэй. Харин түүнийгээ ямар өнцгөөс, яаж хүргэх вэ гэдэг нь чухал. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хөшүүрэг бол “Малчны хотноос дэлхийн тэрбумтан”. Малчин бүхэн өөрсдийгөө үйлдвэрлэгч, аж ахуй, бизнес эрхлэгч гэж ойлгоод, өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлээд, ашиг орлого нь нэмэгдээд ирвэл хандлага, сэтгэхүй нь аяндаа өөрчлөгдөнө. Заавал малтайгаа банкны барьцаанд орох шаардлагагүй. Манай хөтөлбөрт малчдаас гадна аймаг, сумын төв дээр байгаа ажилгүй иргэд маш ихээр хандаж байна. Энэ хөтөлбөр орон даяар оновчтой бөгөөд амжилттай хэрэгжихийн тулд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдах ёстой. Хууль эрх зүйн хүрээнд хийх зохицуулалтууд ч бий. Цаашилбал, боловсролын салбарт шийдвэрлэвэл зохих ажлууд ч байгаа. Жишээ нь, хэрэгцээтэй ажил, мэргэжлийн жагсаалтад малын эмч, зоотехникч зэрэг энэ салбарын нарийн мэргэжлүүдийг багтаах ёстой. Суманд нэг мэргэжлийн хүн зайлшгүй хэрэгтэй шүү дээ. Бүгд заавал хуульч, эдийн засагч болох шаардлагагүй. Ирээдүйд био технологи, хөдөө аж ахуйн чадварлаг мэргэжилтнүүдийг Монгол Улс олноор бэлтгэх хэрэгтэй. Шинжлэх ухааны мэдлэгтэй, чадварлаг залуус бидний ирээдүй. Түүний тулд бүгд нэг мэргэжил рүү хошуурч болохгүй. Яриад байвал олон зүйл бий. Ямартай ч “Чинээлэг малчин” хөтөлбөр бол Монгол орон даяар зайлшгүй хэрэгжих шаардлагатай гэдгийг л хэлж чадах байна. Нүүдэлчин соёлоороо ялгарсан малчид маань баян чинээлэг байх нь Монголын дархлаа юм даа.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж