Залуу репперүүд "Надад хамаагүй" видеоноос олсон мөнгөө УОК-т хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

Залуу репперүүд "Надад хамаагүй" видеоноос олсон мөнгөө УОК-т хандивлалаа

Залуу репперүүд "Надад хамаагүй" видеоноос олсон мөнгөө УОК-т хандивлалаа

Монголын хип хоп хөгжмийн залуу үеийн төлөөлөл болсон залуус “Урлаг Монголд хөгжихийн төлөө” уриатайгаар хөгжмийн ертөнцөд салхи хагалж, шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирсэн. Өөр өөрсдийн гэсэн өвөрмөц өнгө төрх, стиль имижийг бүрдүүлсэн реппер Roockie , 168 , Pacrap, Don dior , Wolfizm, Loce нарыг сонсогчид нь андахгүй биз ээ. Тэд энэ сарын 9-нд “Надад хамаагүй” хэмээх шинэ уран бүтээлээ Youtube-д байршуулж, нэг үзэлт бүрийг гурван төгрөгөөр үнэлжээ. Энэхүү клипийг цацсанаас хойш 222.447 хүнд хүрч, долоо хоногийн хугацаанд сонсогчдоос нэг сая төгрөг цугласан байна. Уг мөнгийг өнөөдөр /2020.03.17/ реппер залуус Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа.

Дэлхий нийтээр цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн эсрэг тэд ийнхүү нэгдэж, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болох зорилгоор ийнхүү сайн үйлсийн аянд нэгджээ.

ЗАЛУУС  НИЙГЭМД ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРЧ ЧАДНА

Реппер Pacrap буюу Х.УНДРАХ: 

-“Надад хамаагүй” дуугаараа бид залуусын “надад хамаагүй” гэх хандлагыг өөрчлөх аян эхлүүлсэн. Дууныхаа нэг үзэлтийг гурван төгрөгөөр үнэлж, долоо хоногт цугласан сая төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газарт хандивлалаа. Энэхүү хандивыг нийт сонсогчид маань өгч байгаа юм. Хэдийгээр бага хэмжээний мөнгө ч гэлээ, бидний сэтгэлийн хандив бөгөөд залуустаа зөв үлгэр дууриалал үзүүлэхийг зорилоо.

Реппер Локи буюу Г.ЭНХТҮВШИН: 

-Бид сонсогчдоосоо цугласан мөнгөө өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хандивлаж байна. “Надад хамаагүй” аянаар залуусын хандлагыг өөрчлөхийг зорьж байгаа юм. Монголын ирээдүйг залуус авч явах учраас бид зөв хандлагатай байж эвтэй хүчтэй байцгаая гэж уриалъя.

Реппер 168 буюу Х.ТЭНГИС

-“Надад хамаагүй” аянаар бид залуусын хандлагыг өөрчлөх зорилготой. Ер нь залуус бидний хийж буй үйлдэл зөв эерэг хандлагатай байж чадвал маш том өөрчлөлт авчирч чадна. Энэ утгаараа бид шинэ уран бүтээлээ “Надад хамаагүй” гэж нэрлэсэн билээ. Залуусын нийгэмд авчирч буй өөрчлөлт нь эерэг байгаасай.

Тэдний энэхүү дуу нь “Надад хамаагүй” хэмээх залуусын аяны эхлэл болж байгаагаараа онцлогтой. Аяны хувьд цаашдаа олон уран бүтээлч, нийгэмд нөлөөлөгч залуусын  дуу хоолойгоор дамжуулан залуу үеэ идэвхтэй, нийгмийн оролцоотой, өөрсдийн үзэл бодол, сонголттой байхыг уриалан ажиллах юм байна.

Өнөөдрийн байдлаар Улсын онцгой байдлын комиссын дансанд нийт 360 гаруй аж ахуй нэгж байгууллагаас нэг тэрбум 300 сая төгрөгийн хандив цуглажээ. Мөн 20 гаруй аж ахуй нэгж иргэнээс 390 сая төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн хандивлажээ.Хандивт цугласан тусламжийг  цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, эмнэлгийн ажилчдад хэрэгтэй тусламжийг хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
209
ЗөвЗөв
16
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж