БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан

БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны эмийн жорыг авсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.17/-ийн ээлжит цаг үеийн мэдээллээ хийж байна. Монгол Улсын гурван иргэн болох 30-60 насны гурван эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан юм. Мөн Франц улсын иргэний сэтгэл санаа өндөр, биеийн байдал нь хэвийн байгааг албаныхан хэллээ.


ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-2020 оны гуравдугаар сарын 10-нд батлагдсан коронавирусийн халдвартай Франц иргэнтэй ойрын хавьтлын 88 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ингэснээр түүнтэй ойр байсан хүмүүсийн биеийн байдал хэвийн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан,  тусгаарлах арга хэмжээ үргэлжилж байгаа. Мөн Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлын тандалт судалгаа үргэлжилж байна.

Мөн 2020 оны гуравдугаар сарын 16-ны БНСУ-аас ирж, тусгаарлагдсан хоёр, Франц улсаас дамжин  ирсэн нэг иргэнээс коронавирус /Covid-19/ илэрсэн.

ХӨСҮТ-д дээрх гурван батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарлаж, шинжилгээ хийж, 61 хүнээс коронавирус илрээгүй бөгөөд бусад хүмүүсийг шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Мөн гаднаас ирсэн иргэдийг бүгдийг нь  ажиглалт, тусгаарлалтад аваад ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуураар авсан онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээний хариу гаргаж үзлээ. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Энэ оношлуур бидэнд байгаа нь ажил хөнгөлж байна. Шинээр онош батлагдсан тохиолдлууд гурвуулаа эмэгтэй 37, 50-60 гаран насныхан байгаа. Үүнд онцгой анхаарч эмчилгээ, хяналт эхэлсэн. Франц иргэний биеийн байдал, сэтгэл санаа өөдрөг байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ /ЭМЯ/ ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар дэлхийн 164 оронд тархсан байна. Шинээр 14 оронд өвчлөл нэмэгдсэн. Европын орнуудад буюу Норвеги, Итали, Испани, Дани, АНУ, Итали, ХБНГУ, Францад өвчлөл өндөр тархацтай хэвээрээ байна.

Монгол Улсад өчигдөр /2020.03.16/ шинээр коронавирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр зорчигч, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг эмэгтэйд илэрсэн.

Бүх хавьтлыг авч тусгаарлан тандалт шинжилгээ хийж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд өвчлөл өндөртэй газраас ирсэн учраас эрсдэл өндөртэй гэж тооцоолж байсан. Тиймээс ирсэн зорчигчид бүгд маск зүүн хоол хүнс идээгүй, өөр хоорондоо яриагүй. Тиймээс тархвар судлалын хувьд эрсдэл багатай. БНСУ-аас ирсэн хоёр тохиолдол тус улсын эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Тиймээс эмнэлгээр явахаас илүүтэй утсаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг анхааруулж байна. Эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн утаснууд ажиллаж байгаа. Яаран эмнэлэгт хандах нь өөрийгөө эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг анхааруулъя. Гараа сайн угаа, дархлаагаа сайн дэмжиж, тайван байж, унтаж амрахыг ЭМЯ-аас цуврал зөвлөмжүүдээрээ хүргэж байгаа.

ЭМЯ-НЫ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ГАЗРЫН ДАРГА Я.БУЯНЖАРГАЛ:

-Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ улсын хэмжээнд 2239 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 1330 иргэн байна. Өнгөрсөн хугацаанд 293 сэжигтэй тохиолдлыг бүртгэж шинжилгээ хийсэн. Онош батлагдсан дөрвөн  тохиолдол байна.

Токио-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 256 зорчигч ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байсан 63 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, өвчний голомтоос ирсэн иргэдийн ХӨСҮТ-д , бусад иргэдийг тусгаарлалтын байруудад хуваарилан ажиглалтад авсан. Берлин-Москва Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231 иргэн ирсэн.

Шаардлагатай иргэдийг  ХӨСҮТ-д тусгаарласан. Диализийн аппаратад орох шаардлагатай нэг иргэнийг Цэргийн төв эмнэлэгт аван, бусдыг “Амар” зочид буудалд ажиглалтад авсан. Хилийн боомтуудаар олон улс дамжсан хүмүүс их ирж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Баян-Өлгий аймгийн Цагааннуур  боомтуудаар Австрали, Тайланд, Турк, Энэтхэг, БНСУ, Япон, Филиппин, Хонгконг, Канад Франц, Унгар Итали,  АНУ, Индонез зэрэг улсаар дамжиж орж ирсэн бүх хүнийг тусгаарлаж байна.

Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж, тухайн эмнэлэгт байсан 570 орыг бусад эмнэлгүүд рүү шилжүүлсэн. Эмч нарынхаа эрүүл мэндийн байдлыг ч мөн сайн сахиж байгаа. БНХАУ-аас уламжлалт анагаах ухааны чиглэлээр хэрэглэж байгаа эмийн жорыг бид өчигдөр авсан. Бид энэ чиглэлээр заавраа батлуулсан.

КОРОНАВИРУС  НЬ ШИНЭ ХАЛДВАРТ ӨВЧИН УЧРААС БИД БҮХ ЗҮЙЛД 100 ХУВИЙН БАТАЛГАА ӨГЧ ЧАДАХГҮЙ

Мэдээллийн төгсгөлд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тусгай үүргийн гурван онгоцоор ирсэн зорчигчид болон нислэгийн багийн бүх хүмүүсийг тусгаарлаж байна. Халдвар тархсан улс орнуудаас иргэдээ авчрах үед хүмүүст өвчний шинж тэмдэг илэрсэн, халуурсан хүмүүс ч байсан. Бид ийм зүйл болно гэдгийг тооцоолж, урьдчилан сэргийлэх ажилд бэлтгэлтэй байсан учраас халуурсан иргэдийг хатуу хяналтад байлгаж, онгоцноос буухад нь тусгаарлан ажиглалтад авсан. Энэхүү үйл ажиллагаанд оролцсон бүх байгууллагын хүмүүсийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаж байна.

Эмнэлгийн байгууллагын ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэл, мөн ДЭМБ-ын өгч байгаа зөвлөмжийн дагуу бүрэн хангасан. Коронавирус  нь шинэ халдварт өвчин учраас бид бүх зүйлд 100 хувийн баталгаа өгч чадахгүй. Эхний онгоцоор ирсэн хүмүүсийг нэг дор, дараагийн онгоцоор ирсэн хүмүүсийг өөр байранд гэхчлэн тусгаарлаж байгаа гэдгийг энд хэлмээр байна. Мөн үүнээс гадна Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирж байгаа хүмүүсийг хянах үүрэг Эрүүл мэндийн байгууллагад байдаггүй, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагад байдаг” гэв.

 

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Monday, March 16, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж