Цагаан ордон хүмүүсийг ирэх 15 өдрийн турш 10 болон түүнээс олноороо цугларахыг хориглож, халдварын аюул хэдэн ч сар үргэлжилж магадгүйг анхаарууллаа. Цагаан ордны зүгээс өчигдөр/2020.03.16/ хүмүүст өгсөн зөвлөмжид хоолны газар, уушийн газар, ресторан зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг дурджээ. Энэ зөвлөмжийг дагахад Нью-Йорк, Иллинойс зэрэг нийтийн үйлчилгээг хязгаарлан, авч явах, хүргэж өгөх байдлаар үйлчилж буй мужуудад асуудалгүй юм. Мөн вирусийн халдвар хамгийн хүнд тусах эрсдэлтэй өндөр настнуудыг гэрээсээ огт гарахгүй, хүмүүсээс зайгаа барихыг сануулжээ.
Ерөнхийлөгч Трамп вакцины туршилт эхэлсэн ч америкчуудын амьдрал долоо, эсвэл наймдугаар сар хүртэл эргэн хэвийн байдалдаа орохгүй, үүнээс ч удаж магадгүй хэмээн ярьсан байна.
АНУ даяар коронавирусийн халдвараас болж олон бизнес нурж, зогсонги байдалд орж, эдийн засгаар хямрахын хажуугаар сургуулиуд хаагдан сурагчид сургуулийн хямд хоол идэх боломжгүй болсноор айлуудын хүнсний төсөвт хүндрэл үүсч байна. Мөн эмнэлгүүд өвчинтэй тэмцэхийн тулд зарим мэс заслын өрөөг өвчтөн тусгаарлах өрөө болгон бэлдэж эхэлжээ. Тэр ч байтугай Сиэтлийн зарим эмнэлгүүд ихэнх мэс заслуудаа нэг сараар хойшлуулжээ.
Хилээ хаах эсэхийг Трампаас асуухад тэрбээр энэ талаар шийдвэр гараагүй байгаа ч удирдлагын түвшинд зөвлөлдөж байна хэмээн хариулсан аж. Мөн тэрбээр Охайо зэрэг зарим мужид санал хураалт зургадугаар сар хүртэл хойшилсныг мэдэгдээд, бусад мужууд санал хураалтаа хойшлуулах эсэхээ өөрсдөө шийднэ хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: RT