"Цар тахлыг буцаах" хурал номын үр дүн сайнаар гарна

Хуучирсан мэдээ: 2020.03.17-нд нийтлэгдсэн

"Цар тахлыг буцаах" хурал номын үр дүн сайнаар гарна

"Цар тахлыг буцаах" хурал номын үр дүн сайнаар гарна

"Гандантэгчэнлин хийдэд /2020.03.15/ Монголын бүх хутагт хувилгаад нэгдэж "Балданлхам  сахиусны Мам туган"  буюу “Цар тахлыг буцаах” хурал номын зан үйл үйлдсэн билээ. Тус үйл ажиллагаанд энгийн иргэдийг хамруулаагүй бөгөөд нэр бүхий телевизүүд шууд дамжуулсан юм.

“Цар тахлыг буцаах” шашны номын хурлын  ач холбогдлын талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодрууллаа.


ДАЯН ДЭЛХИЙН АМАР АМГАЛАНГИЙН ТӨЛӨӨ ЭНЭ ЗАЛБИРЛЫГ ҮЙЛДСЭН

-Гандантэгчэнлин хийд өнгөрсөн Ням гаригт цах тахлыг буцаах том ном хурсан. Ийм ном яагаад унших болов. Балданлхаам бурханы Мам номыг хурсны ач холбогдол юу вэ?

-Монголчууд эртнээс хошуу нутаг, олон хүн цугласан хот суурин орчимд халуун ханиад, хижиг өвчин, цар тахал гарсан тохиолдолд Балданлхам бурханы Мам туган номыг хурж ирсэн түүхэн уламжлалтай. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламын зарлигаар Богд багшийн Гандан лаврингаас санаачлан Гандантэгчэнлин хийдийн жасаас хэрэглэл болох балин дором, тахилын эд зүйлийг бэлдэж, нийтийн сайн сайхны төлөө хурсан хурал сайхан болж өндөрлөсөн.

Тус номыг хурахдаа Их хүрээ Гандантэгчэнлин хийдийн гол Ядам Ямагдаг, номын сахиус Балданлхам бурхны бясалгал бүтээлийг хоцроолгүй үйлдсэн лам хуврагууд хурах ёстой учраас Гандантэгчэнлин хийдийн салбар дацан сургуулиуд, сүм дугануудын хамба, хурлын номын үүрэгт ажилтай нийт 200 гаруй лам нар бясалгал үйлдсэн. Үүнээс гадна Монгол оронд байгаа бүх хувилгаан хутагт Монголын нийт ард түмэн болоод даян дэлхийн хүн зоны төлөө бясалгал үйлдсэн нь онцлох үйл явдал байлаа. Ер нь халдварт өвчин Хятад улсад гарснаас хойш Гандантэгчэнлин хийдийн зүгээс Мам Туган номыг хэд хэдэн удаа хурсан. Мам Туган номыг анхлан өвлийн эхэн сард нэгэн удаа дэлгэрэнгүй хурсан ба цөөн хэдэн лам нар Гандан лавринд үйлдсэн.

Энэ удаа нийт лам, хувилгаад хутагтууд оролцож дэлгэрэнгүй хурсан юм. Сүсэгтэн олны төлөөлөл зарим нэгэн зан үйлийг үйлдүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс Нийслэлийн онцгой байдлын Ерөнхий газар, Улсын Онцгой комисс, сүсэгтний төлөөлөл гэсэн гурван хүнийг нийт ард иргэдийг төлөөлүүлж хуралд оруулсан.

Гандантэгчэнлин хийд төр захиргааны гаргасан шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон учраас хурлын үеэр сүсэгтэн олныг хуралд оруулаагүй. Бид төрийн хийж байгаа ажил болон гаргаж байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллахыг хичээж байгааг онцлох нь зөв байх. Хурлын үеэр зөвхөн лам хувраг, үүрэг авсан дацангуудын харьяа лам нарыг оруулсан бөгөөд хурлын үйл явцыг Гандантэгчэнлин хийдийн цахим хуудас болон нэр бүхий телевизээр шууд дамжуулсан. Хилийн чанадад байгаа монголчууд болон  сүсэгтэн олон ихээр даган баяссан. Улс орон даяар шууд дамжуулсан учраас сүсэгтэн олон бүх нийтээр буян хураалаа гэж бид үзэж байгаа.

Бид уг арга хэмээг санаачлахдаа бүх нийтийн залбирал буюу нийтийн буян хураах хурал номыг хийх зорилготой байсан. Зорилгодоо ч амжилттай хүрсэн. Эртнээс Монгол Улсыг номт гурван улсын нэг хэмээн нэрлэж ирсэн. Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн учраас дэлхий нийтэд тархаад байгаа халдварт өвчин цаашдаа олон хүнд битгий халдварлаасай хэмээн даян дэлхийн амар амгалангийн төлөө энэ залбирлыг үйлдсэн гэдгийг онцлох ёстой.

Энэ номыг өмнө нь ийм олон лам нар уншиж байсан уу?

2010-2011 онд Сарс нэрээр Монголд тархаж байсан тахал болох H1N1 вирусийн тархалтын үед Есдүгээр Богд багшийн зарлигаар Гандантэгчэнлин хийд нэг сарын турш Мам Туган номыг хурсан байдаг. Үүнээс хойш хураангуй хэлбэрээр уншсаар ирсэн.

Дэлгэрэнгүй хурах гэдэг нь бурханд өргөж байгаа балин дором, тахилын эд зүйл, уншлага бясалгалыг дэлгэрэнгүй үйлдэхийг хэлж байгаа юм. Тэр болгон хэрэглэл бүгдийг ийм дэлгэр бэлтгэх боломж тааруухан байдаг учир хураангуйлж хурдаг уламжлал гарсан.

Тэргүүн хамба лам хурлыг гадаалсны дараа лам нарт “Хурлын шинж тэмдэг сайнаар гарлаа. Хурал хурсны үр дүн сайнаар гарах юм байна” хэмээн айлдсан. Бидний хувьд Монгол Улсад нэг ч хүн өвдөлгүй эрүүл саруул байх, цаашлаад дэлхий дахинд амар тайван эрүүл саруул байхыг даатгаж залбирсан.

БИ ГЭХ ҮЗЛЭЭС АНГИЖИРЧ, БИД ГЭСЭН СЭТГЭЛЭЭР ХАНДВАЛ ЭНЭ ӨВЧНИЙГ ДАВАН ГАРЧ ЧАДНА

-Лам нар ном хураад халдварт өвчнийг эдгээх, цаашлаад тархалтыг зогсоох боломжгүй гэх шүүмжлэл хэлдэг хүмүүс цөөнгүй. Нөгөө талаар хүмүүс сэжгээр өвдөг сүжгээр эдгэрдэг гэх нь бий?

 -Зовлон бэрхшээл, аз жаргалын шалтгааныг би өөрөө бүтээнэ, хэн нэгэн бүтээгч эзэн бүгдийг шийдэж байдаг гэдэгт тэр болгон автдаггүй, итгэдэггүй. Аливаа юманд учир шалтгааны үүднээс хандаж, үнэхээрийн аврал, үнэн сургаалд итгэдэг учраас монголчуудыг номтой улс гэдэг. Тиймээс монголчууд юмс үзэгдлийн мөн чанар, харилцан хамааралтай, шүтэн барилдаж оршдог гэдгийг тунгааж мэдсэн чин сүжгээр асуудалд ханддаг тунгалаг сүжигтэй хүмүүс юм. Үүнд л номын хүч оршино.

Тиймээс нийтээр үйлдсэн сайн үйлийн үр дүн маш чухал. Мөн нийтээр үйлдсэн хилэнц ч бас хүчтэй. Мам Туган номыг хурахдаа дэлхийн улс орнууд энх тайван байх, аюулт өвчнийг дахин гаргахгүйн төлөө залбирсны үр дүнд гарцаагүй нийтээрээ сайн буян хурааж байгаа гэж бодож байна.

Тиймээс бүх нийтээрээ үйлдсэн сайн үйлийн үр дүн эерэг байх нь мэдээж. Яг энэ цаг үед Дээрхийн гэгээнтэн Далай лам багш болоод манай Тэргүүн их Хамба лам тэргүүтэй дээдэс гэгээнтнүүд бүх нийтээрээ сүжиг их, хичээх хэрэгтэй хэмээн айлдаж байна. Энэ нь улс гүрэн хийгээд хувь хүмүүс аливаа зүйлд ганцхан би өөрөө сайн сайхан амьдрах ёстой гэх үзлээс ангижирч, бид гэсэн сэтгэлээр хандаж чадвал энэ өвчнийг даван гарч чадна гэсэн үг. Бусдыг гэх сэтгэлийг бүх нийтээрээ эрхэмлэх хэрэгтэй гэдгийг Гандантэгчэнлин хийдээс уриалж байгааг энд онцолмоор байна.

-Халдварт өвчнөөс хамгаалах үрлийг төрийн алба хаагчдад тарааж дууссан гэсэн. Сүсэгтэн олонд тарааж байгаа юу?

Гандэнтэгчэнлин хийдийн дээдэс лам хуврагуудын шийдвэрээр өвчний халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүст хүргэе гэж анхнаасаа зорьсон. Тэдгээр зорьсон хүмүүст хангалттай хүрсэн. Үрэлд есөн төрлийн эмийн түүхий эд орсноос гадна номын хүч шингээж бүтээл бясалгалыг тусгай лам нар аравнайлсан учраас элдэв өвчин, зовлон, хэл амнаас сэргийлэх зэрэг олон ач тустай юм. Одоо харин үрэл авахыг хүссэн сүсэгтэн олны хэрэгцээг хангах үүднээс шат дараалалтай үйлдвэрлэх гэж хичээж байна.

-Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаж байгаа шүү дээ. Иргэд ном уншсан уншаагүйг нь хэрхэн мэдэх боломжтой вэ?

Албан ёсны хариуг айлтгал хариуцсан хүмүүс мессеж болон мэйл хаягаар илгээж байгаа. Нэгэнт сүсэгтэн ном айлтгасан бол түүнийг гарцаагүй хурах нь лам хуврагуудын үүрэг. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч гэсэн олон дацанд хурлыг хариуцсан уншаач, хурлын зан үйлийг үйлдээч, түүний тахил балин бэлтгэгч гэхчилэн олон хүн үүргээ аваад ажиллаж байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
366
ТэнэглэлТэнэглэл
49
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж