Коронавирус. Тийм ээ, ингэж хэлэнгүүт та өөрийн эрхгүй анхаарлаа хандуулж байна уу? Мэдээж энэ бол маш сонор сэрэмжтэй байх цаг үе. Гэхдээ хаашаа л харна энэ өвчний талаар албаны мэдээлэл, сэрэмжлүүлэг, анхааруулга, янз бүрийн эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй албан бус мэдээллүүд таны сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж болзошгүй.
Энэхүү аймшигт цар тахлын үед сэтгэл зүйгээ эрүүл авч үлдэхэд тань туслах Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан зөвлөгөөг хүргэе. Эдгээр зөвлөгөөг та гараа сайтар савандаж угаангаа эргэцүүлэн бодоорой.
-МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖАА НЯГТАЛ-
Бидний эргэн тойронд маш олон мэдээлэл хөвөрч байна. Үүнээс аль нь чухам үнэн зөв, цаг үеэ мэдэрсэн мэдээлэл дамжуулж байна вэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Үүний тулд:
- Өөртөө итгэж буй цөөн эх сурвалжийг хайж олоод хадгал. Ингэхийн тулд олон улсын болон улсынхаа албан ёсны эрүүл мэндийн байгууллагын мэдээг аль болох сонсоорой.
- Мэдээллийн шинэчлэлийн давтамжийг багасгах. Мэдээж бүх тоо баримт цаг, минутаар өөрчлөгдөж байна. Гэхдээ тэр болгоныг харж өөрийгөө хямраах хэрэггүй. Хэрэв хар салхи болж байвал та аль болох мэдээллийг хурдан шуурхай, олон давтамжтай хүлээн авах хэрэгтэй. Гэвч коронавирус бол хар салхи биш.
- Цахим хэрэглээндээ хяналт тавь. Энэ тийм ч хялбар биш л дээ. Гэхдээ та цаг тутам төрөл бүрийн мэдээлэл нийтлэгдэж байдаг бүлгэм, гарсан мэдээ бүрийг шэйрлэж, хуваалцдаг зарим “ядаргаатай” найзуудаасаа салах цаг болж.
-АЙДСАА ТОДОРХОЙЛ-
Тайвшраад яг юу таныг айлгаад байна вэ гэдгийг бодож үз. Та коронавирус тусаад үхнэ гэхээс айж байна уу? Үхэл бол хүний үндсэн айдсуудын нэг. Гэхдээ энэ айдас чинь хэр бодитой вэ? Та үнэхээр тийм эрсдэлтэй нөхцөл байдалд байна уу гэдгийг дахин тунгааж үзээрэй. Хүмүүс ихэнхдээ ямар нэгэн зүйл тохиолдох магадлалыг хэтрүүлэн үнэлчихээд түүнийг шийдвэрлэх аргынхаа талаар бодолгүй орхичихоод байдаг. Өөрийгөө айдаст автуулж суухын оронд өвдөхгүйн тулд, ойр дотныхоо хүмүүсийг хэрхэн хамгаалах талаар, итгэл найдвараа алдахгүй байх талаар бод. Хүн өөрийнхөө төсөөлснөөс ч илүү бэрхшээлийг даван туулах чадвартай байдаг шүү.
-ДЭМЖЛЭГ ХАЙ. ГЭХДЭЭ УХААЛГААР ХАЙ-
Найз нөхөдтэйгөө ч юм уу, ажлын хамт олонтойгоо нөгөө л коронавирусийн дэгдэлтийн талаар, эсвэл хамгийн сүүлд бүртгэгдсэн тохиолдлуудын талаар, таны гэр бүлийнхэн эрсдэлд орох вий гэх утгатай зүйлс ярьж байна уу? Тэгэх хэрэггүй. Та нарыг ярьсан яриагүй бүх зүйл жамаараа болно. Харин үүнээс өмнө энэ талаар ярьж сэтгэлээ чилээх хэрэггүй. Өөртэйгөө ижил айдаст автсан хүнтэй ярих хэрэггүй. Харин үүний оронд таны сэтгэл зүйг дэмжих, түгшүүрийг тань арилгах, бодит зөвлөгөө өгөх чадвартай хүмүүстэй ярилцаарай.
-ӨӨРИЙН ҮНДСЭН ХЭРЭГЦЭЭНДЭЭ АНХААРЛАА ХАНДУУЛ-
Товчоор хэлбэл, өөрийн эрүүл саруул байх үндсэн хэрэгцээгээ марттал цаг тутамд коронавирусийн талаар бодох хэрэггүй. Үүний оронд таныг эрүүл, эрч хүчтэй байлгах зүйлсийг хий. Тухайлбал, сайн унтаж амрах, зөв зохистой хооллох, агаар салхинд алхах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэт. Мөн бясалгал, йог хийх нь таны оюун санааг ухамсарт байдал руу хөтөлж, хийсвэр айдсыг мартахад тусалдаг. Байнгын санаа зовнил нь таны дархлааг унагаж, та өөрийгөө эрсдэл рүү түлхэж байна гэсэн үг юм.
-САНАА ЗОВСОНЫХОО ТӨЛӨӨ БҮҮ ӨӨРИЙГӨӨ БҮҮ ШҮҮМЖИЛ-
Мэдээж айх хэрэгтэй. Ингэж байж хүний аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах инстинкт ажиллаж эхэлнэ. Хүн бүрт ямар нэгэн айдас байдаг. Хамгийн чухал зүйл нь айдсаа ухамсарлаж, ойлгох явдал юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг эрэмбэлэх гэсэн үг юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ