2016 оны төсвийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.13-нд нийтлэгдсэн

2016 оны төсвийн хуулийг баталлаа

2016 оны төсвийн хуулийг баталлаа

19.10 цаг

УИХ Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 92.7 хувийн саналаар баталлаа.

Ингэснээр 2016 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын дээд хэмжээ 7.013.9 их наяд төгрөг байхаар, нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 7.954.4 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн юм. Алдагдлыг ДНБ-ийн 3.4 хувьтай тэнцүүллээ.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хэд, хэдэн агентлагийг татан буулгаж, нэгтгэхээр оруулж ирсэн. Эдгээрээс УИХ Гаалийн ерөнхий газрыг Татварын ерөнхий газартай нэгтгэх шийдвэр гаргалаа. Мөн Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэж, Хууль зүйн эрхлэх сайдын хүрээнд болгов.

Төсвийн хуулийг хэлэлцэх шатанд Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд өгч болохгүй, УИХ-ын харьяанд байх ёстой гэсэн асуудал хөндөгдөж, гишүүдээр санал хураалгасан ч олонхийн дэмжлэг хүлээгээгүй. Эл асуудлыг засахыг оролдсон ч төсвийн гурав дугаар хэлэлцүүлгийн шатанд засах боломж байсангүй, дээрх газрууд нэгдэж УИХ-ын харьяанд бус Хууль зүйн сайдын харьяанд ажиллах болж байна.

Харин улс төрийн албан тушаалтнуудын цалинг нь 10 хувь бууруулах Засгийн газрын бодлогыг УИХ хүлээж авсангүй. Ингэснээр гишүүдийн туслахууд цомхотголд өртөхөөргүй боллоо.

Мөн 2016 оны наймдугаар сарын 1-нээс эхэлж Засгийн газар 9 яамтай ажиллах Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө төсөл санаачлагчид буцаан татсанаар эл асуудал Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэхээр болж байна.


Сайд нар хэдийг зарцуулах вэ?

18.32 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж дуусгаснаар дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжээд байна.

Төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийх шатанд ирэх онд сайд нарын зарцуулах төсвийг дараах байдлаар баталлаа. Үүнд

1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум

2.УИХ-ын дарга 18.637 тэрбум

3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая

4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум

5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум

6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая

7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум

8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум

9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум

10. Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум

11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум

12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая

13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум

14.Ерөнхий сайд 99.630 тэрбум

15.Шадар сайд 110.1 тэрбум

16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум

17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум

18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум

19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум

20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум

21.Зам тээврийн сайд  242.6 тэрбум

22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум

23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум

24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум

25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум

26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум

27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум

28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум

29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум

30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум

31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.

Мөн 2016 онд Төсвийн тогтворжуулалтын санд 8 тэрбум 904 сая төгрөг төвлөрүүлэхээр батлаад байна.

Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 


Хайртай, хайртай гээд туйлж болохгүй

17.30 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дах хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхэнд шүүмжлэлтэй хандлаа. Тэрээр “Цалингийн санг хасахаар цалин хасагдахгүй юу. Нийгмийн даатгалын сангийн мөнгөөр баахан байшин барьж, засвар хийгээд, машин аваад байх нь. Хямрал болоод байхад ингэж болж буй юм уу С.Эрдэнэ ээ. Би чамд хайртай, тийм учраас хэлж байна. Архангай аймгийн Хайрхан суманд нэг хүнд зориулаад байшин барьчихсан байгаа, 1.3 тэрбум төгрөг суулгасан. Манай Хөвсгөл аймгийн ахмадууд байшингийн гадуур хайс барьж өг гэж хэлээгүй л юм билээ. Яагаад ингээд байдаг юм гэхээр Ардчилсан намынхан “Наадах чинь тусгай хүн. Намын даргатай л ярих ёстой” гэдэг. Хайртай, хайртай гэхэд Нийгмийн даатгалын мөнгөөр ингэж туйлж болохгүй” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Хуучин явж байгаа обьект үргэлжилж байгаа.

Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Цалингийн сан гэдэг бол урсгал зардлын нэг төрөл. Багш, цагдаа, шүүгчийн цалинг 10 хувиар бууруулах гэдгийг аваад үлдсэн. Бусад зардлаасаа хэмнээч ээ гэдэг юм л байгаа. Барилгын тухайд Сүхбаатар дүүрэгт 2015 онд эхэлсэн нэг барилга бий. Ар талдаа их засвар гэж байгаа. Өөр материал тараачихав уу. Бусад нь тоног төхөөрөмж, парк шинэчилнэ л гэсэн юм байгаа. Засварын тоног төхөөрөмжийг нь юу яаж өгөхгүй бол болохгүй биз дээ. Шинээр эхлэх байшинг хассан” гэсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Төсвийн цалингийн санг багасгахаар цомхотгол хийх юм байна. Хэчнээн хүн цомхотгох вэ. Ард түмэн ажилгүй болохоос айж байна. бага цалинтай байх хамаагүй цомхотгуузай гэж байна. ажилгүй болохоос айгаад зарим нь биеэ шатааж байна. Ингэж болж байгаа юм уу”.

Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Урсгал зардал дотроо цалинг зохицуулах боломжтой”.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Чингэлтэй дүүрэгт явган хүний байгууламжид 1.4 тэрбум төгрөг суулгаж болсон хэрнээ Сонгинохайрхан дүүрэгт хоёр цэцэрлэгийн өргөтгөлд 900 сая төгрөг нэмж болно доо. Шударга бус байна шүү” гэлээ.

Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.


Төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

16.20

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 62.7 хувийн саналаар дэмжин баталлаа.

Хуулийн төслийг батлахын өмнө нэр бүхий гишүүд Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт хандан төсвийн зардлыг нэмж ачаалал үүсгэлээ хэмээн шүүмжилсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Ажлын хэсэг төсвийн зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр хасах санал оруулж ирэхэд гишүүд 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэх санал гаргаж, УИХ-аар баталсан. Цалинг бууруулах санал мөн дэмжигдээгүй. Ажлын хэсэг зардлыг бууруулж байсан, УИХ, байнгын хороодоор төсвийг хэлэлцэх шатанд зардал өссөн” гэдэг тайлбар хийлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна.


2016 оны Мөнгөний бодлогыг баталлаа

15.30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр баталлаа.

Уг бодлого батлагдсанаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж зээлийн хүүг бууруулах ёстой. Энэ асуудлыг эдийн засгийн аргаар бууруулах бололцоогүй, тодорхой үүрэг өгч ажиллах ёстой гэж үзсэнийг гишүүд дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулахад мөн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл түүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.

Г.ДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж